Тэрбум доторх тоог цээжээр боддог ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮ
Дөрөвхөн настай хэрнээ тэрбум хүртлэх тоог цээжээр бодож, уншиж, тэр бүү хэл англиар хэлдэг, 200 орны төрийн далбааг төвөггүйхэн нэрлэдэг энэ хүүг А.Очбилэг гэдэг. А.Очбилэг хүү ямар нэгэн дугуйлан секц, сургалтад хамрагдаагүй. Зөвхөн ээжийнхээ зааснаар тоглоом тоглохдоо үржих, хуваах, нэмэх, хасах үйлдэл хийсээр байгаад ямар ч тоо асуусан цээжээр боддог мундаг тоочин хүү болжээ.
Түүний ээж П.Ариунзаяа хүүхдийн тархи 2-3 насанд хамгийн дээд цэгтэй хүртэл хөгждөг. Тийм учраас энэ үед нь ой ухааныг нь тэлээд өгчихвөл том болох тусам нь хүүхэдтэйгээ зууралдаж, хичээл хий гэж шахахгүй болдог гэх мэдээлэл уншчихаад А.Очбилэг хүүг дөнгөж хоёр нас хүрмэгц А үсэг зааж эхэлжээ. Тэгэхдээ шууд үсэг, тоо заалгүй эхлээд хүүхдээ сайн ажиглаж, анхаарал нь хэдийд, ямар үед сайн төвлөрч байгааг мэдэж бага, багаар үсэг, тоо зааж холбож уншуулж, нэмж, хасах, үржих, хуваах үйлдэл бодуулж сургажээ. Хүү ч тоо бодох маш их сонирхолтой бөгөөд анх уудаг витаминаа асгаж байгаад нэгийн тоо хийж сүүлдээ шүдэнзний модоор тоо хийж түүнийгээ үйлдэлд хувирган тоо бодож сурсан аж.
А.Очбилэг телевизээс хамгийн их мэдээлэл авдаг бөгөөд сурсан зүйлээ хэзээ ч орхилгүй телевизээс авсан мэдээлэлтэйгээ холбон өөрийн болгодог аж. Жишээлбэл, тоо сурсан бол телевизээр тоо гарах үед дагаж хэлэх, цаг агаар гарвал Мөрөн хасах тэд, Замын-Үүд нэмэх тэд гэх мэтээр сурсан үсэг, тоогоо байнга давтан өөрийн болгожээ.
Одоогоос жилийн өмнөөс тоог тэрбум дотор чөлөөтэй үржиж, хуваан, нэмж, хасдаг болж ойр тойрныхон болон цэцэрлэгийн багш нь өхөөрдөн тоо асуусаар хүүгийн талаар мэддэг хүн цөөнгүй болсон байна. Манай хүүхэд адилхан дөрвөн настай хэрнээ ийм биш, яаж танай хүүхэд шиг ийм мундаг болгох вэ гэж асуух эцэг, эхчүүд ч олширсон аж. Тиймээс тэгж асуудаг эцэг, эхчүүдийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж, ямар арга барил барьж ажилласнаа А.Одбилэг хүүгийн ээж П.Ариунзаяа бидэнд хуваалцсан юм.
-Дөрвөн настай хүүхэд уншиж, тэрбум доторх тоог бодож чадаж байна гэхээр үнэхээр гайхалтай байна. Яагаад наснаас нь эрт үсэг, тоо заахаар шийдсэн юм бэ?
-Наснаас нь эрт юмыг заагаад өгчихвөл буруудаад байх зүйл байхгүй гэж боддог. Эртхэн юмыг таньж мэдээд тархийг нь хөгжүүлээд байвал зүгээр. Мэдээж би эх хүний хувьд хүүхдийнхээ ирээдүйг л бодно шүү дээ. Эрдэмтэй хүн болоосой, эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэж боддог. Тийм болохоор би хүүхдийн төлөө юу хийх вэ бидэнд өнөөдөр бариад өгөх хөрөнгө байхгүй ч мэдлэг боловсрол олгох юмсан гэж бодож л үүнийг хийсэн.
