Ц.Мөнх-Оргил УИХ-ын бүрэн эрхэд халдав уу?
Засаг хуралдаад Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ, Осака дахь консулын газар, мөн Хайлаарт ажиллаж буй консулын газрыг тус тус татан буулгах шийдвэр гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор салбарын сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн тайлбар, Монгол Улсын гадаад бодлоготой харшилж байгаа талаар эх сурвалжууд хэлж ярих болов. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ "Сая Засгийн газрын хуралдаанаар зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах талаар хэлэлцлээ. Юуны өмнө Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ-ыг татан буулгана. Осакад байгаа консулын газар, мөн Хайлаарт ажиллаж байгаа консулын газрыг татан буулгая гэсэн шийдвэр гаргалаа. Ямар үндэслэлтэй вэ гэхээр нэгдүгээрт, УИХ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос 2017 онд бололцоогоороо хэмнэлт гаргах, зарим нэг дипломат төлөөлөгчийн газруудын ач холбогдлыг эргэж харах, төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол татан буулгах асуудлыг оруулж ирээрэй гэж үүрэг даалгавар болгосон. Энэ дагуу бид Бразил, Индонезийн ЭСЯ-дыг татан буулгая гэсэн шийдвэр оруулж байна. Энэ улсад ойролцоогоор 25, 25 монгол иргэн ажиллаж амьдардаг. Гадаад худалдаа бол Индонезтэй 12 мянган доллар, Бразилтай 2000 долларын нийт худалдаа эргэлт байгаа. Өөрөөр хэлбэл худалдаа эргэлт байхгүй. Осакагийн консулын хувьд Токиод том ЭСЯ ажиллаж байна. Хайлаарын хувьд БНХАУ-д манай дөрвөн дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэ дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгаснаар бид жилдээ 1.5-1.7 сая долларын хэмнэлт гарах юмаа гэж тооцож байгаа. Эдгээрийг татан буулгахын хажуугаар Бишкект буй одоо байгаа консулын газраа ЭСЯ болгоё гэсэн шийдвэр гаргалаа. Энд зардлын ялгаа байхгүй. Хайлаарын консулыг татан буулгасны оронд Шанхай хотод консулын газар байгуулъя гэсэн шийдвэр гаргаж байна. Яагаад гэвэл Шанхай хотод 3000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Худалдаа эргэлт, хөрөнгө оруулалт их учраас Шанхай руу шилжүүлье гэсэн шийдвэр гаргаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Уг нь бол уг асуудлыг УИХ эцэслэн шийдэх ёстой. Гэтэл шийдвэр албан ёсоор гарсан мэтээр Ц.Мөнх-Оргил сайд мэдэгдсэн нь, УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал боллоо гэж хэлэгсэд байгаа юм. Түүнчлэн улс орны гадаад бодлогын асуудлыг түргэн түүхийгээр хэлж ярьж, тэрийг нь Монцамэ агентлаг нь цааш дамжуулж, олон улс даяар цацаад байгаа нь тоогүй хэрэг боллоо гэж хэлэгсэд байгаа юм.
Эх сурвалж. Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.