АЛГА БОЛСОН ГУРВАН АВТОБУС УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГАД БАЙНА
Хөгжлийн банкны хоёрдугаар сарын нээлттэй сонсгол өнгөрсөн даваа гаригт эхлэв. Сонсголын хоёр дахь өдөр Хөгжлийн банкны охин компани болох "ДБМ лизинг” ХХК-иас 2016 онд зохион байгуулсан АСЕМ-ын үеэр зээлээр авсан автобусны түрээсийн санхүүжилтийг хэлэлцсэн нь олны анхаарлыг татлаа.
Засгийн газар, БНСУ-ын Экзим банк хооронд байгуулсан 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд 43 автобус нийлүүлж, АСЕМ-ын үйл ажиллагаанд ашигласан байдаг. Үүний дараа дээрх автобуснуудыг хэрхэх тухай асуудал өрнөсөн байгаа юм. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Сангийн яамны тоот бичгээр автобус тус бүрийн үнэлгээг 44 сая төгрөгөөр бууруулж, 270 сая төгрөгөөр дамжуулан зээлдүүлж эхэлжээ.
"ДБМ лизинг” компани 2017-2020 оны хооронд нийт 40 автобусыг жилийн 4.5 хувийн хүүтэй зээлийн журмаар төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгосон байна. Тодруулбал, ЦЕГ, ИНЕГ, АТГ, БХЯ, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ОБЕГ болон хувийн аж ахуйн нэгжүүдээс Нью жуулчин турс, Атибус, Ач буян тревэл, Зэлтэрийн зам, Минтранс, Эрдэм транс, Түмэнд нээлттэй хязгаарынхан, Шивээ овоо, Тээвэр ачлал зэрэг компаниудтай зээлийн гэрээ байгуулан худалджээ. Гэтэл гурван автобус хаачсан нь тодорхойгүй байна. Энэ тухай сонсголын үеэр УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад тэрбээр "Зам тээврийн яамнаас асуусан нь дээр байх. Дамжуулан зээлдэх гэрээг Зам тээврийн яам хийсэн. 2016-2019 он хүртэлх алдагдлыг өнөөгийн үнэ цэнээр тооцвол яаралтай эзэнтэй болгох нь зөв. Эзэнгүй байсан болохоор гурван автобус алга болчихлоо. Дахиад хоёр жил гэрээ байгуулахгүй явчихаж байна. Энэ хугацаанд алдагдсан үнэ цэнэ багагүй” гэсэн тайлбарыг өгсөн. УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "19 автобусыг төрийн байгууллагад өгсөн бол 21-ийг нь хувийн хэвшилд лизингээр өгсөн юм байна. Гурван автобус олдохгүй байгаа. Шинжээчид хайгаад олохгүй байна. Зам тээврийн яам, Сангийн яамнаас асуусан ч олдоггүй” гэсэн нь анхаарал татаж байгаа. Автобус тус бүрийг 270 сая төгрөгөөр үнэлж, жилийн 4.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлээр олгосон гэхээр гурван автобусны нийт үнэ нэг тэрбум төгрөг давах юм. Ийм хэмжээний үнэлгээтэй гурван ширхэг автобус сураггүй алга болно гэдэг ноцтой асуудал.
"Эрдэм транс”-ын баазаас 31 автобус эзэддээ шилжжээ
Автобусны маргаан АСЕМ-ын үеэр л эхэлсэн. Үндэсний аудитын газрын АСЕМ-ын санхүүжилтэд хийсэн 2018 оны аудитын тайлан бий. Автобусны эрлийг хайвал тус тайланд "...3.2.5 "АСЕМ”-ын үйлчилгээнд явсны дараа автобусуудыг нэг сарын хугацаатай хадгалуулахаар 2016 оны 10 дугаар сарын 14-нд "АТҮТ” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, мэргэжилтэн Э.Жанцалдулам нар акт үйлдэж, 43 автобусыг жагсаалтаар, гэрээ байгуулалгүйгээр "Тэнүүн огоо” ХХК-д хүлээлгэн өгч нэг жил хадгалуулсан байна. "Тэнүүн огоо” ХХК 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 42 автобусыг хүлээлгэн өгсөн баримт үйлдэлгүйгээр ЗТХЯ-ны өмнөх талбай /авто зогсоол/-д авчирч байршуулж, нэг жил хадгалсны дулаан агуулахын төлбөр 69.0 сая төгрөгийг нэхэмжлэн, төлбөрийг шийдэх хүртэл нэг автобусыг барьцаанд авсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 14-д барьцааны автобусыг буцаан авсан байна” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2018 оны хоёрдугаар сар хүртэл автобусны тоо бүрэн байжээ.
