Эрүүл мэндийн сайд аа, та “БОНА ВИТА”-аас том биз дээ!
Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбар доройтож байгаагийн тод илрэл болсон үйл явдлууд үл тасарна. Тогтолцоо, хяналт муу байгаагийн улмаас эрдэнэт хүн эрүүл мэндээрээ болон амь насаараа хохирсоор байна.
Угтаа бол болсон хойно нь хашгирах биш, урьдчилан хэлсээр байхад тоочих сэхээтэн Эрүүл мэндийн яаманд алга. Өнгөрсөн сонгуулийн үеэр МАН илт давуу ялалт байгуулсан ч энэ намд өндөр боловсролтой боловсон хүчин муу байсны балгаар мэргэжлийн бус хүн яамыг удирдаж байгаад олон хүн шүүмжлэлттэй ханддаг. Эрүүл мэндийн сайдаар сэтгүүлч хүн томилсон хэмээн нийгэмд нэлээдгүй хэл амыг дагуулсан. Угтаа сэтгүүлч хүн асуудлыг голыг нь олж харчихаад үзгээ хурцалдаг. Тэгвэл эрүүл мэндийн сайд маань ажилдаа улайрч асуудлыг олохгүй байна уу гэлтэй. Эрүүл мэндийн сайд Сарангэрэл та "Бона вита" хувийн лабораторийг шалгаж, эмчийн эмчлэх эрхийг нэг харж үзэх эрх байна уу?
Яагаад энэхүү хувийн лабораторийг онцолж байна гэхээр энэ газарт олон хүн эрүүл мэндээрээ хохироогоод байна.
2018 оны 12 дугаар сарын 12-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зургаан настай Маргад-Эрдэнэ хүү үзүүлжээ. Түүнийг бөөрний арын хөндийд байрлах хорт хавдар гэж оношилжээ. Ингээд оношийг баталгаажуулахын тулд хавдар судлалын үндэсний төвд хандсан байна. Гэтэл уг эмнэлгийн тоног төхөөрөмжийнх нь бодис бодис дууссан учир өвчтний оношийг тодруулж чадахгүй гэсэн хариуг өгчээ. Харин хувийн хандахаас өөр аргагүйд хүрч "БОНА ВИТА" гэх эмнэлзүйн нэгдсэн лабораторид оношийг тодруулахаар шинжилгээгээ өгсөн байна. Тус лаборатори "бөөрний хавдар" гэж оношилжээ. Уг хариуны дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн төв 12 дугаар сарын 31-ний өдрөөс химийн эмчилгээг хийж эхэлсэн байна. Маргад-Эрдэнэ хүү нийт долоон удаа хүчтэй химийн эмчилгээнд оржээ. Үүний дараа түүний бие улам муудаж эхэлжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн эмч нар хүүгийн хавдарыг эмчлэхийн тулд нээлттэй хагалгаанд орсон аж. Гэвч тэд хавдрыг биежээгүй, усархаг байна хэмээн дээж аваад буцаан оёсон байна.
Энэ тухай Маргад-Эрдэнэ хүүгийн ээж М.Мөнхцэцэг " Бона Вита лабораторийн хийсэн шинжилгээний хариуг хараад хүүгийн эмчлэгч эмч маш их гайхсан. Тухайн үед аав нь хариуг аваад эмч дээр нь орсон. Миний тавьсан оношноос зөрөөтэй байна гээд Бона Вита лаборатори руу утсаар ярьсан байдаг. Тэгээд аппаратандаа л итгэе гээд хүүг маань цусны төв рүү шилжүүлсэн" гэсэн юм.
Маргад-Эрдэнэ хүү мэдрэлийн эсийн хавдартай байсныг Бона Вита лаборатори бөөрний хавдар гэж буруу оношилжээ. Эх хүүхдийн үндэсний төв буруу оношийн дагуу буруу эмчилгээ хийсний улмаас хүү маш их турж эцсэн байна. Эцэг, эхэд нь бид буруу онош тавьсан байх магадлалтай гэдгээ тухайн лабораторийнхан хэлсэн байдаг. Гэтэл тэднийг "хүүхдээрээ шоу" хийлээ гэж зандарч, оношийг бичсэн хүүгийн картыг нь урсан байна.
Одоо Маргад-Эрдэнэ хүүг гадаадны эмнэлэг рүү эмчилгээнд явах ямар ч боломжгүй болжээ. Тус лобаротари нь ганц ч биш удаа ийн буруу онош гаргаж байгаа гэнэ. 2015 онд Эрүүл мэндийн яамнаас "Бона Вита” компани эмнэлзүйн нэгдсэн лабораторийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан байдаг аж.
Энэхүү лабораторийн талаар өмнө нь удаа даруу нийтлэл гарч байсан. Эрүүл мэндийн сайд та энэхүү Бона Вита-д шалгалт оруулж "бяцхан хүүгийн амь нас"-ыг авраач. Буруу онош, буруу эмчилгээнээс болоод Маргад-Эрдэнэ Солонгос, Тайван зэрэг орнуудад очиж эмчлүүлэх ямар ч бололцоогүй болоод байна. Гадаадын эмнэлгүүд Монголд эмчилгээ эхлэхээс өмнө "Бид эмчилж чадна, хүрээд ир" гэсэн хариуг өгч байжээ. Тэгвэл өнөөдөр ийнхүү буруу онош, буруу эмчилгээний үр дүнгээс болж хүү эцэж, тураад дараагийн эмчилгээгээ даах эсэх нь тун эргэлзээтэй болоод байна.
ЭМЯ, ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРЫГ ГАРТАА АТГАСАН "СЕТУНАРИ”, "БОНА ВИТА” КОМПАНИ УЛСЫН ТӨСВӨӨС ХЭДЭН ТЭРБУМААР НЬ МӨНГӨ "ИДЭЖ” БАЙНА
ЭМЯ, ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРЫГ ГАРТАА АТГАСАН "СЕТУНАРИ”, "БОНА ВИТА” КОМПАНИ УЛСЫН ТӨСВӨӨС ХЭДЭН ТЭРБУМААР НЬ МӨНГӨ "ИДЭЖ” БАЙНА (II)
Ээжээ та жирэмсэн болвол сайхан даа
Dorgio.mn