Тарваган тахал “Ковид-19”-өөс ч аюултай”
Манай улсын баруун аймгуудад тарваган тахал гарч, хүүхэд нас барсантай холбогдуулан нийслэл хот руу орж гарах тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг чангатгажээ. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Нийслэлийн онцгой комиссын даргын энэ сарын 17-нд өгсөн "Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах” үүргийн дагуу нийслэлийн шалган нэвтрүүлэх пост болон зургаан цэгт Тээврийн цагдаагийн албаны 32 албан хаагч, НОБГ-аас 18 нийт 50 албан хаагч 22 техник хэрэгсэлтэйгээр шалгалт явуулж байна. Энэ хугацаанд нийслэлд 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан байна. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мал, амьтан тээвэрлэх, хууль бус мод тээвэрлэх гэсэн 900 орчим зөрчил илрүүлжээ. "Тарваган тахал "Ковид-19”-өөс ч аюултай. Тиймээс хүн амын тал нь амьдардаг хот руугаа энэ өвчнийг оруулж ирэхгүйн тулд хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм. Харин Нийслэлийн байгаль орчны газарт амьтны талаарх 15 дуудлага ирсний хоёр нь үхсэн тарвагатай холбоотой байжээ. Дээрх хоёр тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. НБОГ нь зэрлэг ан амьтан осолдож, гэмтсэн дуудлагыг хүлээн авч, бэртэл гэмтэлтэйг нь эдгээгээд байгальд тавьдаг. Тиймээс үхсэн, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал ойртолгүй, шууд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас тарваганы мах, түүхий эдийг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг зөвлөлөө. Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулахгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг эхлүүлсэн” гэсэн юм. Мөн Булган аймгийн Баян-Агт, Орхон сум, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Архангай аймгийн Ихтамир сум нийт гурван аймаг, дөрвөн суманд галзуу өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдэж хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 2020.7.24 БААСАН № 141 (6366)
Сэтгэгдэл байхгүй байна.