Нууц бичлэг: Ардчилсан намын алдааг Д.Арвин, Н.Алтанхуяг нар зөв харж байж

0

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд эрх барихдаа олон алдаа гаргасан нь өнөөдөр УИХ­д есхөн суудалтай болоход хүргэсэн. Тухайлбал сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулиараа оролдож, өөрсдийнхөө унах нүхийг бэлдсэн нь нууц биш. Ер нь Сонгуулийн хуулийг өөрчилж буй нэрийдлээр МАН­-д ашигтай хувилбар боловсруулсан нь АН­-ын ялагдлын гол шалтгаануудын нэг. Өмнөх парламентын үед ажиллаж байсан АН­-ын бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар дотооддоо нилээн зөрчилтэй байсан юм. Гэхдээ тус бүлгийн зарим гишүүд уг хуульд өөрчлөлт оруулахыг ил, далд эрс эсэргүүцэж байлаа. Харин тус намын удирдлагууд гишүүдийнхээ үгийг сонсолгүй өөрсдийнхөөрөө зүтгэж сонгуулийн хуулийг өөрчилсөн. Уг асуудлаар АН­ын бүлгийн гишүүд тавхан сарын өмнө юу гэж ярьж байсан талаарх нууц бичлэг ил болж, олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэгвэл уг бичлэгт Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар АН­-ын бүлгийн нөлөө бүхий гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг баримтаар хүргэж байна.

З.Энхболд: Сүүлийн хагас жилийн байдлаар 10 аймагт 1­5 хувь буюу нилээн доогуур хувьтай явж байна. Харин 10 аймагт нь болон хотын зургаан дүүрэгт дээгүүр рейтингтэй явж байгаа.

З.Энхболд: 26 тойргоо хувааж үзвэл 16 тойрогт бид давуу талтай байна. 10 аймагт намын нэрээр санал авбал доогуур үзүүлэлттэй байх юм. З

З.Энхболд: Намын нэрээр санал авч болохгүй байгаа учраас Үндсэн хуулийн шийдвэрээр намын жагсаалт алга боллоо. Одоо хувь хүн хоорондоо өрсөлдөнө.

З.Энхболд: Таван хүнтэй баг таван хүнтэй багийнхаа эсрэг үзэх үү эсвэл нэг, нэгээрээ халз үзэх үү гэдэг сонголт байгаад байна.

Д.Арвин:За тэгэхээр, ямар сонгуулийн тогтолцоотой үед олонх болсон гэдээ гишүүд бодох хэрэгтэй. 1996 оноос хойш үргэлж Ардын нам ялаад ирсэн. Сая томосгосон тойрог болгож байж олонх болсон гэдгээ мэдэж байгаа бах.

Д.Арвин:76 жижиг тойрог болгох нь Ардчилсан нам бус Ардын намын бодлого байсан юм.Хорин хэдхэн хоногийн дотор Ардын намын бодлого нэвт орчихлоо. Би үүнийг мэдэрч байна. Надад бол аль нь ч байсан ялгаагүй. Би намаа ялаасай гэж бодож байгаа юм.

Д.Арвин:Д.Батцогтоо бид Ардын намын бодлогоор шууд явж байна. Ардын нам үүнийг л хийх гэж дөрвөн жил явж ирсэн. Жижиг тойргуудад бүгд ажилласан. Эд нар бодлогоо биелүүлж чадаж байна шүү дээ. Би үүнд л харамсаж байна. Сонгуулийн тойргийн хүчээр хэдхэн суудал илүү авч чадсан биз дээ. Жижиг тойргоос гарахгүй ээ. Би өнөөдөр 07.00 цагт Баянзүрх дүүрэг рүү яваад сая л орж ирж байна. Яаж ажиллаж байгааг та нар мэдэж байгаа юм уу. Жижиг тойрог руу аль эрт орчихсон л ажиллаж байна. Бид нар олон жилийн туршлагатай. Харж байгаад л хэлж байна шүү дээ.

Д.Арвин:Тиймээс битгий Ардын намын бодлогоор явах гээд бай. Энхболд дарга бол намдаа маш их нэр хүндтэй лидер болсон. Яг  үнэнийг хэлэхэд, сая намын жагсаалт байсан бол Ардын намыг зурах хүн байгаагүй байсан. Хөдөлмөрийн үндэсний намыг байхгүй болгож байна. Ардын намын жүжиг л улс орныг тань авч яваад байна.

Н.Алтанхуяг: Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй. Авгайгаасаа салчихлаа. Ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл л болох гээд байна. Би Д.Арвин гишүүнтэй 100 хувь санал нэг байна. 110 хувь ч юм уу.

Н.Алтанхуяг:Хүний тоглоомонд орж төр засгийг бужигнуулж, алж хаямааргүй байна. Наад жижиг 76 хувилбар бол Ардын намын үнэхээрийн чин хүслэн. Тэд дөрвөн жил жагсаалтыг муухай гэж ярьж, муулж ирсэн.

Н.Алтанхуяг:Манайхан сая айгаад, гүлдийгээд Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа даа. Цэцийн дүгнэлтийг авч буй чиньАрдын нам нэг хүнтэй нийлээд хийж байгаа тоглоомын эхний дүрмээ хийж ноосоо тушааж байгаа нь тэр. Одоо 76 жижигрүүлсэн тойргийг хүлээж авбал эхнэрээсээ салж байгаа нь энэ. Түүний дараа МАНАН­гаа байгуулна. Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм.

