“Түндэмүн” сауны босс Халх голд эзэн суухаар болов
Нэг хэсэг алт ухаж, газар хөндөж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан харийнхан өнөөдөр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоожээ. Солонгосчуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар үржил шимт хөрстэй.
Аль 1970-аад онд энд Халх голын САА гэж том айл байв. Тус САА 1989 онд 35.000 тонн үр тариа хураан авч, улсын аварга болж байсан түүхтэй. Тэр үед үтрэм дээр ургац нь багтахгүй хальж, Чойбалсан хотын гурилын үйлдвэр рүү ачуулаад ч дийлдэхгүй, их үр тариа асгарч байжээ. Ямар сайндаа Дорнод аймгийн хэмжээнд тэр их буудайг агуулах сав олдохгүй сандарч, хөрш зэргэлдээ Хэнтий аймаг руу ачуулж, ургацаа хадгалах савгүй болсон учраас ЗХУ-ын Чита муж руу хүртэл зөөж байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө ургац найгаж байсан энэ газар өнөөдөр атаршчихаад байгаа нь үнэн.
Гэхдээ Атрын гуравдугаар аяныг эхлүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр идэх хүнсээ бэлтгэж, нэг ч гэсэн хүнийг ажлын байртай болгох хүсэлтэй олон мянган хүн эх орны торгон хил Халхын голыг харийнханд өгөхийг эсэргүүцэж байна. Үнэнийг хэлэхэд, солонгосчууд энэ газар нутаг дээр тариа тарьж, ногоо суулгаж, түүнийг нь монголчууд хүртэнэ гэхэд итгэх хүн алга. Солонгосчуудын бүхэл бүтэн том хот Халх голын хөвөөн дээр л бий болно гэдэгт тэд эргэлзэхгүй байна. Ингэж хардах үндэслэл ч бий. Халхын гол бол газар тариалангийн бүс нутгаас хамгийн их үржил шимтэй нь.
Гэхдээ газрын үржил шим ч гэсэн хязгаартай. Халх голын ойролцоох газар нутаг хэзээ нэгэн цагт монголчуудыг тэжээж, амин зуулгыг нь залгуулах ёстой. Дээр нь түүхийн онц дурсгалтай газар. Тиймээс энэ нутгийг харийнханд өгч хэрхэвч болохгүй гэж учир мэдэх улс ярьж байна. Тэр ч бүү хэл, энэ төслийг дэмжигч хэдэн нөхөр Монгол Улсын Ерөнхий сайдад төслөө танилцуулах, түүнээс дэмжлэг авах гэж нэг бус удаа оролдсон ч тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд тэднийг хүлээж аваагүй гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Их хэмжээний газар нутагтай холбоотой асуудал учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, Засгийн газар дээр хэлэлцэгдэж, төрийн түвшинд хүртэл яригдах нь тодорхой байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яагаад гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон нь тодорхойгүй үлдлээ.
Үүнээс гадна "Түндэмүн” сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас авсан” гэсэн чихэнд чимэггүй мэдээлэл чих дэлсэж байна. Улаанбаатар хотод орших "Түндэмүн” сауны эзэд "Хан Соламон” компанитай бөгөөд Дорнод аймагт 40 мянган га газар авчихсан байгаа аж. Энэ газар хэрхэн ашиглагдаж байгаа нь тодорхойгүй байхад 270 мянган га газарт загвар ферм байгуулна гэдэгт итгэх хүн үгүй. Үнэхээр л тэд загвар ферм байгуулах гэж байгаа юм бол 27 га газар ч хангалттай гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал.
Монголын торгон хил, түүхийн гашуун үнэнийг хөрс шороондоо хадгалсан Дорнын буурал тал, Халхын гол харийнхны мэдэлд шилжээд дуусах нь ээ.