Х.Баттулга VS С.Эрдэнэ
"С.Эрдэнийг намын даргын сунгаад МоАХ дэмжсэн учир ялсан” гэдэг яриа МоАХ-ынхны дунд түгэн дэлгэрсэн байхад "Х.Баттулгыг
Шонхор дэмжсэн учир Ерөнхийлөгч болсон” гэх яриа Шонхор фракцийнхны уриа шахуу болсоор жилийн нүүр үзэх гэж байна. Олны үг ортой гэдэгчлэн энэ хоёр эрхмийн дээрх тохирооны үндсэн дээр хоюул өндөр албан тушаалд очсон байхыг үгүйсгэхгүй ч мэдээж Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход Ардын намынх нь журамт дүү нарын үүрэг багагүй байсныг сонгуулийн дараа бүгд мэдсэн.
Тэгвэл МоАХ-ын тэргүүн Ерөнхийлөгч маань Шонхорын тэргүүн Ардчилсан намын даргатай сүүлийн үед нэг л таарч тохирохоо болиод тогооноосоо халих дөхөөд байгаа гэнэ билээ. Угтаа бол Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан ч Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа өнгөн дээрээ ч болтугай нам бус статустай болох ёстой Ерөнхийлөгч маань эгээтэй л Ардчилсан намын дарга шиг аашлах болсон нь эрхэм С.Эрдэнэд таалагдахгүй байгаа бололтой. Тэрбээр хэдийнэ Шонхорынхноо хайрцаглаад эхэлсэн сурагтай. Ерөнхийлөгчийнхөө хүмүүсийг дэвшүүлэн зайлуулах замаар замаа цэвэрлэж, Ардчилсан намыг өөрийн хүмүүсээр дүүргэх үйл ажиллагааг хэдийнэ эхэлчихсэн нь, Ерөнхийлөгчийнхөө санааг чилээж эхэлжээ. Тийм учраас л Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ тарах ёстой, Ерөнхийлөгчийн засаглал” гэх мэт башир аргыг хэрэглэж, МоАХ-ныхоо партизануудаар өөрийн үгийг ард түмний үг мэтээр дайж, Ардчилсан нам байтугай Монгол Улсыг ч авах чадалтай аавын хүү гэдгээ С.Эрдэнэ мэтэд харуулахаар зүтгэж эхэлсэн нь илэрхий боллоо.
Х.Баттулга, С.Эрдэнэ 2 бол хэн нь хэнээсээ дутахааргүй хор найруулагчид. Хэнийх нь найруулсан хор Ардчилсан намынхныг өөрийн болгох вэ гэдгийг аль эртнээс олоод харчихсан ч байж магадгүй юм. Х.Баттулга хүчтэй юу, С.Эрдэнэ хүчтэй юу гэдгийг харах л үлдлээ.
power.mn
Сэтгэгдэл байхгүй байна.