Эрэлтийн хууль эвгүйдвэл...
Д.ОЮУНЧИМЭГ
Валютын ханш чангарч байгаа нь макро эдийн засагт хэдийд нөлөөлөх вэ, хэн хохирох вэ хэмээн олон нийт хэлэлцэж байна. Гэхдээ ам.долларын ханшийн огцом өсөлт юунаас болсон бэ гэдэг нь чухал. Мэдээж аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш эрэлт, нийлүүлтээс хамааралтай. Харин энэ удаагийн ам.долларын ханшийн өсөлт эрэлтээс шалтгаалсан гэдгийг хүмүүс хэлж байгаа юм. Тэгвэл эрэлт нь хоёр агуулгаар идэвхждэг. Тодруулбал, бодит болон ашиг олох зорилгоор өсдөг. Тиймээс энэ удаагийн өсөлтийг "Үгсэн хуйвалдсан байх талтайг” учир мэдэх зарим нөхөд хэлж байгаа юм.
ХӨВӨГЧ ХҮҮД НАЙДСАН ТӨГРӨГИЙН ТАВИЛАН
Валютын ханшийг хөвөгч хүүгээр барина гэж байгаа нь зах зээл дээр өөрөө тогтох ханшийг түлхүү баримтална гэсэн үг. Нөгөө талаас манай улсын валютын нөөц хангалттай биш байгаа талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон нь нөлөөлсөн гэж болно. Учир нь энэ байдлаас үүдэлтэй төгрөгийн ханш суларч ам.долларын ханш өссөн хэмээн хүмүүс хэлж буй. Түүнчлэн зарим нь валютын ханш өсдөг мөчлөг бий гэх. Гэвч энэ удаагийнх арай огцом өссөн хэмээн эдийн засагчид онцолж байна. Ийнхүү зах зээлийг савлуулж байх зуур эрх мэдэлтнүүд ямар нэг арга хэмжээ авдаггүй, зүгээр л ажиглаад суудаг гэдгээ хэвлэлээр хүлээн зөвшөөрчихсөн. Гал дүрэлзэхийн өмнө ямар ч үйлдэл хийгээгүй Төвбанк аль хэдийнэ хуурай өвсөнд авалцсан гал шиг шатаж байх үед нь ээлжит бус арилжаагаар 72 сая ам.долларыг нийлүүлж "нурманд” оруулах аядсан. Гэхдээ энэ нь тийм ч найдвартай хамгаалалт биш гэдгийг эдийн засагчид хэлсээр байгаа. Засгийн газар нэг гараараа валютын ханшийг өсгөж, нөгөө гараараа гал унтраасан төдийгээр жүжиг тавьж байна хэмээн олон нийт дургүйцэж байна.
ЗОХИОМОЛ ЭРЭЛТ БАЙСАН УУ?
Энэ удаагийн эрэлт бодит уу, ашиг олох сонирхолтой юу гэдгийг тольдох хэрэгтэй. Магадгүй учир мэдэх нэгний ашиг олох сонирхлоор "зохиомол” эрэлтийг бий болгон ханшийг хөөрөгдсөн гэдэг оргүй ч зүйл биш бололтой. Тухайлбал, статистикчдийн гаргасан судалгаагаар энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улс дэлхийн 157 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 6994.6 сая ам.долларт хүрсэн аж. Үүнээс экспорт 3726.2 сая, импорт 2768.4 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 саяар буурсан үзүүлэлт хэмээн тэмдэглэсэн байна. Харин гадаад худалдааны тэнцэл 957.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 194.8 саяар өссөн дүн аж. Экспорт, импорт буурч байгааг ч статистикчид хэлсэн. Тэгэхээр энэ удаагийн эрэлт ашиг олох сонирхлоор өдөөгдсөн байх таамаг ч оргүй хоосон зүйл биш бололтой. Хэрэв ашиг олох сонирхлоор ханш өссөн гэвэл арилжааны банкин дахь валютын хадгаламж өссөн дүнгээр нотлогдох учиртайг эх сурвалж хэлсэн юм. Статистикаас харвал мөнгөний нийлүүлэлт оны аравдугаард сард өмнөх сараас 54 тэрбум төгрөгөөр өсч валютын харилцах 193.4 тэрбумаар буурсан байна. Үүнд валютын хадгаламж нөлөөлсөн гэжээ. Энэ бүхнээс харвал их хэмжээний төгрөгийн хадгаламжтай хэсэг бүлэг нөхдүүд ашиг олох сонирхлоор төгрөгийг ам.доллараар сольсон нь эрэлтийг бодитын эсрэг гажуудуулсан байж болох. Харин үүнийг нь овжин нэг хэсэг нь ашигласнаар олон түмнийг хөлдөө чирсэн хэрэг.
ХОЖИЖ, ХОХИРОХЫН ЗААГ
Нөгөөтэйгүүр томоохон албан тушаалтнуудын хариуцлагагүй мэдэгдлийн уршгаар зах зээл дээр ам.долларын ханш алсдаа өснө гэдэг сэтгэлзүйг гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн гэх таамаг ч бас бий. Оргүй ч зүйл бас биш. Судлаач Ч.Эрдэнэдалай "Оны төгсгөлд ам.доллар 2400 төгрөгт хүрнэ” хэмээн хэлж байсан удаатай. Тэр нь бодит биелэлээ олж байгааг тэрээр цахим хуудсаар дамжуулж байсан юм. Мөн тэрээр энэхүү ханшийн өсөлтийг хазаарлах боломж бий. Түүнийг алдалгүй ашиглах хэрэгтэйг ч бас сануулж байсан. Харамсалтай нь шинжээч судлаачдынхаа үгийг сонсох дургүй төртэй гэдгээ мартаж болохгүй. "Ноён ногоон”-д дарлуулсан монгол төгрөгийн хувь тавиланг тольдоход ийм байна. Харин энэ бүхнээс хэн хожиж, хэн хохирох вэ гэдгийг тунгаах цаг нь болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.