Жирэмсэн эмэгтэйчүүдийг мах, өндөг идэхгүй байхыг уриалжээ
Энэтхэгийн засгийн газар жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн товхимол гаргасан байна. Түүндээ жирэмсэн бүсгүйчүүдийг мах, өндөг идэхээс татгалзахыг уриалан, сексийн тухай бодлоо ч авч хаяхыг зөвлөжээ.
"Эх болон хүүхдэд санаа тавих нь” хэмээх нэртэй энэ зөвлөмжийг Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны яам эрхлэн гаргасан бөгөөд энэхүү баримт бичигт "хэдэн зуун жилийн турш хуримтлагдсан цэцэн мэргэн ухааны” өвөөс дурдагдсан гэж тэмдэглэсэн тухай Daily Mail мэдээлсэн байна.
Харин тус улсын ихэнх эмч, мэргэжилтнүүд энэхүү зөвлөмжид шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. "Засгийн газар шинжлэх ухаанч бус зөвлөгөөг түгээн тарааж байна. Ядуу буурай жирэмсэн эмэгтэйчүүдэд шим тэжээлтэй хоол хүнс олгох талаар бодолцохын оронд мах, өндөгнөөс татгалзах зөвлөгөө өгч байгаа нь тэдний хүнсний илчлэг чанарыг бууруулан, байдлыг улам муутгахаар байна” хэмээн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч Арун Гадре өгүүлжээ.
Энэтхэгийн 1,3 тэрбум оршин суугчдын бараг гуравны нэг нь өдрийн хоёр доллараар амь зогоодог талаар Guardian мэдээлж байсан билээ. Олон сая энэтхэгчүүд өдөрт ганц удаа хооллон, эмэгтэйчүүд нь олдсон хоол хүнсээ нөхөр, хүүхдүүдтэйгээ хуваалцан аж төрж байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.