"Алдар"-аар овоглосон алдартнуудын нэг өдөр

0

"Алдар"-аар овоглосон алдартнуудын нэг өдөр

Олимп, дэлхий, тивийн үе үеийн алдартнууд өсөн өндийсөн "Алдар” спорт хорооны ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр "Тамирчин хүн медалийн тавцанд зогсох хүртлээ ямар их хүч, хөдөлмөр, хөлс, зүтгэл гаргадгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг цуурайтуулж яваа тамирчид, тэдний ард чимээгүй атлаа уйгагүй хөдөлмөрлөдөг багш, дасгалжуулагчдыг маань сайн сурвалжилж өгөөрэй” гээд зарим спортын төрлийн бэлтгэлийн явцаас сонирхуулав. "Алдар”-ынхан чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, дугуй, бокс, таеквондо, хүндийн өргөлт, сагс, үндэсний бөх, үндэсний сурын харваа, шагай, шатар, цана, тэшүүр, хөнгөн атлетик гээд спортын бүх төрлөөр тамирчдаа бэлтгэдэг бөгөөд төрөл тус бүртээ өөрийн гэсэн танхим, амрах өрөөтэй юм байна. Нөгөөтэйгүүр сагсан бөмбөг, шагайн харваа, цана, тэшүүрээс бусад бүх спортын төрлөөр хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд хичээллэх боломжийг бүрдүүлсэн нь нийтийн биеийн тамирт оруулж байгаа хэмжээлшгүй их хувь нэмэр гэлтэй.
 