Н.АЛТАНХУЯГ: УЛСАА, НАМАА БОДВОЛ ЯДАЖ ТОМСГОСОН ТОЙРОГТ ӨРСӨЛДМӨӨР БАЙНА

Н.Алтанхуяг: Улсаа, намаа, дөрвөн жилд хийсэн ажил төрлөө бодвол ядаж томсгосон тойрогт өрсөлдмөөр байна шүү дээ. Би ингэж л харж байна. Н.Алтанхуяг:Энэ бол асар том ухралт. Ядаж томсгосон тойрогтойгоо үлдмээр байна.Томсгосон тойрог дээр бол ядаж бодлогын шинжтэй хийсэн ажлууд мэдрэгдэнэ.

Н.Алтанхуяг: Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр зэрэгцээд сууж байна.Хөвсгөл аймгийг хоёр, гурав хуваасан дор бол бүхэлд нь байлгаад замынхаа тухай ярьвал арай нэмэртэй л гэж бодож байна.Жижиглэчихээр л МАНАН­ийн группт орох гэсэн хэдэн нөхдүүд мөнгөө ч бага зарцуулна. Хоорондоо тохирчихно. З.Энхболд дарга уучлаарай. Хоёр Энхболд дарга тохирно. Тэр хүний өөдөөс тэрийг тавина энэ тэр гээд л.

Н.Алтанхуяг:Тоглоом биш ээ. Бид нар хүүхэд биш шүү дээ. Иймэрхүү сүбьектив зүйлүүд асар их орно. Нам, засгаа алмааргүй байх юм. Ухарна, бууна, хүний сценарид орлоо гэхэд арай хэтэрлээ.Ядаж бүхэлдүү томхон тойрогтойгоо үлдэж болохгүй юм уу. Та нар минь ухаан зараад үзээч. Би та нараас үнэхээр гуйж, гувшиж байна. Нам, улс орны хоёулангийнх нь эрх ашиг юм.

Н.Алтанхуяг:Ядаж бид нар засгийн эрхийг барьж байх үедээ хамаг зүйлийг дампууруулж болохгүй. Сонгуулийн хуулийг цагийг нь тулгаад дампуурууллаа. М.Энхболд бол нам талдаа Ардын баатар болсон байх. Одоо 76 жижиг тойрог болговол тохироод юмыг нь өгөөд явуулбал яадаг юм.

Н.Алтанхуяг:Д.Батцогт битгий эмзэглээд бай. Хоёр баз хоорондоо өрсөлдөхгүй нь ойлгомжтой. Би зүгээр чамтай барьчихье. Та хоёр өөр тойрог аваад явна. Ийм заваан юмнуудаа боль. Нэг гэр бүлээс нэг л ордог баймаар байна. Би наргиж байгаад хэлж байна шүү.

Э.Бат­Үүл: Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй.Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна. Одоо бол нэг нь Ардчилалын төлөө нөгөө нь ардчилалын эсрэг гэдэг хуваагдахгүй болсон.

Э.Бат­Үүл: Ардын нам, Ардчилсан намын хувь тэнцүү байна гэж гараад байна. Тэгэхээр одоо 60  хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг.

Э.Бат­Үүл: Сая Ц.Оюунгэрэлийн хэлдэг үнэн юм.Том тойргоор яаж иргэдтэйгээ гар барих юм бэ. Амжихгүй шүү дээ. Одоо бол сонгогчид гар барьж байж л орно. Том тойрог дээр хэнтэй ч гар барьж амжихгүй.

Н.АЛТАНХУЯГАА ЧИ ЭНХБОЛДЫГ ЯЛАГДААСАЙ ГЭЭД Л ЯВЖ БАЙГАА БИЗ ДЭЭ

Э.Бат­Үүл: Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай. Чи дуугүй бай л даа. Чи чинь УИХ­ын гишүүн байж үзээгүй юм уу хаашаа юм. Их хурлын гишүүн гэхээр хүн дээрэлхээд байдаг юм уу. Ямар хаашаа юм бэ. Би чамайг яагаа ч үгүй. Чи битгий галзуураад бай.Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу. Чи Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ.

Н.Алтанхуяг:Чи намын өмнөөс юу яриад байгаа юм.

Э.Бат­Үүл: Нийслэл дээр яагаад зангидсан гар шиг ажиллаж хэрүүл, маргаангүй байгаад байгаа юм. Учир нь бие, биеээсээ хамааралгүй тойргуудтай юм. Тойрог, тойргоо авчихсан. Ямар ч асуудалгүй байгаа. Бид нар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой.Нууцаар санал хураагаад байхад л Ардын намынхан намынхаа сахилгыг бариад байдаг. Бид нар гурван мандаттай яваад очиход л Ардын намынхан сахилгаараа явчихдаг юм. Бид нар бол бие, биенээ Ц.Оюунгэрэлийн хэлдэгээр шулаад гараад ирдэг байхгүй юу.

Э.Бат­Үүл: Намын сахилга гэж их чухал. Нөгөө нам чинь их сахилгатай. Мажоритар системийн түүхийг хэлэхэд анх 1995 онд сонгуулийн хуулийн систем яригдаж байлаа. Тэгэхэд Ардын нам 72 суудалтай олонх байсан. Холимог, мажоритарын алийг нь авах уу гээд Ардын нам тээнэгэлзэж байхад нь Р.Гончигдорж дарга бид хоёр П.Очирбат ерөнхийлөгч дээр очоод " Та мажоритор дээр нь хориг тавина гээд хэлээрэй” гэж захиж байсан. П.Очирбат гуай мажоритар дээр нь хориг тавина гэж байхад нь Ардын нам мажоритарыг гаргасан. Батбаяр бол буруу яриад байна. Бид нар сахилга баттай нэгдмэл байх үедээ мажоритариар 50, 26 болсон юм. Мажоритар систем бидэнд их ээлтэй.

 

Д.Дуулим

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.