Мэргэжлийн байгууллагын ажлыг мэдэгдлээр хийхгүй ээ
Шатахууны үнэ дахиад нэмэгдчихлээ. 2018 он гарсаар гурав дахь удаагаа нэмэгдэж байгаа нь энэ. Засгийн газар, нефть импорлогчдын гурав дахь хулхидалт. Мэдээж хохирогч нь иргэн бид бүгдээр. Өөрөөр хэлбэл та бид хамтаараа хулхидуулагчид. Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард шатахууны үнэ нэмэгдэхэд Засгийн газраас дахин үнэ нэмэх асуудал гаргуулахгүй, нефть импорлогчдыг давраахгүй гэж амласан. Энэ амлалт шал худлаа байлаа. Ерөөсөө л яг хулгайч, луйварчдын арга барилаар төр, засаг төдийгүй хувь, хувьсгалын хэвшлийнхэн ажиллаж, дадаад сурчихлаа. Зөвхөн шатахууны үнийг нэмэх тохиолдолд бус нийт олонд хохиролтой бүхий л шийдвэрийг нөхдүүд ямагт баяр наадам, амралтын өдрүүдээр гаргадаг болсныг бидний хэлж заншсанаар ёстой нөгөө долоон буудлын долгор эмээ ч андахгүй мэддэг болчихлоо шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард яг наадмын өмнөх өдөр хоёр дахь удаагаа шатахууны үнийг нэмчихсэн. Хөгийн араншин гаргасан байгаа биз.
Баяр наадмын уур амьсгалд хөөрчихсөн монголчууд төдийлэн анзааралгүй өнгөрсөн. Нефть, шатахууны асуудлыг харъяалсан салбарын сайдаас нь тухайн үед яагаад шатахууны үнийг нэмэхгүй гэж амлачихаад нэмээд буйг нь сонирхсон сэтгүүлчид "Шатахууны үнэтэй холбоотой ямар ч асуултад хариулахгүй” гэж хээв нэг, пээдгэр хариулт өгсөн байдаг юм. Гэсээр байтал энэ сард нефть импорлогчдын зүгээс гурав дахь удаагийн ширвэлтээ ард түмэнд үзүүллээ. Ерөнхий сайд энэ үед "Засгийн газарт шатахууны үнийг зохицуулах чадал алга” гээд хэлчихлээ. Арчаагаа ч алджээ. Монгол улсад яг өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний талаар барьж буй бодлого гэж үнэхээр алга. Яагаад гэвэл шатахууны үнийн Зөвлөл, ашигт малтмал, газрын тосны газрынханд энэ асуудлыг мэддэг, хариуцдаг этгээд байдаггүй юм байна гэдгийг бичиж буй сэдвээрээ тодруулга, мэдээлэл авах гэж хөөцөлдөж явахдаа ойлгосон юм.
Өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний талаар барьж буй бодлого гэж үнэхээр алга
Би мэдэхгүй, юу ч мэдэхгүй гэсэн нөхдүүд л олон болж. шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт ирсэн өргөдөл, гомдол гэж найгүй олон болсон хэдий ч энэ газар аль хэдийн хөшчихсөн шүү дээ. Яг үнэндээ шөхтг нь О.Магнайгаас хойш "амьгүй” болсон байгууллага. Нэг бус удаа сүртэй, дуулиантай мэдэгдэл гаргахаас өөр хийж буй ажил энэ байгууллагад лав алга аа! "Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн болохыг тогтоолоо”. "Оруулж ирсэн шатахуунаа дахин нэрдэг, химийн бодис хольж чанаргүй бензин түгээдэг хэд хэдэн компанийг олж тогтоолоо”, "Энэ зөрчлөө даруй засахыг тэдэнд үүрэг болгосон” энэ тэр гээд олон нийтийн анхаарлыг онц сонирхолтойгоор татсан мэдэгдлүүд нь юу болоод хоцорсон бэ, үнэхээр үнэн байсан уу! Мэдэгдэл нь үнэн юм бол, үйл ажиллагаа нь үнэхээр хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө юм бол яагаад эрх ашгийг маань хохироогоод байгаа тэр компаниудын нэрийг зарлаж болдоггүй юм бэ? Нэрийг нь зарлахад л энэ бүх хулхи ажиллагаа таслагдах шүү дээ. Ингэж чадахгүй байгаагаас өөр нэгний эрх ашиг хамгаалдаг байгууллага болжээ гэсэн ойлголт хэн бүхэнд төрөх боллоо.