ЯЛАЛТ, ЯЛАГДАЛ ХОЁРЫН ДУНД ЯВАХ ЁСТОЙ
 
Бидний эхний онцлох тамирчид нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хошууч А.Гантулга ахлах дасгалжуулагчтай боксынхон. Боксынхон 12-14, 15-16, 17-18, 19-өөс дээш насны мэргэжлийн тамирчид гээд өдөрт дөрвөн өөр насныханд бэлтгэл, сургалтыг тус бүрт нь явуулдаг ажээ. Энэ цаг үед сурагчдын амралттай холбоотойгоор анхлан суралцаж байгаа болон өсвөрийн насны тамирчдын бэлтгэлийг хамтад нь явуулж байв. А.Гантулга багш "Миний хүүхдүүд ээ, та нар эрүүгээ дээш өргөөд байна. Эрүү дээшээ байх юм бол яг ингээд нам цохиулна” гээд өөрөө биеэрээ үзүүллээ. Баруун гартаа шүгэл, зүүн гартаа цагтай, өмссөн хувцас нь тэр чигтээ хөлс болсон энэ дасгалжуулагчийг спортынхон андахгүй. Боксын ямар ч тэмцээн дээр "Алдар” гэсэн улаан цамцаар гоёчихсон явдаг түүний шавь болохоор олон хүүхэд "Алдар"-ыг зорьдог нь бэлтгэлийн танхимд байгаа олон боксчидоос тодорхой харагдаж байв. А.Гантулга хошууч "Алдар”-ын хаалгаар орж ирснээс хойш 30 гаруй жил тасралтгүй бэлтгэлийн танхимд шүгэл, цагтайгаа, медалийн тавцны ард баярын нулимс, бахархлын харцтайгаа яваа багш. Анх Х.Магван багшийн удирдлагад 1984 оноос хойш тамирчнаар гараагаа эхлүүлсэн гэнэ. "Олимпын гараа” гээд үе үеийн тамирчдыг бэлтгэдэг сайхан тэмцээнээс тамирчны гараагаа эхлүүлж, өдгөө олон шилдэг боксчидыг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж яваа нь энэ ажээ. Тэрээр тамирчдынхаа хажуугаар туслах багшаа ч бэлтгэж ирсний тод жишээ нь ОУХМ, ахлах дэслэгч Ж.Отгонбаяр. Ахлах дэслэгч Ж.Отгонбаяр багшийнхаа заавраар өдөр бүрийн бэлтгэлийг зохион байгуулдаг аж. Түүнээс "Боксоор хичээллэхэд хамгийн чухал зүйл юу вэ” гэхэд "Нэгдүгээрт, сэтгэлзүй. Бокс бусад спортыг бодвол хүнд. Тэр утгаараа энэ спортоор тууштай хичээллэхийн тулд сэтгэл зүй бат тогтсон байх ёстой. Хүн харахад хоёр гараараа ээлжлэн цохиж, хамгаалж байгаа юм шиг атлаа бүгд өөрийн гэсэн дүрэм, техниктэй. Хөл, гарын тавилтаас эхлээд бүх зүйл шат дараатай” гэв. Мөн тэрээр боксоор 12 наснаас эхлээд хичээллэх боломжтой гэж онцоллоо. "Алдар”-ын боксчидоос тив, дэлхий, олимпын үе үеийн шилдэг тамирчид төрөн гарсан нь спортын түүхэнд хэдийнээ бичигджээ. Хамгийн ойрын жишээ гэхэд Нийслэлийн 79 дүгээр сургуулийн сурагч, 13 настай жаахан хүү А.Гантулга багшид шавь орж, 17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль, 20 насандаа "Лондон-2016” олимпоос мөнгөн медаль хүртсэн нь гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт.
Энэ жил боксынхны хамгийн том зорилго нь "Токио-2020” зуны олимпод оролцож, медаль хүртэх юм. А.Гантулга багшийн ярьснаар мэргэжлийн зургаан тамирчин ирэх 2 дугаар сард болох Азийн аварга, 5 дугаар сард Францад болох тэмцээнээс олимпын эрх авахаар төлөвлөсөн байна. Тэр дундаас Азийн аварга нь хамгийн боломжтой хувилбар бөгөөд тамирчид нь олимпын эрх өвөртлөөд ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэлж байсан юм. Мэдээж тэдний бэлтгэж ирсэн өсвөр болон мэргэжлийн тамирчдын үзүүлсэн амжилтыг тоочвол тун их. 2019 онд гэхэд Монголын хүүхдийн спортын зургаадугаар их наадам, залуучуудын аварга, улсын аварга, насанд хүрэгчдийн аваргаас эхлээд олон улсын уралдаан тэмцээнд "Алдар”-ын боксчид манлайлсан байна. Өсвөр үеийн зарим тамирчны сэтгэгдлээс хуваалцахад спортын мастер О.Тулга "Боксоор хичээллээд долоон жил болж байна. Анх аав минь "Алдар”-ын хаалгаар хөтөлж оруулсан. Түүнээс хойш бэлтгэл, сургалтаа тасалж үзээгүй. Одоогоор үзүүлээд байгаа хамгийн том амжилт нь 2018 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хүрэл медаль. Хүн хичээвэл амжилт ойрхон байдгийг ойлгосон. Цаашдаа тив, дэлхийн хэмжээний тамирчин болох мөрөөдөлтэй” гэв. Тэрээр боксоор хичээллэснээр өдөрт дунджаар хоёр литр орчим хөлс гаргадаг, ханиад бараг хүрдэггүй, бие эрүүлжиж, чийрэгжсэн гэж нэмж онцлов.
 
 
Нийслэлийн 27 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Орчлон "Хичээллээд удаагүй байна, амжилт ч үзүүлж амжаагүй байгаа. Хоёр тэмцээнд орж, туршлагажсан. Багш маань "Тэмцээнд оролцож ялагдлаа гээд сэтгэлээр унаж болохгүй. Тамирчин хүн ялалт, ялагдлын дунд явах ёстой” гэж хэлсэн. Тийм болохоор хожигдлоо гээд сэтгэлээр унадаггүй. Ангийнхан маань эмэгтэй хүн боксоор хичээллэж болдог юм уу гээд их гайхдаг” гэлээ. Өсвөрийн боксын тамирчдын дунд цөөнгүй эмэгтэй хүүхдүүд байсны нэг нь Г.Бадмаараг. Тэрээр 2019 онд Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, спортын мастерын болзлоо хангасан гэнэ. "Бокс намайг тэсвэр тэвчээртэй болгож, асуудалд тайвнаар хандахад сургасан” гэхэд хажуугаас нь дасгалжуулагч, ахлах дэслэгч Ж.Отгонбаяр "Ямар ч спорт хүнийг тэсвэр тэвчээртэй болгож, ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлдэг” гэв. Дасгалжуулагчдын нэг онцлог нь тамирчдын эцэг, эх, багш, сургуулийнхантай нь эргэх холбоотой ажилладагт оршдог. Эцэг, эхийн зөвлөл байгуулж, хүүхдүүдийн оролцох тэмцээн уралдаан, бэлтгэлийн явцын талаар байнга санал солилцон зөвлөлдөж явдгаа хошууч А.Гантулга багш хэлж байсан юм.
 
