Т.Аюурсайхан: Дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдыг хамгаалах гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй

0

Т.Аюурсайхан: Дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдыг хамгаалах гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай оффшорын асуудлаар ярилцлаа.

Т.Аюурсайхан: Дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдыг хамгаалах гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй

-ОФФШОРЫН АСУУДЛЫГ БҮЛГИЙН ХУРАЛДААНААР ЯРИХ ЁСГҮЙ-

-Төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох утга агуулга бүхий хуулийн төсөл таны гаргасан горимын саналаар буцаагдах асуудал байнгын хороон дээр дэмжигдсэн ч чуулганаар саналыг хүлээж аваагүй. Энэ хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад ер нь сайжрах төлөв байна уу?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд ХОМ гаргадаг 39 мянган төрийн албан хаагчид чиглэсэн цөөхөн хэдэн заалтаар зохицуулалт хийгдэхээр орж ирсэн. Хуулийн төслийг би хэд хэдэн шалтгааны улмаас буцаах санал гаргасан. Нэгдүгээрт, хуулийн төсөл байгаа оноогүй явдал. Оффшор бүсээ тодорхойлолгүй, гадаадад данс эзэмшихийг хориглох гээд хавтгайруулчихсан. Хоёрдугаарт, эхлээд ХОМ гаргадаг төрийн албан хаагчдад чиглүүлсэн шинжтэй оруулж ирснээ хэлэлцүүлгийн явцад яг төрийн өндөр албан тушаалуудыг тухайлан зааж өгөхөөр болсон. Гуравдугаарт, эдгээр хүмүүсийнхээ нэгдмэл ашиг сонирхолтой хамаарал бүхий хүмүүсийн данс нээлгэх эрхийг хуулиар хориглож өгсөнгүй. Ийм байдлаар хуулийн зохицуулалт хийчихээр хууль УИХ, засгийн газрын гишүүд, ерөнхийлөгч, аймаг, дүүрэг, сумдын засаг дарга тэргүүтэй хэдхэн хүнд үйлчлэхээр болж хумигдаж байна. Үүний зэрэгцээ гэр бүл, ойр дотныхны хүмүүсийг нь хязгаарлаагүй учраас эцсийн дүндээ хуулийн төсөл оффшорыг хориглосон биш харин ч данс эзэмшихийг нь зөвшөөрсөн хууль болж батлагдахаар байна. Энэ хууль тэр чигээрээ батлагдсанаар төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө нэр дээр данстай бол гэр бүлийнхээ гишүүд рүү шилжүүлээд болчихно. Ингээд хуулийн үйлчлэлээс гарчих юм. Харамсалтай нь миний эсэргүүцээд байгаа бүх заалт өнөөдөр ямар ч өөрчлөлтгүйгээр байнгын хороогоор хэлэлцэгдэхээр дахин орж ирнэ.

-Та өмнө нь эдгээр үндэслэлүүдээ Хууль зүйн байнгын хорооны даргад албан бичгээр илгээж байсан. Байнгын хорооноос буцаахаас өмнө хууль санаачлагчтай уулзах зэргээр илүү тодорхой алхам хийж болоогүй юм уу?

-Анх өргөн баригдангуут хуулийн нугалаа үүсэх нь гэдгийг харсан. Эдийн засагч хүнийхээ хувиар 2016 оны дөрөвдүгээр сараас Панамаас эхлээд оффшорын баримт бичгүүд ил болоход энэ асуудлыг би нэлээд нухацтай судалж эхэлсэн юм. Гадны улсууд энэ асуудалд хэрхэн хандаж байна, улс орны эдийн засагт ямар хор уршигтай юм, бизнес эрхлэгчид оффшорт данстай байх нь зөв юм уу, улстөрчдийн ил болчихсон дансны асуудлаар ямар хуулийн хариуцлага хүлээлгэж байна гэхчилэн нэлээд өргөн хүрээнд судлаад явж байна. Судалгаа гүнзгийрэх тусам манай улсын эдийн засаг хямарч, байгалийн баялгаа гадныхантай хувааж идэх замаар шамшигдуулдаг байдал, төр дампуурч буй үйл явцуудын үндсэн шалтгаануудын нэг нь оффшортой холбоотой юм байна гэдэг итгэл үнэмшил бат төрсөн. Тиймээс ч хуулийг өргөн барингуут нь гэр бүлийн гишүүдээр дамжуулж,  хамгаалалтад хийх гэж байгааг нь олж харсан. Оффшорт байгаа бохир мөнгийг бага буурай хөгжилтэй улс орон руу хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, эргүүлээд гэр бүлийн гишүүдийнхээ дансаар цэвэрлэж оруулдаг зүй тогтол бий. Яг энэ хэлбэр манайд гарах гэж буйг анхааруулах зорилгоор хууль санаачлагчид, ажлын хэсгийн ахлагч нартай нэлээд ярьж үзсэн. Гэвч миний саналыг Үндсэн хуулийн 16.14 дүгээр заалтын эхний өгүүлбэрээр таглаад оруулаад ирж байна.

