Намууд нэр дэвшигчээ энэ долоо хоногт багтаан СЕХ-нд бүртгүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдлээ. Хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас намын дарга Н.Энхбаяр нар дэвшихээр болоод байгаа юм. Тэгвэл хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ энэ долоо хоногт буюу пүрэв гаригаас өмнө СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Тодруулбал,
Тавдугаар сарын 11. Нэр дэвшүүлэх хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байранд ирүүлэх учиртай аж.
Тавдугаар сарын 14. Харин сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.
Тавдугаар сарын 17. Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсанаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэхээр болжээ.
Зургадугаар сарын 6-25. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ыг дуустал үргэлжилнэ.
Б.Анир
Сэтгэгдэл байхгүй байна.