 
БАЙТ ХАРВААНЫХАН ОЛИМПЫН ЭРХЭЭ НЭМЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ
 
Ахлах дэслэгч Б.Ганзоригийн тэргүүлсэн байт харвааны тамирчид "Алдар”-ын бас нэг жигүүрт нь "тусгаар тогтножээ". Байт харвааны танхимд ороход бүгд нам жим. Бокс, хүндийн өргөлт, чөлөөт бөхийнхөн шиг шуугиан тэнд ер үгүй юм. Зөвхөн сум нь байг онож буй чимээ л сонсогдоно. Энэ нь байт харваа гэдэг спорт оюун ухаанаа төвлөрүүлж хийдэгтэй холбоотой ажээ. Байт харвааныхан мөн л насны ангиллаар бэлтгэлээ явуулдаг бөгөөд сурагчийн амралттай холбогдуулан ойрноос нэг дор бэлтгэж байгаа гэнэ. Байт харваанд данстай мэргэжлийн 12 тамирчин, өсвөр үеэс мэргэжлийнх рүү орохоор бэлтгэгдэж байгаа 10 тамирчин байгааг Б.Ганзориг багш хамгийн эхэнд дурдлаа. Тэдний тамирчдыг энэ жил 15 уралдаан тэмцээн хүлээж байгаа гэнэ. Жилд дунджаар дотооддоо 12-15 тэмцээн зохион байгуулагддаг агаад тэндээс амжилт үзүүлсэн тамирчдаа олон улсын уралдаанд явуулдаг аж. Байт харвааныхнаас одоогоор олимпын эрх авсан тамирчин нь ОУХМ, дэд ахлагч Б.Отгонболд. Цаашдаа олимпын эрхтэй тамирчдынхаа тоог багийн төрөлд нэмэгдүүлэх зорилго тавьсан, ирэх 6 дугаар сард ХБНГУ-д явагдах тоглолтоос бүх зүйл шалтгаалах аж. Гэхдээ шийдвэр нь шигшээ багийнхнаас хамаарах гэнэ. Ахлах дэслэгч Б.Ганзориг нь "Алдар”-т 1998 оноос байт харвааны тамирчнаар ажлын гараагаа эхэлж, 2009 онд багш, ОУХМ Н.Даариймаагийнхаа залгамжийг авч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм байна. "Алдар”-ын байт харвааны түүхийн цадиг 1961 оноос эргэсэн тухай ч тэр бас хэлэв. 1961 онд зохиогдсон анхдугаар спартакиадад "Алдар” нийгэмлэгийн тамирчин Ж.Мөнх-Очир түрүүлж, Зэвсэгт хүчний байт харвааны спортын анхдагч аваргаар тодорсон замнал өнөөдөр ч тасраагүй хэвээрээ байна. Байт харвааны гол багаж хэрэгсэл болох нум, сумын хувьд харьцангуй үнэтэй байдаг талаар сонссоноо лавлахад ахлах дасгалжуулагч "Хүүхдүүдийн болон мэргэжлийн тамирчдын нум хоорондоо асар их зөрүүтэй. Хүүхдүүдийнх 400-600 доллар, мэргэжлийнх нь 3000 доллараас эхэлдэг. Авсан хойноо бол арчилгаа багатайг” гэлээ. Гэхдээ нум, сумыг гурван жил болоод шинэчлэх шаардлагатай болдог гэнэ. Энэ нь харвалт муудаж, таталт сулардагтай холбоотой аж. Байт харвааныханд аюулгүй байдалтай холбоотой бичигдээгүй нэг дүрэм үйлчилдэг нь тамирчид зэрэг харваж, зэрэг сумандаа явдаг хатуу дэг ажээ. Байт харваагаар хичээллэсэн хүүхэд цэх нуруутай, өндөр болдог байна. Сунгалтын дасгалыг бэлтгэлийн өмнө заавал хийж хэвшсэн нь хувь хүний өсөлтөд нь нөлөөлдөг байна. Зарим мэргэжлийн болон өсвөрийн тамирчид ийн ярилаа.
 
