“Ухамсар Нэмье” хэлэлцүүлэг үргэлжилсээр байна
2017 онд МЗХ "Залуусаа Нэмье” уриан доор бүхий л үйл ажиллагаагаа зохиог байгуулахаар төлөвлөсөн. 1-р сарыг "Ухамсар Нэмье” уриатайгаар олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 1-р сард олон нийтийн дунд ухамсар гэж юу вэ? ухамсар хаанаас, юунаас үүсдэг вэ? ухамсрыг хэн, хэрхэн бий болгодог юм бэ?, Монгол ухамсар гэж бий юу? ухамсар гэж хийсвэр ойлголт уу? өнөөдрийн бүх асуудал зовлон бэрхшээл ухамсаргүй хүмүүсээс, ухамсаргүй үйлдлээс болж байна уу? хэрэв тийм бол гарах гарц нь юу вэ? гэх зэрэг асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.
Тухайлбал TV5 телевизийн сэтгүүлч Ө.Отгонбаатарын хөтлөн явуулдаг "Топ сэдэв” хэлэлцүүлэг нэвтрүүлэгт "Ухамсар” сэдвийн хүрээнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Э.Жигмэддорж, МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ж.Даваа нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Etv телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэгт "Уламжлал ба Ухамсар” сэдвээр Icomos дурсгалт галерейн олон улсын зөвлөлийн Монголын Үндэсний хорооны дарга Н.Уртнасан, Ахмад сэтгүүлч Я.Сумъяа, МУБИС багш доктор профессор Д.Хүү, Монгол Улсын Гавъяат багш Ц.Түвшинтөгс, МЗХ-ны дэргэдэх ЗХПТ захирал Г.Эрдэнэгэрэл нар оролцож ухамсарын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. VTV телевизийн Boldko’s ток шоунд МУИС-ийн сургалтын албаны дарга Ч.Ундрам, "Манлайлах урлаг төв”-ийн захирал Б.Сайнбаяр нар оролцож орчин үеийн залуусийн ухамсар, ухамсрын талаарх ойлголтынхоо талаар ярилцсан.
Иргэд, олон нийтэд ухамсрын талаарх ойлголтыг олон талын байр сууринаас хүргэх үүднээс дараа уулзалтаа Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Уламжлал ба Ухамсар” сэдвийн хүрээнд олон нийттэй нээлттэй ярилцах юм. Уулзалт 1-р сарын 25-ны 17:00 цагт МЗХ-ны Залуус танхимд болно. Ухамсрын талаар ойлголт, санаа бодлоо илэрхийлэх, ухамсар гэж юу болох, ухамсраа нэмэх хүсэлтэй хүн бүрт тус лекцэд оролцох боломжтой.