С.Оюун: Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид үргэлжлэх юм. Төрийн нууцтай холбоотой бичиг баримт, материал хавтаст хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хаалттай явуулахаар тогтсон байдаг. За харин энэ шийдвэрийг шүүгдэгчийн ар гэрийнхэн эсэргүүцэж байгаагаа хэдэнтээ мэдэгдсэн. Тэгвэл С.Зориг агсны дүү С.Оюун мөн адил шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ удаа дараа холбогдох байгууллагуудад гаргасэн байна. С.Оюун хэлэхдээ "Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж, шаардлага хүргүүлсэн ч хүлээж авахгүй байгаа” гэсэн байна.
Өчигдрийн шүүх хурлын тухайд шүүгдэгчдийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн даралт ихэсч, хорих ангийн эмч дуудаж, улмаар бие муудсан шалтгаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлыг дахин хойшлуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч, хүлээж аваагүй. Хурлыг хаалттай горимоор үргэлжлүүлсэн байгаа юм. Шүүх хуралд Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн оролцож байгаа талаар бид мэдээлсэн. Гэхдээ тэд гэрч хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцсон нь бүрэн тодорхой болоогүй. Г.Чулуунбатын тухайд хэрэг гарах үед орцонд байсан гэх мэдээлэл байгаа ч, баттай бус мэдээлэл юм. Хэргийн газраас олдсон үс ДНК-гийн шинжилгээгээр Т.Чимгээгийнхтэй таарсан гэх мэдээлэл байсан ч, бас л батлагдаагүй мэдээлэл юм.
Шүүх хурал явагдаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийг дотор гаднагүй цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэгчдийн хамтарсан эргүүл хамгаалалтад авч, өндөржүүлсэн байдалтайгаар хамгаалж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.