“БИД ХАМТДАА” Үндэсний форум хоёр дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө
МАН-аас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа” үндэсний форум хоёр дахь өдрөө амжилттай үргэжиллээ. Өчигдөр "Бид хамтдаа” үндэсний форумаар "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлгээр эхэлж "Банк санхүүгийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, "Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, "Үйлдвэрлжилт, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, "Бизнесийн орчны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, "Дэд бүтцийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” зэрэг зургаан салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Энэ үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Энэ форумаас нэгдсэн шийдлийн хувилбарууд гарч ирэх юм. Тэдгээр гарц шийдлийг Засгийн газар болон УИХ-ын хэмжээнд ярьж ажил хэрэг болгоно. Гэхдээ эрх баригч гол хүчин маань бидний санал санаачилгыг хүлээж авахгүй бол хэцүү л дээ. Тэгэхээр эрх баригчдыг хүлээж авах хэмжээнд иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн мэргэд, судлаачид, улс төрийн намууд хамтарч алхъя гэж байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, өндөр хөгжилтэй улс орнуудын хамгийн нийтлэг жишиг бол улстөрчид нь хэт их цэцэрхдэг, бүх л зүйл рүү орж очдог биш эрдэмтэн мэргэд, судлаачдынхаа үгийг сонсдог. Товчоор бол шинжлэх ухаанч байдлаар асуудалд ханддаг. Нөгөө талаасаа тухайн салбарынхаа зовлон, жаргалыг нэгд нэгэнгүй мэддэг хүн гэдэг гарц, шийдлийг мэднэ л гэсэн үг. Тэгэхгүй улстөрчид нь юм юм руу үсчээд байхаар ёстой нөгөө "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэдэг шиг улстөрчдийн нүдэнд бүх л зүйл сайхан харагдаж байгаа. Ийм байдлаас ангижрахын тулд л бид өнөөдөр салбар салбарын эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжилтнүүдийн үгийг сонсох үүднээс "Бид хамтдаа” үндэсний форумыг тав хоногийн турш зохион байгуулж байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд л бизнесийн салбарынхан Тусгаар тогтнолын ордонд хуран чуулж байна. Өнөөдөр бизнесийн орчинд ямар ямар асуудал тулгамдаж байна, тэдгээр асуудлаас яаж гарах вэ гэдэг шийдлийг ярина. Тэгэхээр Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа” үндэсний форум маш өгөөжтэй болж байна” гэлээ.
Мөн энэ өдөр Тусгаар тогтнолын ордны Залуус хөгжлийн төвд "үйлдвэржилт, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр тухайн салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачид чуулсан юм. "Үйлвэржилтийн бодлого ба жижиг дунд үйлдвэрийн Монголын эдийн засагт нөлөөлөх нь” сэдвээр ЖДҮ-ийг дэмжих газрын дарга асан Г.Ням-Осор, "Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй нь боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн үндэс болох нь” сэдвээр ХХААЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга асан, доктор Л.Чой-Иш нар илтгэл тавьсан бол "Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны Ерөнхийлөгч Л.Цандэлэг мэдээлэл хийлээ. ЖДҮ-ийг дэмжих газрын дарга асан Г.Ням-Осор "Нэг хэсэг монголчууд уул уурхай биднийг хөгжилд хөтөлнө гэж маш их шуурсан. Одоо болохоор хөдөө аж ахуй, мал аж ахуй биднийг хөгжүүлнэ гээд шуураад байна. Товчхондоо нэг тийшээ маш их савладаг гэсэн үг. Үндэсний зөвшилцөлд хүрээгүй саваад байдаг зовлонтой” хэмээсэн. Мөн "Үйлдвэр хөгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл бол банкны зээл байдаг. Манай банкны зээлийн жилийн дундаж хүү 20.6, банк бус санхүүгийн байгууллага 36, ломбард 50-55 хувь байдаг. Харин манай хөрш зэргэлдээ орнуудаас ОХУ 12, Солонгос 5.65, Хятад 5.3, Тайланд зургаа, Швейцарь хоёр хувь байдаг юм байна. Ийм өндөр хүүтэй зээлээр жижиг дунд үйлдвэр яаж хөгжих юм бэ” гэсэн юм. Ийнхүү МАН-аас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа” үндэсний форум хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж өндөрлөлөө.
Д.СҮХ