Гэхдээ би залхуу ээж л дээ. Хүүхдүүд нь нэгдүгээр ангид орсон ээжүүд хичээлийг нь хийлгэх гэж яаж аргаа барж байгаа талаар пост оруулсан байдаг. Тэр бүгдийг уншаад би тэрнээс зугтаж байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл 2-3 настай хүүхдийн тархи, насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү хөгждөг гэдэг. Тэгэхээр энэ үед нь л эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх юм бол дараа нь сургуульд ороход нь зовоод байх зүйлгүй болдог гэж уншиж байсан. Тархи нь бэлтгэгдчихсэн учир дараагийнхаа мэдээллийг авах, ачаалал даах чадвартай гэдэг үүднээс би хүүхдээ бэлдсэн.
-Ямар арга барил барьж хүүхэддээ заадаг вэ? Энэ талаар эцэг эхчүүд мэдэхийг маш их хүсч байгаа байх. Мөн энэ насны хүүхдийн анхаарал төвлөрөлт удаан үргэлжилдэггүй шүү дээ?
-Арга барил гээд байх зүйл байхгүй ээ. Гол нь хүүхдээ маш сайн ажиглаж анхаарал төвлөрөх үе нь хэдийд гэдгийг нь сайн мэддэг байх хэрэгтэй. Хүү минь шөнө унтахаасаа өмнө анхаарал нь дээд цэгтээ төвлөрдөг. Ээжтэйгээ орондоо ороод л хэвтэнэ. Тэгэхдээ бид хоёр маш их ярилцдаг. Тэр үед нь А үсэг гээд заагаад ямар байдаг билээ гэхээр А үсгээ агаарт зураад л телевиз, сониноос А үсэг орсон үг заалгаад л өөрийн болтол нь цээжлүүлнэ. Болчихлоо гэх хүртлээ ийм байдлаар заагаад дараагийнх нь үсгийг цээжлүүлэх маягаар 35 үсгийг цээжлүүлсэн.
Хүү минь өөрөө ном унших их сонирхолгүй байдаг. Зөвхөн хүссэн үедээ л уншина. Энийг унш гэж хүүхдийг ер хүчилж болохгүй. Энэ насны хүүхдийн анхаарал төвлөрөөгүй байгаа шүү дээ. Нэг зүйлийг зааж өглөө, түүнийг анхаарлаа гэхэд тэр нь 20-иос илүү минут болохгүй. Тийм учраас хүүхдийнхээ анхаарал хаана, хэзээ төвлөрч, юунд сонирхолтой байгааг нь ажиглаж байх хэрэгтэй.
-Үсэгнээс гадна А.Очбилэг өөрөө тоонд их сонирхолтой мундаг тоочин хүүхэд гэсэн шүү дээ?
-Анх номын дэлгүүрээс үсэг, тоотой плакат аваад хөргөгчин дээрээ наачихаад үсэгнээс эхлээд цээжлүүлж эхэлсэн. Үсгээ дуусангуут нь доор нь байгаа тоог нь цээжлүүлсэн. Тоогоо өөрөө давтаж уншсаар байгаад маш хурдан хугацаанд сурчихсан. Тэгээд бүр сайн цээжлэхээр нь хүүхдээ сорьж эхэлсэн. Энд тэндээс нь асууж, яг өөрийн болгосон байнуу гэдгийг нь сорьсон. Ном дэвтэр гэхээс илүү телевизээс үсэг, тоо орсон үгнүүдийг заагаад л тоо орсон байвал заагаад байсан. Тэгээд нэг хэсэг сонирхож байснаа мартчихсан. Ер сонирхохгүй асуухаар хэлэхээ больчихсон. Ингээд мартчихдаг юм байна гээд бодож байтал 3 ой хүрээгүй байхдаа гэнэт энэ хэдийн тоо вэ ээжээ гээд л асуугаад сэргээгээд уншаад ирсэн. Тэгээд өөрөө тоогоо уншаад эхлэхээр нь аравт, зуут, мянгатаар уншиж сургасан. Тэгээд тоолж сурчихаад л өөрөө телевизээс он энэ тэр байвал хараад л 1965 гэх мэтээр хэлээд уншаад байсан. Нэг өдөр витамин өгсөн чинь бүгдийг нь авна гээд орилоод. Өгөхгүй гэсэн чинь авна гэсээр байгаад авлаа. Яах гэж байгаа юм бол доо гээд хартал витаминаа бүгдийг нь газар асгачихсан нэгийн тоо хийчихсэн сууж байсан. Хүүе энэ чинь ямар сонин юм бэ гээд шүдэнз өгөөд үзсэн. Тэгтэл шүдэнзээр нэгийн тоо хийгээд хасах нэг гэж бодоод нэг дээр нэмэх нь нэг гээд бодоод эхэлсэн. Тэгэхээр нь анхаарал төвлөрдөг үеэр нь хүрд цээжлүүлж эхэлсэн. 1-10 хүртэлх хүрдыг маш хурдан цээжилсэн. Хүрдээ цээжлээд дуусангуут нь давраад үржихийг зааж өгөөд бодуулаад сургачихсан байтал шүдэнзний модоор нэг хэсэг түүнийгээ хийгээд шүдэнз л харвал тоогоо бодоод манайх бүр сүүлдээ шүдэнзээ нуудаг болсон.
