Монголын Залуучуудын Холбооны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна
1991 оны 1-р сарын 18-нд МХЗЭ-ийн XX Их хурлаар монголын залуучуудын нийтлэг хүсэл, сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ үеийн залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбоог байгуулахаар шийдвэрлэсэн байна. Өдгөө тус холбоо нь залуучуудын хүсэл эрмэлзэл, эв нэгдлийн гол тулгуур болсоор өнөөдөр 26 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд салбар нэгжтэй тусгай салбарын 7 холбоо, чиглэлийн асуудал эрхэлсэн залуучуудын 16 байнгын хороо, клубүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2017 онд Монголын Залуучуудын Холбоо "Залуусаа нэмье” гэсэн уриан доор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Ухамсар нэмье, Итгэл нэмье, Мөрөөдөл нэмье, Хүсэл нэмье гэх зэрэг сар бүр онцлог уриатайгаар залуучуудруу чиглэсэн олон сонирхолтой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал МЗХ нэгдүгээр сарыг "Ухамсар Нэмье” уриан доор ухамсар хаанаас үүсдэг юм бэ?, ухамсрыг хэн, хэрхэн бий болгодог юм бэ?, Монгол ухамсар гэж бий юу?, ухамсар гэж хийсвэр ойлголт уу?, өнөөдрийн бүх асуудал зовлон бэрхшээл урамсаргүй хүмүүсээс, ухамсаргүй үйлдлээс болж байна уу? хэрэв тийм бол гарах гарц нь юу вэ? зэрэг асуудлаар залуучууд, ахмад үеийн, эрдэмтэн судлаачид, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
МЗХ 26 жилийн ойгоо тохиолдуулан МЗХ-ын бүх шатны байгууллагуудын төлөөлөгчдөд 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны ерөнхий чиглэлээ танилцуулах, ярилцах уулзалт зохион байгуулах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.