Х.Сугир: Төрийн анхаарлын гадна хаягдсан хүмүүс энд байна
ХЭҮК, Бодлогын Инновацийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Өмнөговь аймгийн уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүний эрх ноцтой зөрчигдөж, амьд явах эрх нь алдагдсан гэх дүгнэлтийг хийлээ. Монголын хамгийн үнэт баялаг эргэлдэж буй энэ бүс нутгийг зөвхөн мөнгө гэж харснаас ХҮН хаягдаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч буйг судалгаа харуулав. Ганцхан баримт, 2010-2018 онд нүүрсний замд 50 гаруй хүний амь үрэгдсэн байна. Тавантолгойн бүс нутагт амьдарч, ажиллаж байгаа ХҮНийг бодох цогц бодлого хэрэгтэй байгааг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Тавантолгой дагасан бүс нутгийн иргэдийн хүний эрх ноцтой зөрчигдөж, нэлээн хүнд байдалд хүрснийг судалгаа харууллаа. Нутгийн удирдлагууд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тавантолгойн уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн эрх олон талаар зөрчигдөж байгаа нь бодит үнэн. Гол учир шалтгаан нь төр ч, уул уурхайн тухайн компаниуд ч, тээвэрлэгчид ч бүхний нэгдүгээрт мөнгийг тавьсан. Төрөөс Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэдэг. Тэгвэл тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах орчны талаар бодож байгаа юм алга. Бусад компани ч ялгаагүй. Нүүрсээ их хэмжээгээр экспортод гаргая л гэж бодсоноос манай нүүрсийг ачаад явж байгаа жолооч осол авааргүй байх, эрүүл мэндэд асуудалгүй байх гэдгийг боддоггүй.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаж, надаар ахлуулсан ажлын хэсэг энэ замд ажилласан. Бид гурван чиглэлд онцгой анхаарал хандуулсан. Нэгдүгээрт, тээврийн зам хариуцдаг Гашуунсухайт автозам компани юу хийдэг вэ. Хоёрдугаарт, тэнд ажиллаж байгаа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар байна вэ. Гуравдугаарт, тээвэр хийж байгаа компаниудын үйл ажиллагаа ямар байгааг шалгасан.
Гашуунсухайт автозам компани нэг машинаас явах тутамд нь 200-350 мянган төгрөг хураадаг. Мөнгө л хураадаг ажилтай байгууллага байна. Зам засах талаар хийж байгаа ажил алга. Хураасан тэр олон тэрбум төгрөг хаашаа явдаг юм бэ. Төрийн оролцоотой бүх аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн Эрдэнэс Монгол компани руу бүх мөнгө нь ордог гэнэ. Эндэхийн эвдэрсэн зам жилийн дараа засагдвал зол. Гашуунсухайт автозам компани дэргэдээ зам засварын нэгжтэй байх шаардлагатай. Харин чадахгүй бол орон нутагт нь өгөх хэрэгтэй. Зам дээр гарч байгаа осол аваар, хүний амьтай холбоотой бүх гомдол орон нутагт ирдэг. Гэтэл орон нутагт асуудлыг шийдэх ямар ч эрх байхгүй. Засаг төр нь ч, компаниуд ч хүнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй байна.
-Компаниудын тээвэрлэлтэд анхаарал хандууллаа гэж ярилаа. Тэнд ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Гашуунсухайтын замд 11 600 хүнд даацын машин явж байна. Үүнийг хариуцсан тээврийн 160 гаруй компани байна. Энэ компаниуд жолооч нараа байрлуулах кэмптэй, засварын газартай, ХААБ-ын мэргэжилтэнтэй, бага эмчтэй байх ёстой. Ийм шаардлага хангасан аж ахуйн нэгж 20 гаруй л байна. Аймгийн ИТХ-аас ажлын хэсэг байгуулагдсан. Гашуунсухайт, Шивээ Хүрэн чиглэлд тээвэр хийж байгаа компаниудыг нэгбүрчлэн шалгана. Тэгээд асуудлыг ярина. Төр засаг дээрээ бүхнээ төвлөрүүлчихээд шийдэж чадахгүй бол орон нутагт эрх мэдлийг нь өг.
-Хүний эрхийн зөрчил хувийн компанид илүү байна уу? Эсвэл төрийн эзэмшлийн компанид уу?
-Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой хоёр тээврээ өөрсдөө хариуцдаггүй. Жолооч нарын эрүүл мэнд, хүний эрхэд нь огтхон ч анхаардаггүй гэсэн үг. Энэ компаниуд өөрсдөө тээвэрээ хийж, жолооч нарынхаа эрүүл мэндийг анхаардаг болох хэрэгтэй. Жолооч нар ямар эрсдэл дунд явж байгаагаа ойлгохгүй байна. Өнөөдөр л таван төгрөг олчихвол маргааш эрүүл мэнд нь ямар байхыг боддоггүй. Зам маш муу учраас жолооч нарын бөөр нурууны өвчлөлтэй ярих юм байхгүй. 25-40 насныхан 10 жил жолоочоор ажиллаад 50 нас гараад хэвтэрт орвол яах вэ. Монгол Улс нуруу нугас, бөөр давсагны өвчтэй бүтэн "арми”-тай болвол яах вэ. Үүнийг төр засаг ч, аж ахуйн нэгжүүд ч онцгой анхаарах ёстой.
-Тээвэрээ өөрөө хариуцдаг Энержи Ресурс компанид ямар давуу тал байна вэ?
-Энержи Ресурс компани тээврээ өөрөө хийдэг. Жолооч нараа хариуцлагатай байлгаж чадаж байна. Техникийн бүрэн бүтэн байдлаа хариуцаж, жолооч нарынхаа эрүүл мэндийг анхаарч чадаж байна. Харин ингэхгүй байгаа төрийн компаниудтай хүний эрхийн тухай ярих хэцүү. Ар гэрээ тэжээхийн тулд жолооч нар хэдэн сар гэртээ харихгүй явж байна. Маргааш амьд байх үгүйгээ мэдэхгүй хэдэн жолооч амь хайргүй явдаг. Төр засгийн анхаарлын гадна хаягдсан хүмүүс энд байна. Сайд, дарга нар өчнөөн хүмүүс газар дээр нь ирж үзээд явдаг. Ямар ч үр дүнгүй, бахь л байдгаараа. Төрийн зөв бодлого үнэхээр хэрэгтэй байна.
-Орон нутагт асуудал шийдэх ямар ч эрх байхгүй гэж үү?
-Газар, үл хөдлөх хөрөнгө, усны төлбөр, авто тээврийн хэрэгслийн татвар аймгийн төсөвт ордог. Энэ мөнгөө төвлөрүүлж, төсөв давбал орон нутаг хийх ажлаа хийнэ.
Уурхайнуудаас агаар бохирдуулсны төлбөрт жилд 20 гаруй тэрбум төгрөг авдаг. Энэ мөнгөнөөс Өмнөговь нэг төгрөг ч үлддэггүй. Бохирдсон агаар нь Өмнөговьд байхад мөнгө нь үлдэггүй. Ашигт малтмалын орлогын 30 хувь нь орон нутагт зарцуулагдах ёстой. Гэтэл улс их өртэй, төсөв бүрдэхгүй байна гэж татаад авчихдаг. Энэ бол төрийн буруу бодлогын үр дүн.
В.Бат
Сэтгэгдэл байхгүй байна.