-Үндсэн хуулийн 16.14-т ял зэмийн асуудлыг тухайлан тусгаж өгчээ?

-".... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт байгаа юм. Энэ заалтын эхний өгүүлбэрийг тасалж авч, үндэслэлээ тайлбарлаад байна. Гэтэл энэ хууль ял зэмээс өөр, урьдчилан сэргийлэх зорилготой. Ингэхдээ гэр бүлээр нь хамтад нь урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм. Шүүхээр ороод гэм буруутай нь үнэхээр тогтоогдсон тохиолдолд нөхрийн буруутай үйлдлийг дээрх заалтын дагуу эхнэрт халдаан хэрэглэж болохгүй. Хоёулаа буруутай нь тогтоогдвол холбогдох хуулийнхаа дагуу ял, шийтгэлээ хүлээгээд явах учиртай. Ийм л асуудал. Бас Хүний эрхийн /ерөнхий зохицуулалттай/ конвенцид харшилна гэж тайлбарлаж хүртэл үзсэн. Гэтэл манай улс Хүний эрхийн конвенцийн тусгайлсан зохицуулалтай конвенцид хэдийнэ нэгдээд орчихсон. Үүний нэг нь авлигын эсрэг конвенци. Тэнд хэн нэгэн үндэслэлгүй хөрөнгөжихийг албан ёсоор хориглож, улс орнууд хуулийнхаа хүрээнд таслан зогсоохоор зааж өгсөн байдаг. Энэ нь эргээд гэр бүлийн гишүүдийн хуулийн хамааралд оруулах зарчимтай нийцэж байгаа хэлбэр юм.

-Байнгын хороон дээр засгийн газарт буцаах санал дэмжигдсэнээс хойш хуулийн төсөл эрх баригч намын бүлгийн хуралдаанаар тухайлан яригдаагүй юм уу?

-Бүлэг дээр энэ асуудал яригдаагүй. УИХ-аас гарсан ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн бүлэг дээр энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг тавьж байсан. Би оффшорын асуудлыг бүлэг дээр ярих ёсгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ бол ямар нэгэн улс төрийн шийдвэр биш. Цэвэр хууль мөрдөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал. Үүн дээр заавал гишүүдийн байр суурийг хайрцаглах замаар гар өргүүлж болохгүй.

-"ХУУЛЬ ЁСНЫ ЭРҮҮЛ ОФФШОРЫГ ХАМГААЛНА” ГЭЖ ХЭЛДЭГ ХУУЛЬ ЗҮЙ, 
ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ БАЙЖ БОЛОХ УУ-

-Бүлгээс тань нэр бүхий гишүүд таныг дэмжихгүй бол хуулийн төсөл энэ чигээрээ батлагдах эрсдэл үүснэ. Таны зүгээс хуулийн төслийг сайжруулах зорилго бүхий лобби бүлэг үүсгэх, ахмад гишүүдээ татан оролцуулах зэрэг санаачлагуудыг гаргана биз дээ?

