Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бичиг өргөж, Сайдыг огцруулах саналтай 7 хоног
Улирч уй долоо хоногийн даваа гарагт улс төр уламжлал ёсоор УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар эхэлсэн. Сонирхолтой нь МАН-ын бүлгийн хуралд "урилгагүй зочин” оролцсон нь Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Тэрбээр төсвийн асуудлаар тус бүлгийнхэнтэй ярилцсан гэх. Харин үдээс хойш тэрбээр УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөх саналаа өргөн барьсан нь урьд өмнө байгаагүй жишиг болов. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах үндэслэлээ тэрбээр 2019 оны төсвийн зарим заалт, тухайлбал тойргуудад хуваарилж буй хөрөнгө оруулалт болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Парламентад үнэмлэхүй олонхийг нэг нам бүрдүүлж байгаа ийм нөхцөлд өөрийнх нь хүссэнээр УИХ тарахгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн гэвэл Ерөнхийлөгч өөрөө л дөө. Тийм болохоор олон нийтийн зүгээс популизм гэж харж байгаад хачирхах зүйл огтхон ч үгүй.
Ерөнхийлөгчийн энэ "болчимгүйдэл” угаас идэвхтэй улс төржилтийг улам дэвэргэж, Ардчилллын анхдагчууд гэх хүмүүс хэвлэлийн хурал хийж "хийрхэв”. Баасан гарагт тэнгэр хангай эвгүйрхэж, хүйтэн салхитай байсан ч Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжихээр хэсэг "эх орончид” улсынхаа төв талбайд улаан майхнаар ижилссэн тухай цахимд жиргэж байна.
УИХ төсвийн хуулиар "түргэн авав”
Хууль тогтоогчид энэ долоо хоногт 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв. Цаанаа хуулиар тогтоосон цаг хугацаатай болохоор УИХ-ын хувьд хоолойд тулсан асуудал гэвэл 2019 оны төсвийн төсөл болон түүний дагалдах хуулиудыг хэлэлцэж батлах байлаа. Гэтэл Лхагва гарагт Сангийн яам төсвийн төслийг эргүүлэн татаж магадгүй, эсвэл төсвийг задлана гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд яригдаж эхэлсэн нь анхаарал татсан. Төсвийн төслийг задлах гол шалтгаан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын шахаж шаардаж буй 15 хувийн хэмнэлттэй холбоотой гэж яригдаж байсан дээрхи мэдээллийн дараа Сангийн яам төсвийг эргүүлэн татахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн төслийг эргүүлэн татах бодит нөхцөл ч үнэндээ бага, хуулийн хугацаанд баталж чадахгүй байх эрсдэл үүсэх магадлалтай байв.
Харин өчигдөр /2018.11.02/ УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн хуулийг бүхэлд нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2-91.1 хувийн саналаар баталлаа. Төсвийн хууль батлагдах цаад хугацаа энэ сарын 15-ны өдөр. Харин энэ жилийн төсөв 14 хоногийн өмнө батлагдаж цаг хугацааны хувьд шинэ жишиг тогтоов бололтой. Ингэх шалтгаан Их хуралд байсан биз.
Харин хууль тогтоогчид төсвийн төслийг батлахаар ингэж "түргэн авсан” шалтгаан юу байв?
Энэ долоо хоногт МАН-ын бүлэг ээлжит бусаар хоёр ч удаа хуралдсан. Тэд энэ үеэрээ "Засгийн газрын байдал хүнд байгаа ийм үед төсвөө татаж авах нь эрсдэлтэй. Мөн задлаад дахин хоёр дахь хэлэлцүүлэг хийвэл бидний нэр хүнд унана. Тиймээс төсвөө задлахгүйгээр энэ хэвээр нь батлая. Дараа нь Ерөнхийлөгчийн хориг орж ирэхээр хүлээж авах боломжтой хувилбарууд дээр ярилцах ёстой” гэсэн байр суурин дээр санал нэгдсэн бололтой. Ямартай ч араас нь ирэх хоригтой ч гэлээ Төсвийн хуулиа батлаад авсан нь Засгийн газар айдаггүйгээ авдранд хийсэнтэй адил явдал болов. Цагийн байдал ороо бусгаа энэ үеэр төсвөө "түрийвчиндээ” хийчихнэ гэдэг "ноосоо тушаасан"-аас ялгаа юун. Ингэснээр хоолойд тулсан бусад асуудалдаа анхаарал хандуулах боломж ирж байна.
Намрын сүүл сартай давхацсан Засгийн газрын "барцад”
Намрын сүүл сарын энэ өдрүүдэд Засгийн газар барцад ихтэй байна. Танхимынхаа нэг сайдын шилийг харах нь тодорхой болчихлоо. Ахиад цаашаа нэмэгдэж болзошгүй гэж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс одоогийн нэр бүхий сайд дарга нар албан тушаал эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр зээл авсан нь олонд тодорхой болоод буй. Яг ийм шалтгаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг халагдах өргөдлөө өгөөд байгаа бол мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон ЖДҮХС-ийн дарга тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байна. Ерөөс ЖДҮХС-ийн зээлийн асуудал Засгийн газар болон өнөөгийн эрх баригч улс төрийн хүчинд хүндхэн цохилт болж, нэр нүүрийг нь улалзуулж эхэллээ.
Саяхан ЗТХ-ийн сайдаар томилогдсон Я.Содбаатарын хувьд ч шинэ ажлынх нь гараа эвгүй илэрхийлэлээр эхэлж мөнөөх сангаас их хэмжээний зээл авагчдын нэгнээр тодроод буй.
Засгийн газрын энэ мэт бүтэлгүйтэл сөрөг хүчнийхэнд бэлэн зэлэн өгөөш болов. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж тавина гэсэн мэдээлэл Төрийн ордоноос салхилж байна.
Үйл явдлын товчоон
-Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад ноос, ноосон эдлэл, арьс шир, ноолуур, ноолууран эдлэл, оёдол, хүнс, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл оролцлоо.
-Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэ хүрээнд ОУВС-гаас дахин 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авахаар боллоо
-Монголбанк 2018 оны 10 дугаар сард 3.4 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2.5 тонн алт худалдан авч байснаас 34%-ийн өсөлттэй байна. Монголбанк 2018 оны эхний 10 сард 17.7 тонн алт худалдан аваад байна. Өмнөх оны мөн үед 17.2 тонн алт авч байжээ.
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл дуусч хүлээж авлаа. Нийт 30 сая ам.долларын төсөв өртөгөөр баригдсан гүүрийг мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээн мэдэгджээ.
М.Нэргүй
Сэтгэгдэл байхгүй байна.