-Нэмэх, хасах биш шууд үржихийг заачихсан юм уу?
-Тиймээ. Тэгээд л үржихээ чадаж байгаа юм чинь нэмэх, хасах заагаад. Үржихийг эсрэгээр нь тонгоргоод хуваах үйлдэл зааж өгсөн. Хүний шунал ямар барагдах биш. Үргэлжлүүлээд л хүүхдээ өөр юу чадах нь вэ гээд шунадаг юм билээ. Хүү минь багаасаа baby tv үздэг байсан. Угтаа бол Baby tv чинь нэг настай хүүхдүүдэд л тохирдог шүү дээ. Одоо бол хүүд минь балчирдана. Тэгсэн хэрнээ тэр сувгийг үзэхээ болихгүй байсан. Тэр сувгаар өнгө, тоо заадаг шүү дээ. Тэрийг үзсээр байгаад хэн ч зааж өгөөгүй байхад цээжилчихсэн байсан. Монголоор нэг ч өнгө мэдэхгүй хэрнээ англиар бүгдийг нь мэддэг. Бас эмээгийнх нь авч өгсөн англи номонд тоо их байдаг байсан.
Компьютерийн хорхойтой тоглохгүй хэрнээ youtube-ийн тоо заадаг, тоо тоолуулдаг бичлэг их үздэг байсан. Түүнийг нь сонссоор байгаад тэрбум хүртэл тоог асуухаар англиар хэлээд өгчихдөг чадвартай болчихсон байсан. 1-200 хүртэл тоог англиар хэлдэг. Саяаас хоёрыг хас гэхээр хэлнэ. Бас хүрдээ өөрөө зохиосон. Бид нар 10 хүртэл хүрд заасан. Тэгсэн чинь 11х1 гээд өөрөө зохиогоод цаашаа явчихсан. Тэрийгээ бодоод шууд хариуг нь бүгдийг нь уншчихдаг.
Гол нь тоогоо сонирхоод эхэлсэн чинь үсгээ мартаад ер сонирхохоо больсон. Зөвхөн тоогоо л бодоод байсан болохоор тоогоор нь хөгжүүлэхээр шийдсэн.
Нэмэх хасах үржих хуваах тооноос гадна -1-1 гэдэг ч юм уу сөрөг тоог өөрөө бодоод байгаа. Одоо зэрэг, язгуур энэ тэр бодвол бараг сурах гээд байсан. Даанч арай болоогүй юм шиг санагдаад больчихоод байгаа.
-Та өөрөө их мэдлэгтэй үнэхээр мундаг юм. Ямар мэргэжилтэй, юу хийдэг юм бэ?
-Би япон хэлний орчуулагч мэргэжилтэй. Хүүхдээ хараад гэртээ суудаг жирийн л ээж хүн. Хүү минь миний 29 насанд гарсан. Хожуу төрөлт л дөө. Хүүхэдтэй болохоос өмнө аливаа юмны учрыг тунгаагаад хүүхэд өсгөх талаар юм уншиж судалсан байсан. Ер нь миний насны эцэг, эхчүүд бүгд л тиймэрхүү туршлагатай болчихсон байгаа байх. Орчин цагт интернэт хөгжсөн болохоор хэзээ ч, хаанаас ч тэр талын мэдээлэл аваад л байх боломжтой. Дээрээс нь туршлагатай ээж нараас зөвлөгөө аваад л байх боломжтой болчихсон байна. Түүнийгээ тусгаж аваад хүүхэддээ зааж өгвөл болох юм гэж бодсон.