-Хуулийн төслийг өргөн барьснаас хойш гишүүдтэй санал солилцож, нэлээд ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл яг бодит байдлаар өөрчлөх асуудал дээр нөлөөлөл үзүүлж чадахгүй байна. Үнэхээр ийм төсөл гаргаж болохгүй гэсэн байр суурьтай нэлээд гишүүд бий. Сая С.Баярцогтын Швейцарийн оффшор дансанд Оюутолгойн гэрээ зурагдсан цаг үетэй маш ойролцоо байдлаар 9.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн мэдээлэл ил боллоо. Гэхдээ энэ бол зөвхөн ганц удаагийн гүйлгээ. Эх үүсвэрийг нь шалгаж байгаа мэдээлэл түгсэнээс хойш Монголын баялаг ямар замаар гадныханд очоод байгааг хянаж шалгах хэрэгтэй. Үүнийг хуулиар хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил хүмүүст илүү төрсөн гэж болно. Мөн Францад төсвийн асуудал эрхлэх сайдаар ажиллаж байсан хүнээ оффшорт мөнгө нуусан хэргээр гурван жил, өмнөх эхнэрийг нь хоёр жил хорих ялаар шийтгэлээ. Франц улс хүний эрхийг уландаа гишгэдэг улс биш. Гэвч эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг хамтран эзэмшсэн гэдгээрээ гэм бурууг  нэгэнд нь тохолгүй зохих шийтгэлийг нь оноож чадаж байна. Яг энэ мэтээр хуулийг жинхэнэ байнд нь тусгах чиглэлд манай УИХ-ын гишүүд идэвхтэй ажиллаж эхэлнэ гэдэгт итгэж байна. Яавч ийм байдлыг зөвшөөрч болохгүй. Ер нь "Хууль ёсны эрүүл оффшорыг хамгаална” гэж хэлдэг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байж болох уу гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна. ААН-ийн захирал тэгээд хэлж байгаа бол бас яая гэхсэн.

-ААН-үүдийг оффшорт данс зэмшихийг хориглох ёстой гэсэн таны байр суурь хамгийн их шүүмжлэл дагуулж байна?

-Аж ахуй эрхлэгчид төрөөс бүхий л төрлийн үйлчилгээг авч, бизнес эрхлэх боломжоо нээдэг. Ингэснээр татвар төлөх механизм бүрдэж байна. Гэтэл ААН-үүд оффшорт мөнгө байршуулчихаар татвар төлөх нөхцөл бүрдэхгүй. Харин улсдаа данстай хэд нь татвараа төлөөд явна. Ийм харилцааны тэгш бус байдал үүснэ. Гадны улс орнуудад аж ахуй эрхлэгчдийг оффшорт данс илрэнгүүт нь нэг бүрчлэн шалгаж байгаа. Эрүүгийн болон захиргааны хариуцлагууд хүлээлгээд явдаг эрүүл тогтолцоотой. Гэтэл манайхан нийт гадны хөрөнгө оруулалтын 80 орчим оффшор бүсээс орж ирдэг учраас бизнес орчинг хаана гэж тайлбарлах жишээтэй. Оффшор бүсээс хүний наймаа, авлига, зэвсгийн мөнгийг бага хөгжилтэй улсууд руу хөрөнгө оруулалт нэрээр оруулж, мөнгө угааж байгааг бид хүлээн зөвшөөрөөд байгаа л гэсэн үг. Үнэн хэрэгтээ манай улс энэ тохиолдолд мөнгө угаах бааз болчихож байгаа юм. Японд л гэхэд оффшор бүсээс  орж буй нэг цент бүрийн эх үүсвэрийг нягталж байж, улсдаа хөрөнгө оруулахыг зөвшөөрдөг хэлбэр үйлчилж байна.

-Таныг оффшорын асуудлаар дуугарч байгаа нь цаанаа том эзэнтэйг харуулж байна. Бууны нохой болж байна гэсэн шүүмжлэл явсан. Танд үнэхээр ийм том эрх ашиг байх магадлалтай юу?

-Хэний захиалгаар би оффшор мөнгийг улсдаа татаж оруулъя гэж дуугарах вэ. Эх үүсвэрийг нь шалгаж, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэний захиалгаар яриад сууж байж болох вэ. Зүгээр л бод. Үүнд нам, улс төрийн хүчин ч хамаагүй. Би МАН-ын Шинэчлэлийн хороог тэргүүлээд л явж байна. Бидний гол зорилго бол улс төрийн намыг цэвэрлэх, төрийг эрүүлжүүлэх явдал. Буруу бусармаг зүйл хийсэн л бол аль ч нам хариуцлагаа үүрээд явах хэрэгтэй.

-СҮ.БАТБОЛД АНХ Б.ЭНХБАЯРЫГ МАН РУУ ХӨТӨЛЖ ОРУУЛААД, 
ДЭД САЙД БОЛГОЖ ӨГСӨН-

-Шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа оффшорыг хуулиар хориглоно гэдгээ албан ёсоор зарласан. Гэтэл бодит байдал дээр хэт ерөнхий, хуулийн үйлчлэлээр хамгаалах зорилготой төсөл оруулаад ирлээ. Яг үүний ард МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн эрх ашиг яваа гэдгийг та шударгаар хэлж чадах уу?