Тайланд үргэлжлүүлэн "..."АТҮТ” ТӨҮГ-ын захирал /Х.Дэлгэрнаран/-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр тушаалаар автобусыг хадгалах, хүлээлгэн өгөх 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилсон байна. Уг комисс "Эрдэм транс” ХХК-тай автобусыг хадгалах, хадгалуулах тухай ТГ17/015 дугаар гэрээ байгуулж 43 автобусыг тус компанийн гадна талбайд жагсаалтаар хүлээлгэж өгсөн байна. Тухайн үед жагсаалтад 43 автобуснаас 7 автобусны GPS, 1 автобусны антен, 2 телевизийн удирдлага, 4 хөгжмийн удирдлага, 5 автобусны дугуйн колбак дутагдсан байна... 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар аудитаар хяналтын тооллого хийхэд "Эрдэм транс” ХХК-ийн дулаан агуулахад 21 автобус байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 5-ны байдлаар "Ди Би Эм лизинг” ХХК 31 автобусыг зээлээр худалдсан байна” гэжээ.
"Эрдэм транс” ХХК: АТҮТ-өөс"Танайх том баазтай юм чинь автобуснуудыг түр хадгалуулъя” гэж гуйсан
Аудитын тайлангаас "Тэнүүн огоо” ХХК-ийн баазаас бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан 43 автобус "Эрдэм транс” ХХК-ийн баазад шилжүүлэх үеэс бүрхэг болж эхэлсэн харагдаж байна. Тиймээс энэ асуудлаар "Эрдэм транс” компанийн удирдах албаны нэгэн ажилтантай холбогдож дараах тодруулгыг авлаа.
-АСЕМ-ын 43 автобусыг танай компанийн баазад хадгалуулсан байдаг. Ямар байгууллага танайд хандсан юм бэ?
-Манайх Улаанбаатараас гадна хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага. Тэр утгаараа АТҮТ-өөс тухайн үед манайд хүсэлт гаргасан. "Танай компанийн бааз том талбайтай юм байна. Тиймээс эдгээр автобусыг танайд түр хугацаанд байршуулах хэрэгтэй байна” гэж гуйсан. Бид ч зөвшөөрсөн.
-Хэдэн автобус авчирсан бэ. Хүлээлгэж өгөхөд автобусны бүрэн байдал хангагдаж чадсан уу?
-Ямар ч асуудал гараагүй.
-Танай баазад 43 автобус хүлээлгэж өгсөн гэсэн аудитын тайлан байна. Гэтэл гурван автобус дутсан. Танай бааз дээрээс л зээлээр худалдан авагчид авсан болж таараад байгаа. Гурван автобусны талаар та мэдэх үү?
-Бид анх авчирсан автобуснуудыг тоог нь бүрэн хүлээлгэж өгсөн. Өөр ярих зүйл алга гэв.
Д.Цэрэнсамбуу: Урлагийн гурван байгууллагад автобус өгсөн нь үнэн
Хөгжлийн банкны сонсголын үеэр "ДБМ лизинг" ХХК-ийн дэд захирал асан Г.Ганбаатар "Миний сонсож байснаар 3 автобусыг төрийн байгууллагуудад Засгийн газраас олгосон гэсэн. Драмын театр ч билүү. Тиймэрхүү байгууллага сонсогдсон. Манайх 43 автобусыг Сангийн яам, ЗТЯ, Чингис хаан банктай дөрвөлсөн гэрээ байгуулсан. Ашиглагдахгүй удсан. 40 автобусыг түрээслэгч нарт хуулийн дагуу түрээсэлсэн” гэсэн юм.
Энэ тухай Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуугаас тодруулсан юм.
-АСЕМ-д ашиглаж байсан 43 автобуснаас гурав нь сураггүй болсон асуудал мандаад байгаа. Гэтэл Улсын драмын эрдмийн театрт байгаа сураг дуулдлаа. Танайх улсаас автобус авсан хэрэг үү?
-Урлагийн байгууллагууд нэгдээд яам, Засгийн газарт энэ автобус унааны асуудлаар хандсан байдаг. Урлагийн байгууллагын хувьд том хэмжээний автобустай байх маш чухал. Орон нутагт ч монголчууд байгаа шүү дээ. Тэдэнд соёл урлагийн үйлчилгээг хүргэх ёстой. Үүний тулд уран бүтээлчид автобусаар орон нутгийг зорих хэрэгтэй болдог. Тиймээс хүсэлт тавьсан. Нэлээд хугацааны дараа шийдэгдэж, тухайн үеийн Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан урлагийн гурван байгууллагад автобус гардуулж өгсөн.
-Ямар ямар байгууллага вэ?
-Манайхаас гадна Улсын Филармонийн Баян Монгол чуулга, Үндэсний Урлагийн Их театрт гардуулсан санагдаж байна. Зам тээврийн яамны үүдэнд арга хэмжээ нь болж байсан шүү. Манай урлагийнхан оччихсон, би үг хэлж байснаа санаж байна. Алга болчихсон автобусууд авсан болж таарч байна уу.
-Автобусны төлбөр тооцоо яригдсан уу?
-Урлагийн байгууллагуудад үнэгүй өгсөн. Сүүлд Төрийн өмчийн хорооны шийдвэр гарч, байгууллагын өмчид хүртэл шилжсэн байгаа гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.