Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцжээ
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан асуудлыг судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны "Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.
Тус төв нь дотоод журамдаа иргэд, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар заасан бөгөөд төлбөрт үйлчилгээг байгууллагын дотоод журмаар зохицуулсныг хянан үзэхэд АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдаас баталсан нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглох журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, "Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.