Дээрээс нь бид юм заахаас гадна хүүхэд өөрөө тэрийгээ хөгжүүлэх гэдэг нэг чадвар байна л даа. Жишээлбэл нэг юм заагаад өгчихөөр өөрөө тэрийгээ орхихгүй нэг далбаа харангуутаа л спортын тэмцээн уралдаан телевизээр гараад дор нь тэр орны тамирчин гээд төрийн далбаа гараад ирэхээр энэ АНУ, энэ Япон гээд тэрийгээ өөрийн болгоод авчихдаг. Хүү минь 200 орны төрийн далбааг нэрлэж чаддаг байж байгаад орхиод тоондоо анхаарчихаад байсан юм. Тэгсэн саяхан эргэн асуухад зарим нэг улсыг нь мартчихсан байсан. Тэгснээ орнуудын далбаан дээрх нэрийг нь хараад уншаад хэлээд эхэлсэн.
Үсэг холбож уншихыг бол зааж өгөөгүй. Гэнэт цаг агаарын мэдээг телевизээр хараад Завхан шөнөдөө хасах тэд гээд уншаад байсан. Телевизээс их мэдээлэл олж авдаг. Бас мөнгөний тоо мэднэ. Хөдөөнөөс хүн ирээд надаар мөнгө тоолуулж байсан чинь надаас өмнө тоолчихоод сая байна гэсэн.
-Эцэг, эх бүр ийм мундаг мэдлэгтэй болгохыг хүсдэг шүү дээ. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүүхдээ юу хийж байна. Юунд сонирхолтой байна. Юм зааж өгөхөөр хэр хүлээж авч байна гэдгийг ажиглаж байх хэрэгтэй.
Хүүхдийн "ягаан дэвтэр” дээр энэ насны хүүхэд, ийм чадвартай байх ёстой гээд байдаг шүү дээ. Түүнийг нь харж байгаад ээжүүд хүүхэддээ тэр бүгдийг нь зааж байх хэрэгтэй. Энэ насанд нь өөр юу зааж өгвөл сурах вэ гэдгийг ажиглалтынхаа явцад мэднэ. Түүнийг нь зааж өгөх хэрэгтэй юм билээ. Хөл, гар хөдөлсөн бүжигтэй дуу зааж өгөөд хоёр гар, хөл нь зэрэг хөдөлгөж байвал баруун тархи зэрэг хөгждөг гэдэг шүү дээ. Тэр төрлийг нь барьж юмыг зааж өгвөл зүгээр юм шиг байгаа юм. Надаас хүмүүс хүүхдээ яаж имй мундаг болгох вэ туслаач зөвлөөч гэж их асуудаг л даа. Хүүхэд болгон математикч байх албагүй. Хамгийн гол нь хүүхдээ сайн ажиглаж, юу сонирхож байна. Түүгээр нь явуулж хөгжүүлэх хэрэгтэй. Дуулах сонирхолтой бол дууны дугуйланд явуулаад өглөө, оройдоо зөөгөөд дэмжээд өгөх хэрэгтэй.
Хүүхэд бүр өөр, өөр авьяастай. Юу сонирхож, юу цуглуулж байна тэр л хүүхдэд шинэ мэдээлэл болдог. Хүүхэд тэр сонирхсон зүйлээ хаанаас ч хараад шууд хэлнэ. Хэнээс ч төрүүлээд хэлнэ. Энэ чинь л хүүхдийн чадвар байхгүй юу. Туулайнд дуртай гэхээр туулай ямар өнгөтэй ямар амьтан байна. Эсвэл чих нь ямар хэлбэртэй юу иддэг вэ. Тэр лууван нь ямар өнгөтэй вэ гэдэг ч юм уу амьтны онцлогоор нь таниулж байх нь зөв. Зөвхөн энэ амьтан бол туулай гэчихээд дараа нь энэ ямар амьтан бэ гээд асуух нь утгагүй. Тэрнийхээ оронд мэдлэгийн хүрээг нь тэлэх маягаар өнгө, дүрс ялгаж сурахад ч нөлөөлнө шүү дээ.
Хүүхдийг тоглоомыг нь сагсанд нь хураалгасан ч энэ том сагс байна, энэ жижиг сагс байна. Энэ том сагсанд ямар, ямар тоглоом орох вэ? Жижиг сагсанд ямар тоглоом орох вэ гээд л заагаад нэрлэхээр хүүхэд орон зайн мэдрэмж авна. Тэгээд том жижиг тоглоомуудын ялгаа юу байна. Энэ бусдаас юугаараа өөр байна гэх мэтчилэн асууж хэлбэр дүрс, өнгө ялгуулж сургах маягаар заавал сонирхолтой үр дүнтэй гэж хэлмээр байна.