Илрүүлсэн зөрчлөө арилгуулах талаар ямар ч ажил хийдэггүй юм бол анхнаасаа илрүүлэх гэсний хэрэг байв уу. Нэгэн цагт БОЯ-ны сайд явсан эрдэмтэн, судлаач Ц.Адъяасүрэн гуайн гаргасан нэг судалгаатай та бүхнийг танилцаасай гэж хүсэх байна. Эрхэм эрдэмтний судалгаанаас харахад манай шатахуун итпортлогч компаниуд оруулж ирсэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүй байдалд ордог бололтой. Бид энэ хэдэн компаниудыг зүхээд байдаг болохоос биш хэрэг дээрээ Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоос хамаардаг болохыг ойлгохыг хүсдэггүй. 2013-2016 онд шатахууны үнэ огтхон ч нэмэгдэж байгаагүй билээ. Гэтэл сүүлийн хоёр жилд шатахууны үнэ даруй 800 төгрөгөөр нэмэгдчихлээ. Үнэхээр бодлогын зохицуулалт огт байхгүй болжээ. Янз бүрээр өөрсдийгөө өмгөөлөөд л байдаг. Сүүлийн таван жилд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй буурч байлаа. Гэтэл энэ он жилүүдэд Монгол улсад шатахууны үнэ харин ч эсрэгээр өссөөр ирсэн нь Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татвар шат дараалан нэмэгдсэнээс шалтгаалсан явдал байлаа.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурах тусам Монголд татвар нь нэмэгдэж байдаг бодлогыг нээрээ хэрхэн тайлбарлавал зохилтойг мань мэт лав мэдэхгүй юм. Тухайлбал, 2013 онд шатахуун оруулж ирэхэд ногдох хилийн татвар нийт өртгийн гурван хувийг эзэлж байсан бол өнөөдөр 34 хувь болсон байна. Монгол улсын дотоодын зах зээлд худалдаалж байгаа түлш, шатахууны жижиглэнгийн үнийг тогтоохдоо уг бүтээгдэхүүнийг оруулж ирсэн импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, мөнхүү олох ашгаас нь харгалзаж үздэг юм билээ. Өнөөгийн байдлаар Монголд нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх нийт өртгийн 46 хувийг импортын үнэ, 34 хувийг татвар, 15 хувийг үйл ажиллагааны бусад зардал, үлдсэн таван хувийг ашиг эзэлж байдаг юм байна. Эндээс харахад нефть импортлогчид тийм ч таатай байдалд байдаггүй аж. Шатахуун бол Монголын хувьд стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс Засгийн бодлого маш зөв, тодорхой байх учиртай. Засгийн ийм бодлогогүйгээс, магадгүй бодлого байдаг бол маш муу учраас монголчууд дэлхий дээр хамгийн үнэтэй, хамгийн чанаргүй шатахуун хэрэглэдэг, хамгийн бухимдалтай улсын нэг болчихоод байна. Засгийн газрын татварын бодлогоос шууд хамааралтайгаар Монголын нефть импортлогч компаниуд хэрэглэгчдээ хулхидах болсон нь харамсалтай.
Хуурамч шатахуун түгээдэг үзэгдэл түгээмэл болж эхэллээ. Оруулж ирсэн шатахуунаа дахин нэрэх, найрлагад нь сольвент хэмээх холимог бодис, мөн керосин хольж хэмжээг нь ихэсгэх гэх мэтээр арга мэх нь нарийссаар. Адилтгаж тайлбарлавал, 500 грамм спиртийг усаар найруулж таван шил архи болгож зардаг байсантай ижил үйлдлийг тэд хийж байна. Дээр дурдсанчлан энэ бүхэнтэй тулж тэмцэх учиртай байгууллагууд таг чиг суусаар л... Хулхи бензин, түлшнээс болж Монголоор нэг эвдэрсэн, утаа баагиулсан машин пиг дүүрлээ. Ингэж бид "Би үхэхээр чи үх” гэсэн хандлагаар хэдий болтол бие биенээ хуурч, хохироож амьдрах юм бол оо! эцсийн эцэст Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа уян хатан болгох, эс бөгөөс шатахуун импортлогч компаниуд дотоод борлуулалтын үнээ улам нэмээд байхаас өөр гарц алга. Шатахууны үнийн өсөлтөөс хамаарч бусад хэрэглээний үнэ, өртөг нэмэгдээд талийлаа. Нийгмийн бухимдал улам өтгөрсөөр! "Аливааг араа даадаг чадалтай байж үйлд” гэж хаанаас ч билээ сонссоноо саналаа. Ард түмнийг хулхидсаар буй нөхдүүд бодвол араа баттай даадаг болоод л тэр байх гэж найдъя!
Ш.Даваадорж
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.