2015 онд кластер тэсрэх бөмбөг 400 гаруй хүний аминд хүрчээ
Кластер тэсрэх бөмбөгтэй тэмцэх олон улсын эвсэл "Сири болон дэлхийн дайнтай бүсүүдэд 2015 онд кластер /задардаг багц бөмбөг/ тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд 400 гаруй хүн өртөн амь үрэгдсэн” гэж мэдэгдлээ.
Тус эвслээс пүрэв гарагт гаргасан тайланд "кластер тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өнгөрсөн онд 417 хүн өртөн амь үрэгдсэн. Амь үрэгдсэн хүмүүсийн гуравны нэг гаруй нь хүүхэд байсан” гэж дурджээ.
2015 онд Сирид ийм төрлийн бөмбөг 248 хүний аминд хүрсэн ба Оросын арми болон Сирийн засгийн газрын цэргүүд үүнийг ашиглаж байв.
Мөн Йеменд 104 болон Украинд 19 хүн задардаг бөмбөгөнд өртөн амиа алджээ.
Нэг кластер бөмбөгнөөс хэдэн зуун жижиг тэсрэх бөмбөг задарч, өргөн хэмжээний талбайд дэлбэрдэг юм. Зарим бөмбөг нь дэлбэрэхгүй байх тохиолдол ч бий. Ийм бөмбөгнүүдийн дэлбэрсэн байршлыг тогтоож, цэвэрлэн устгах нь амаргүй байдаг учир дайн байлдаан дууссанаас бүр хойно тэдгээр нь дэлбэрч олон хүнийг хөнөөж, шархдуулдаг байна.
Кластер бөмбөг ашиглахыг 2010 оноос хэрэгжиж эхэлсэн олон улсын гэрээгээр хориглосон байдаг юм. Энэ гэрээнд 118 улс гарын үсэг зурсан бол зарим улс, тухайлбал АНУ, ОХУ болон Израиль гарын үсэг зураагүй байна.
Кластер бөмбөг ашиглаж байгааг ТББ-ууд эрс зэмлэн буруушааж, ийм бөмбөг ашиглахаа зогсоохыг уриалж байна.