-А.Очбилэг одоо нэлээд мэдлэгтэй болчихоод байна. Цаашдаа яаж сургах вэ. Өөрөө үргэлжлүүлээд заагаад байх уу. Миний бодлоор бол Хатанбаатарын Оюуны академид ч юм уу, мэргэжлийн багшид хандах хэрэгтэй юм шиг санагдлаа.
-Хатанбаатарын Оюун ухааны төвд хандсан. Шалгуулаад үзсэн. Мундаг хүү байна. Тамирчнаар бэлдмээр байна гэсэн. Хамгийн гол нь уншуулаад, бичүүлээд сургачих гэсэн. Гэхдээ нас нь арай бага байна гэсэн.
-Хүсэх л юм бол уншиж бол чадна шүү дээ. Харин бичиж чаддаг билүү?
-Тиймээ. Бичиж ер чадахгүй. Бичүүлэх гэж оролддог ч ямар ч сонирхол байдаггүй. Хүү минь аутизмтай юм л даа. Аутизмийн нэг онцлог байна. Энэ нь зөвхөн өөрийнх нь сонирхож байгаа талыг л барьж сургана гэсэн үг. Тэгэхээр сонирхож байгаа зүйлийнх нь талаар юу ч заасан сурна. Аутизмийн эмч нь цаашид өөрөө л заагаад байсан нь дээр гэж хэлсэн. Энэ хүүхдийн мэдлэг 1, 2 дугаар ангийн хүүхдийн боддог бодлогыг бодно. Зургаан настай хүүхдийг сургуульд оруулдаг шүү дээ. Тэгэхээр манай хүүг долоо, найман нас хүрээд, багшийн үгийг авдаг, болон төлөвштөл сургуульд оруулаад хэрэггүй гэсэн. Ийм өвчтэй хүүхдүүд сайн хөгжмийн сонсголтой ч гэх юм уу. Нэг талын авьяас нь хэт хөгжсөн байдаг юм билээ. Ийм хүүхдийг энгийн сургуульд оруулахаар багш нь мэддэг зүйлийг нь заагаад байдаг болохоор хүүхэд өөрөө хөгжихгүй. Дээрээс нь ийм төрлийн хүүхэд олон хүн дотор байж чаддаггүй гэсэн. Биеэ барьж маш таагүй байдаг. Тийм болохоор өөрөөр нь байлгаад гоц хүүхдүүд сурдаг сургуульд ч юм уу. Эсвэл боломж байвал тоо бариулсан цөөхөн хүүхэдтэй тийм сургуульд л сургасан нь дээр гэсэн.
-Хэзээнээс аутизмтай гэдгийг нь мэдсэн бэ? Яаж илэрсэн бэ?
-Хоёр нас өнгөрөөд нилээд их уйлдаг байсан. Тэр үед аав нь аутизмтай юм бишүү гэхээр нь би итгээгүй, итгэхийг ч хүсээгүй. Яагаад заавал миний хүүхэд гэж бодоод үгүй байх гээд тэр чигт нь орхичихсон байсан. Тэгтэл цэцэрлэгийн багш болон үеэл эмч нар маань хэлэхээр нь юу билээ гээд бодож үзээд, энэ өвчний талаар судалж үзээд эмчид хандахаар шийдээд оношлуулах шатандаа явж байна. Хоёр гурван сарын өмнөөс эмчид хандсан. Бүрэн оношлогдоогүй байгаа.
Аутизм дотроо маш олон төрөл байдаг юм байна. Хүүг минь оюун ухаан нь хөгжсөн тийм төрөлд хамаарч магадгүй гэсэн. Ийм төрлийн хүүхдүүдийн нэг оцлог нь орой хэлд ордог. Хүүхэд маань одооноос л сайн ярьж сурч байгаа. Дээрээс нь аливаа зүйлийг яс хийдэг. Тиймээс тэрийг нь багаас нь зөв дадал хийлгэж сургах юм бол тэр чигээрээ л тийм хүн болно. Замаасаа хазайх дургүй. Өглөө цайндаа ийм зүйл идэх ёстой гээд сурсан бол насан туршдаа түүнийгээ л баримтална гэсэн үг.
Ярилцсанд маш их баярлалаа.
Х.Соёл-Эрдэнэ
Сэтгэгдэл байхгүй байна.