О.Мөнгөншагай: Сонгуулийн хууль зөрчсөн нь илэрвэл дахин сонгууль болохоос өөр аргагүй
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга О.Мөнгөншагайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2016 оны 11-р сарын 03-ны өдөр АН-ын нэр бүхий удирдлагууд СБД-ийн 7-р тойрогт санал хураах хайрцагнаас 300 гаруй саналын хуудас илүү гарсан тухай мэдээлэл хийсэн. Энэ талаар СБД-ийн МАН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
-Саяхан болж өнгөрсөн ДИТХ-ын сонгуультай холбоотой маргаан танай дүүрэгт гарлаа. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс Сүхбаатар дүүргийн 7-р хорооны санал авах хайрцагнаас илүү саналын хуудас гарсан тухай мэдээлсэн. Эсрэг намын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-2016 оны ДИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН-16, АН-19 суудал авсан. Зарим тойргууд дээр ирц хүрээгүй учраас дахин сонгууль явагдсан. Сонгуулийн дүнгийн тухайд эргэлзээтэй зүйлүүд гараад байгаа учраас МАН, АН хоёр гомдол гаргаад явж байгаа. Манай дүүрэгт АН ялалт байгуулсан ч зургаан тойрогт зөрчил илэрсэн учраас цагдаа шүүхийн байгууллага, сонгуулийн хороонд гомдол гаргаад шалгуулж байна. АН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машинаас зөрчил илэрсэн талаар мэдээлэл өгсөн. Энэ зөрчлийг бид өмнө нь мэдсэн байсан. Гэсэн ч яаран мэдэгдэл хийгээгүй. Аливаа зөрчил тодорхой үндэслэлтэй, нотлох баримттай байх ёстой. Бид СБД-ийн санал авах 20 байранд байсан машины диск дээрх бичлэгийг шалгасан, зурган файлтай тулгаж үзлээ. Энэ шалгалтын үр дүнд нилээд олон тойрог дээр зөрчил илэрсэн.
–Аль аль тойрогт зөрчил илрэв. АН-ынхан 7-р тойргийг зөрчилтэй гэж яриад байсан шүү дээ?
-Тухайлбал СБД-ийн 1-р тойргийн 1948-р хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс СХД-ийн УИХ-ын 75-р тойрогт өгсөн 658 ширхэг саналын хуудас, СБД-ийн 2-р тойргийн 1950 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын УИХ-ын 38-р тойргийн 363 ширхэг саналын хуудас, СБД-ийн 3-р тойргийн 1952-р хэсгийн төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын УИХ-ын 39-р тойргийн 1372 ширхэг саналын хуудас, СБД-ийн 7-р тойргийн 1958 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын УИХ-ын 38-р тойргийн 334 ширхэг саналын хуудас, СБД-ийн 16-р тойргийн 1979 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Увс аймгийн Наранбулаг сумын УИХ-ын 32-дугаар тойргийн 532 ширхэг саналын хуудас тус тус гарсан. СБД-ийн 14-р тойргийн 1975, 1976 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжийн СД-ний бичлэг хоосон байсан зэрэг зөрчил гарлаа.
-Яагаад Увс, Хөвсгөл, СХД-т УИХ-аар өгсөн саналын хуудас СБД-ийн ИТХ-ын саналын хайрцганд орсон байна вэ, ийм зөрчил өмнө нь гарч байсан уу?
-Өмнө нь сонгуулийн дараа янз бүрийн зөрчил маргаан гардаг ч энэ удаагийнх шиг зөрчил гарсныг мэдэхгүй байна. Нотлох баримтуудыг гомдлын хамт СЕХ-нд шалгуулахаар өгсөн. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ч бас шалгуулахаар өгсөн байгаа.
АН-ынхан зөвхөн 7-р тойргоос зөрчил гарсан мэтээр мэдээлэл хийсэн. Үнэндээ бол зургаан тойргийн санал авах машинаас зөрчил гарсан. Нийтдээ манай дүүрэг дээр 3259 ширхэг зөрчилтэй саналын хуудас илэрлээ.
-Тэгэхээр 3259 зөрчилтэй санал сонгогчдын сонголтонд шууд нөлөөлөх нь ээ. Энэ тоо нийт санал өгсөн хүмүүсийн тоонд орчихсон гэсэн үг үү?
-Үүнийг СЕХ-ноос шалгаж нотлох байх аа.
-ДИТХ-д ялсан хүмүүс түр үнэмлэхээ авчихсан шүү дээ. Шалгах ёстой байгууллагууд нь шалгаад зөрчилтэй нь нотлогдвол хүмүүсийн түр үнэмлэх хүчингүй болно гэсэн үгүү?
-Үнэхээрийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц, сонгуулийн дүнг шууд өөрчлөх зөрчил илэрвэл дахин сонгууль болохоос өөр аргагүй. Яагаад гэвэл сонгогчдын санал бодитойгоор гарч ирсэнгүй.
Сэтгэгдэл байхгүй байна.