Бразил, Индонезид суугаа Элчин сайдын яамыг татан буулгаж, Шанхайд Консулын газар нээнэ
Манай улсын иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой тул Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Бүгд найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг. Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харвал манай улс Бразил Улстай 2 мянга гаруй, Индонези Улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг байна.
БНХАУ-д Монгол Улсын дипломат төлөөлөгчийн дөрвөн газар ажиллаж байгаа тул тэдгээрээс Хайлаарын асуудлыг шийдэх, Осака хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Токио дахь Элчин сайдын яамнаас хариуцаж болно гэж Засгийн газар үзлээ.
Харин Монгол Улсын хүн ам олноор оршин суудаг, ажиллаж суралцдаг байдлыг харгалзан БНХАУ-ын Шанхай хотод Консулын газар шинээр нээж, Киргизийн Бишкек дэх Консулын газраа Элчин сайдын яам болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Дипломат албаны томилолтын хугацааг 4 жил болгоно
Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,
- Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах,
- Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгох,
- Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг 3 жил тутамд Засийн газраас шиинэчлэн тогтоож байх, хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болов. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар Гадаад харилцааны сайдыг томилж бүрэлдэхүүнийг нь батлав.
Ойн хүрээнд шуудангийн марк хэвлүүлэх, лого тэмдэг гаргах, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, Япон орны тухай зохион бичлэг, илтгэлийн уралдаан зарлах зэрэг 40 орчим арга хэмжээ хийхээр төлөвлөөд байна.
Бүтэн жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж Засгийн газар үзлээ.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 02 дугаар сарын 24-нд тохиох юм.
Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна
Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.
view.mn
Сэтгэгдэл байхгүй байна.