 
ОУХМ, дэд ахлагч Н.Ариунбилэг "2009 оноос хойш 11 жил тасралтгүй хичээллэж байна. Энэ спорт надад олон сайхан зүйлийг бэлэглэсэн. Хамгийн түрүүнд тэсвэр тэвчээрийг бэлэглэж, амьдралын нугачаанд бүдрэхгүй байх сэтгэл зүйг минь бэлтгэж өгсөн. Хоёрдугаарт, эрүүл мэнд. Байт харваа гэлтгүй бүх спорт л хүнийг эрүүл чийрэг байлгаж чаддаг. Багш маань бидний төлөө маш их хөдөлмөрлөдөг дөө” гэв. Дэд ахлагч Н.Ариунбилэг нь байт харвааны шилдэг тамирчдын нэг бөгөөд тив, дэлхийн 10 орчим тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Спортын мастер П.Мишээлт, Э.Батбилэг болон Т.Билгүүн гээд олон залуус байт харваагаар хичээллээд удаж байгаа, багш маань та нар дор хаяж 4-5 жил хичээллэж байж, энэ спортын дөртэй болно шүү гэж хэлдэг гэцгээв.
Харин анхлан суралцаж байгаа 6-11 дүгээр ангийн сурагчид болох Н.Энхжин, Б.Төгстөгөлдөр, Э.Ариунзаяа, Ч.Энхмарал, С.Орчлон, Ө.Баярчулуун, М.Нарансолонго нар байт харваагаар хичээллэж байгаадаа баяртай байгаа, ар гэрийнхэн их дэмждэг, багш маань бидний төлөө байнга "үглэдэг", гэхдээ загнадаггүй, ирээдүйд шилдэг тамирчин болох мөрөөдөлтэй гэдгээ хэлж байсан юм.
 
 
ХҮНДИЙН ӨРГӨЛТӨӨР ЭМЭГТЭЙЧҮҮД ИХЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ АЖЭЭ
 
Хүндийн өргөлтийнхний танхимаар орлоо. Ахлах дасгалжуулагчаар ОУХМ А.Отгонжаргал, туслах дасгалжуулагчаар дэслэгч Ч.Март гэдэг гэр бүлийн хоёр хүн ажилладаг юм байна. Хоёулаа л хүндийн өргөлтийн спортод залуу насаа зориулж яваа ажээ. Хүндийн өргөлтөд мэргэжлийн 10 орчим тамирчин хамаардаг бөгөөд мөн л өсвөр үеийнхнийг энэ спортоор хичээллэхэд нь тусалдаг байна. Хүндийн өргөлтийнхөн 2019 онд Нийслэлийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс алт 27, мөнгө 12, хүрэл 9, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл, "Дэлхийн цом"-оос нэг алтан медаль авсан амжилт үзүүлжээ. Өнгөрсөн оны төгсгөлд зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зургаадугаар их наадмаас ч мөн адил өсвөрийн тамирчид нь дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, олон ч төрөлд рекордыг шинэчилсэн байна. Мэдээж "Дэлхийн цом”-ын эзэн дэслэгч М.Анхцэцэг энэ л танхимд бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд энэ цаг үед эзгүй байв. Харин түүний хамгийн бага дүү М.Эрдэнэбат өнгөрсөн оноос хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургалт хийдэг болсон гэнэ. Түүн шиг удам дамжсан тамирчид цөөнгүй байсан нь М.Ганбаатарын хүү спортын мастер Г.Өнөболд. Түүний аав хүндийн өргөлтийн нэгэн цаг үеийн шилдэг тамирчин агаад аавынхаа сонирхлыг үргэлжлүүлж байгаа хүү нь өсвөр үеийн гурван удаагийн аварга, залуучуудын улсын аваргад гурван удаа түрүүлж, насанд хүрэгчдийн аваргад мөн гурван удаа түрүүлсэн шилдэг тамирчин ажээ. Энэ жил хүндийн өргөлтийнхнийг олон уралдаан тэмцээн хүлээж байгаа гэнэ. Хамгийн эхнийх нь энэ сарын 11-ний өдөр болох Насанд хүрэгчдийн улсын аварга гэдгийг дасгалжуулагч Ч.Март хэлэв. Тэрээр хүн бүр мундаг тамирчин болох албагүй. Гэхдээ нийгэмдээ хэрэгтэй, хатуужилтай, эрүүл саруул монгол хүн энэ заалнаас төрөх ёстой гээд нэгэн жишээ татан ярив. Наранчулуун гэдэг ахмад тамирчин тэтгэвэртээ гарснаас хойш бие нь ихэд өвдөх болж, бүр таяганд оржээ. Ахмадаа танхимдаа ирж, бэлтгэл хийхийг хурандаа Г.Өсөхбаярыг зөвлөхөд итгэл муутай ирсэн ч удалгүй эрүүл болоод таягаа хаяад гарсан гэнэ.
Дашрамд өгүүлэхэд тамирчдын олонх нь эмэгтэйчүүд байв. Үүнийг дасгалжуулагч нь "Хүчний спортоор манай эмэгтэй тамирчид амжилт их үзүүлж байгаа. Тэр хэмжээгээр элсэлт их орж ирдэг болсон” гэсэн юм.
 