-Би асуудлыг баримт нотолгоотой л хэлж, ярьж байгаа. Шинэ Монгол телевизээр Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшортой гэсэн мэдээлэл маш тодорхой цацагдсан байдаг. Саяхан есдүгээр сарын дундуур Багамын баримт бичгээр Монголын алтны компанийн эзэмшигч, ерөнхий сайд хийж явсан Сү.Батболдын нэр бас л ил болсон. Панамын баримт бичгээр Сү.Батболдын төрсөн ах Сүхбаатарын Бат-Очир гэж хүнийх бас л ил тод болсон байгаа. Энэ хуулийг голчлон боловсруулсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдын зөвлөх хийж байсан хүн. Сү.Батболд анх Б.Энхбаярыг МАН руу хөтөлж оруулаад, дэд сайд болгож өгсөн. Тийм учраас би дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдыг хамгаалах гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй, ажлын хэсэгт байж болохгүй гэж үзэж байгаа. Үүнийгээ хэлсэн.

-Та давхар Хууль зүй, дотоод хэргийн сайдыг буруутгаад байна уу?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд ч тэр. Төсвийн нөр их асуудлын дунд яагаад дутуу боловсруулалттай хууль яаран оруулж ирсэн бэ гэдэг асуудал байна. Яагаад тусгаар улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн "Хууль ёсны эрүүл оффшорыг хамгаална” гэж яриад байна? Хууль ёсны эрүүл оффшор гэж дэлхийн хаана байгаа юм бэ. Хаана ч байхгүй. Бүгдээрээ хууль бус. Тиймээс энэ асуудлыг Хууль зүйн сайд С.Бямбацогттой тухайлан ярих ёстой юм байна гэж харсан. С.Бямбацогт хэний захиалгаар ийм зүйл яриад байна  гэдгийг тодруулах хэрэгтэй. Цаашид оффшор дансны мэдээлэл улам олноороо ил болно. Би өөрт байгаа мэдээллүүдээ нягтлаад явж байгаа.

-Та сүүлийн үед тухайлсан асуудлууд дээр зөв дуугарч байгаа хэдий ч хэт популизм хийж, байр сууриа өөрийн нүүр хуудсандаа ивээн тэтгэсэн хэлбэрээр байршуулах зэргээр туйлширч байгаа нь харагдах болсон. Хувь хүнийхээ зүгээс энэ асуудал дээр ямар хариулт хэлэх вэ?

-Популизм гэж юуг хэлдийг ойлгох хэрэгтэй. Популизм гэдэг нь хуулиараа тэрхүү яригдаж буй арга хэлбэр нь хэрэгжүүлэх боломжгүй, тооцоо судалгаагүй байхад олон нийтийн санаанд нийцэхийн тулд тодорхой байр суурь илэрхийлэхийг хэлээд байгаа юм. Зарим асуудал дээр би илүү яриад байгаа юм шиг харагдаж буй нь үндсэн мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалчихсан эдийн засагч хүн. Шинэ парламентын эхний асуудлууд төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр, валютын ханшид хамаарах асуудлууд байсан. Энэ бүхэн дээр мэргэжлийн эдийн засагч хүн нь дуугарахгүй бол өөр хэн дуугарах вэ. Намайг ард түмэн дуугар гэж төрд илгээсэн. Гэхдээ би тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатайгаар ярьдаг. Өөрийнхөө зүгээс асуудлаас гарах арга замыг боловсруулж тавьж байна. Үүнийг популизм хийж байна гэж дэвэргэх шаардлага байхгүй.

-Та зөвлөхүүдтэй ажиллаж байна уу?

-Эрх зүйн асуудал хариуцсан зөвлөхтэй. Эдийн засгийн асуудал дээр эрдэмтэн судлаачидтай их ойрхон ажиллаж байна. Дээрээс нь нэмээд иргэний нийгмийн  байгууллагуудын санаа оноог их сонсож байна.

-Танай намаас сануулга өгөх ч юм уу, тодорхой асуудлууд дээрх байр суурийг тань үгүйсгэхгүй байна уу?

-МАН харьцангуй дотоод ардчилалтай нам. Болж бүтэхгүй асуудлуудаа бид чөлөөтэй шүүмжилж байна. Олонхиороо шийдвэр гаргасан хэдий ч цөөнхийн дэвшүүлж буй үндэслэлтэй байр сууриудыг сонсож чаддаг. Мэдээж болж бүтэхгүй асуудлууд байдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхнээ сайжруулахын тулд асуудлаа эргэж нягтлаад явж байгаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.МЯДАГБАДАМ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.