Т.Дуламдорж дарга аа, албан хаагчид чинь цаг бусаар амиа алдсаар байх уу

0

Өглөө ажилдаа явсан аав нь эргэж ирсэнгүй. Өөдөсхөн үрийнх нь нүд хаалга ширтээстэй. Үдэш болтол хүлээлээ ч үүрд ирэхгүйгээр эр нөхөр нь явжээ. Энх цагт ийм зовлон амссан хэн бүхний элэг эмтэрч орчлон хорвоо харанхуйлах нь мэдээж.

Ингээд бодохоор монгол хүний амь нас ямар үнэтэй байдаг юм бэ гэж өөрийн эрхгүй асуумаар санагдлаа. Цэл залуухан хүмүүс цаг бусаар одох нь цөөхөн хэдэн монголчуудад маш том гарз гэж хэлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл төрийн нэ­рийн өмнөөс улсынхаа хүнд хүчир, хэцүү бүхэнтэй нүүр тулж байдаг Онцгой байд­лын газрын албан хаагчид үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол сүүлийн жилүүдэд тоогоо алдлаа.

Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагт Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан.

Тодруулбал Улаанбаатар хотод то­милолтоор ажиллаад буцаж явсан тус газрын дөрвөн албан хаагч замын унаанд дайгдаж яваад ийнхүү золгүй байдлаар амиа алдлаа.

Тиймээс Онцгой байдлын алба хаагчид тайван цагт цаг бусаар хор­воо­гоос хальсаар байх уу гэж Т.Дуламдорж даргаас олон нийт асуух боллоо гэсэн үг. Уг нь ОБЕГ-ыг бусад агентлагууддаа бодвол хам­гийн их машин техниктэй газар гэж тодорхойлдог. Гэтэл амиа алдсан албан хаагчид яагаад өөрс­дийнхөө унаагаар ирээгүй юм бол. Аль эсвэл Бага­нуур дүүргийн онцгой байдлын газарт машин унаагүй юм болов гэх асуудал өөрийн эрхгүй урган гарч байна.

Хэрвээ тэд замын унаанд биш албаны унаагаар явж байсан бол өдгөө хань ижил, үр хүүхэд, аав ээжийнхээ дэргэд амьд сэрүүн байх байсан нь лавтай.

Бодит байдал дээр Онцгой байдлын албан хаагчид маш хүнд хэцүү нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг гэдгийг жирийн иргэд бүгд мэднэ. Гэсэн ч тэд зовлон бэрхшээлээс халш­ралгүй төрийн сүлдэндээ залбирч, төрийн хувцас өмсч байгаа хэмээн сэтгэлээ засч явсаар хорвоог орхиж байгаа нь дэндүү харамсалтай.

Цэргүүд нь даарч, хөрч амь эрсдэж явахад дарга нар нь улсын мөнгөнөөс шомбодож өөрсдийнхөө ха­лаасыг түн­тийлгэж байсан жудаггүй жишээг тоочоод байвал олон бий.
Одоогоос хоёр жилийн өмнө Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын нутагт гал унт­раахаар явсан дөрвөн албан хаагч мөн л амиа алдсан нь хар дарсан зүүд мэт хагацалдаа ар гэрийнхэн нь дасаж амжаагүй л байна.

Хатуухан хэлэхэд ОБЕГ-ын удирд­лагууд амиа алдсан дээрх дөрвөн албан хаагчийг дүрэлзсэн гал руу гар хоосон явуулсан байсныг Монголын ард түмэн мартаагүй байгаа. Ганц үлээгч аппарат, резинэн цохиураас өөр ба­гажгүй явуулсан тэднийг цохион дээрээс түлхэснээс өөрцгүй юм.
Олон хүний алтан амийг аварч, хэдэн саяар үнэлэгдэх эд хөрөнгө, бэлчээр, ой модыг гамшгаас хам­гаал­сан аврагчид амь эрсдэхэд төр хэдхэн төгрөг өгөөд л бүх зүйлийг хаадаг сонин жишиг манай улсад "Ми-8”-ын ослоос хойш тогтчихсон гэхэд хэтийдсэн болохгүй.

Бас нэгэн харуусмаар ба­римт гэвэл 2012 онд Аврах тусгай ангийн тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох бүл­гийн дарга Н.Очирбат ту­шаал гүйцэтгэж яваад хүнд гэмтэж хөгжлийн бэрх­шээлтэй нэгэн болж үлд­сэн. Энэ хүнийг өнөөдрийг хүртэл төр засгаас төдийлөн анхаараагүй л байгаа.

Үнэндээ ОБЕГ-ын удирд­лага, зо­­хион байгуу­лалтыг өөрчилж ха­риуц­лага тооцохгүй бол онцгой үүрэг хүлээсэн албан хаагчид нь өргөсөн тангарагаа биелүүлэх гэж амь насаа зольж байна.
Эрдэнэт хүний амийг мөнгөөр хэм­­жих аргагүй. Дээрх дөрвөн албан хаагчид замын унаанд бус байгуул­лагынхаа унаагаар явсан бол өнөөдөр тэдний ар гэрийнхэн зовлонд унахгүй байсан гэдгийг журмын нөхөд нь уйлан, хайлан ярьж байсан юм.

Тиймээс Т.Дуламдорж дарга аа, онцгой үүрэгтэй албан хаагчид тань энх цагт золгүй байдлаар амиа алдсаар байх уу гэх олны үгийг даймаар байна.

Р.Саруул

Эх сурвалж:

 

 Т.Дуламдорж дарга аа, албан хаагчид чинь цаг бусаар амиа алдсаар байх уу

 

 

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.