 
 
ЧӨЛӨӨТИЙНХӨН ШИНЭ ОНЫГ АМЖИЛТ ДҮҮРЭН ЭХЛҮҮЛЭВ
 
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийн хэдэн шавь 2020 оныг тун одтой эхлүүллээ. Нэгдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Спортын төв ордонд болсон Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй тамирчин хурд хүч, бяр чадлаа сорин өрсөлдсөнөөс 30 гаруй нь шигшээд үлдэж, үүнээс 21 тамирчин нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдээс ахмад Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алт, С.Билгүүн, Г.Бэгзжав нар мөнгө, Б.Даваабанди, Б.Батмагнай, Г.Ханбүргэд, Б.Бямбадорж, Г.Даянбилэг нар хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдээс ахлах ахлагч С.Цэрэнчимэд, Э.Цэвэгмэд нар алт, ахмад Б.Одончимэг, Б.Мөнхнар, Г.Отгонжаргал, Б.Майцэцэг, П.Номин-Эрдэнэ нар мөнгө, А.Наранцацрал, Б.Отгонтуяа, П.Шинэхүү, Т.Цэнд-Аюуш, Г.Ариунжаргал нар тус бүрийнхээ жинд хүрэл медаль хүртэж, "Алдар”-ын амжилтыг буухиалжээ. Гавьяат дасгалжуулагчаас сэтгэгдлийг нь хуваалцахад "Үнэхээр сайхан байна. Миний хүүхдүүд маш том амжилт үзүүллээ. Тэмцээний үеэр олон хүн хэдэн шавь нарын минь төлөө гүйлээ. Тэр хүмүүст маш их баярлалаа. Миний тооцоолж байгаагаар 2013-2020 он хүртэлх хугацаанд "Алдар”-ын чөлөөтийнхөн 2015 оноос бусад үед багаараа аваргалсан. Одоо миний хэдэн хүүхдүүдийг олимпын эрх авах цөөнгүй тэмцээн хүлээж байна. Авна гэдэгт маш их итгэлтэй байгаа. Энэ нь шинэ оны анхны тэмцээнээс маш тодорхой харагдаж байна. Шигшээ багийнхан үүнд шударга хандаасай билээ” гэсэн юм. Нийгмийн сүлжээнд ч Хосоо багшийг магтаж, биширсэн сэтгэгдлүүд дүүрэн байв. Уралдааны үеэр түүний л шавь нар алт, хүрэлийн төлөө хоорондоо барилдаж, багш нь хэдэн тамирчдынхаа дунд толгойгоо "эргэтэл” амьсгаа өндөр гүйж явсан талаар олон сэтгүүлчид бахдан бичсэн байлаа.
Чөлөөтийнхөнд амжилтын хажуугаар сайн мэдээ ч байна. Учир нь 2018 оноос хойш хамтарсан бэлтгэл хийж байгаа БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багаас чөлөөт бөхийн иж бүрэн хоёр дэвжээ ирүүлсэн байна. Багш шавь нартайгаа шинэ дэвжээгээ тойрч гүйгээд, хурандаа Г.Өсөхбаяр тэднийг дагаж байдгаараа инээчихсэн алхаж байгааг нь харсаар "Алдар”-ын сурвалжилгаа төгсгөв өө.
 
 
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.