Ц.Лувсандандар: Балин бол урлагийн нэг төрөл
Амарбаясгалант хийдийн тахилч лам Ц.Лувсандандар саяхан өөрийн бүтээл балингийн урлалын үзэсгэлэнгээ толилууллаа. Балин гэж юү юм, түүнийг хэрхэн хийдэг болон тэр нь урлагийн нэг төрөл болох тухай түүний ярьсныг хүргэе.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Би 1997 оноос хийдэд шавилан суусан жирийн лам хүн. 2007 оны үеэс балингийн урлалыг сонирхсон. Яг бүтээл хийсэн нь бол 2016-2018 он. Өмнө нь Хятад, Непалд үзэсгэлэнгээ гаргаж байлаа.
Энэ удаа нийслэлийнхэнд бүтээлээ дэлгэн үзүүллээ. Дараа нь Европын оронд гаргах бодол бий. Энэ бүхэн маань балингийн учир явдлыг олон түмэнд мэдүүлэх, бурхан шашны үнэн мөнийг таниулах зорилготой юм л даа.
-Та жирийн лам гэлээ. Ямар сургууль төгссөн бэ?
-Шашныхаа сургуулийг л дүүргэсэн. Түүнээс биш урлаг талын сургууль, дамжаанд суралцаагүй ээ. Харин дээд үеийн лам нараас мэдэж авсан юм их бий. Тэрний нэг нь балингийн урлагийг бие даан сурсан явдал.
-Балин урлагийн ямар төрөлд хамрагддаг вэ?
-Гар урлал нь нэмэх, хасах гэсэн хоёр ангид хуваагддаг. Баримал нэмэх урлагт багтдаг. Хийх явцад нэмэлт, хасалт хийж болох энэ баримлын төрлийн нэг хэлбэр нь балингийн урлал.
Ер нь хүмүүс балинг зөвхөн бурхан шүтээнд зориулсан өргөл гэж ойлгодог байх. Тэгвэл үзэсгэлэн үзээд урлаг юм байна гэж ухаарч байгаа болов уу. Урьд нь ийм үзэсгэлэн аль ч галерейд гараагүй байхаа.
Гурван цагаан нь тараг, сүү, шар тос бол гурван амттан нь сахар, бурам, зөгийн бал.
Балин хийх урлал нь бурхан шашны таван их ухааны нэг бөгөөд нүд баясгах гайхамшигтай бүтээл юм.
-Бид ойлгохдоо балинг арвайн гурилыг шар тосоор багсраад чихэр, бурамаар амтлаад хийчихдэг гэж.
-Үнэн л дээ. Балингийн махан бие буюу фигурыг арвайн гурил, шар тос, амттанаар босгоно. Дараа нь чимэглэх гол түүхий эд нь ямааны өөх, бага зэрэг лааны тос орно.
Тэгээд ямар бурхан шүтээнд зориулснаар нь тэр талын билгэдэл, чимэглэлийг хийдэг. Будаг нь байгалийн гаралтай байх ёстой. Намсрай бурхны балинг гэхэд нар, сар, зааны соёо, зэндмэнь болон чандмань эрдэнэ, бумба зэрэг дүрсээр чимдэг. Манал бурхны балин цагаан өнгөтэй бол сахиусны бурханых улаан байна.
-Балинд шүншиг гэж байдаг уу?
-Байхгүй ээ. Балин чинь бурхан биш зоог учир түүнд шүншиг оршоохгүй ээ.
-Өөрийн чинь хийсэн балингуудын өнгө тун содон санагдаж байна л даа?
-Та зөв ажигласан байна. Би өнгөний тод хурц сонголтыг гол болгодог. Жиших юм бол Түвдүүдийнхтэй төстэй. Гэхдээ түвд хүн үзээд манай хийц гэж хэлэхгүй. Монголчууд яг монгол балин байна гэж ч чадахгүй байх. Энэ нь миний хийцийн онцлог. Би хэн нэгэнд шавь орж суралцаагүй. Өөрөө бие даан сурсан болохоор бүтээл бүхнээс маань өөрийн гэсэн онцлог харагддаг байхаа.
-Балин урлахад ямар багаж хэрэглэдэг юм бэ?
-Надад яг зориулсан багаж гэж байхгүй. Гарын доорх тааралдсан эд зүйлийг багаж болгон ашигладаг. Тухайлбал шүдний чигчлүүрийн мод, зайрмагийн иш, халбага л нарийн хийцийн багаж болдог. За тэгээд балинч хүнд гараа бэлдэх гэж чухал юм бий.
Ямааны өөх тосоор голлон хийдэг нарийн хийцүүд байдаг учир халуун гараар барих нь таарахгүй. Тиймээс байнга л мөстэй хүйтэн усанд гараа дүрж хүйтэн байлгахыг хичээх болдог.
Олон өдөр, цагаар тэгж сууна гэдэг гар, үе мөчинд жаахан халтай л даа.
-Үзэсгэлэнг үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байх юм бэ?
-Тун их сонирхож байна. Бас сүсэгтнүүд бурхан шүтээндээ зориулсан балин хийлгэж болох уу гэж асууж байна. Хандив өргөл ч өгч байх юм. Тэгэхээр эндээс орсон орлогоо би хийдийнхээ тохижилтод зориулна аа. Хийдийн маань 300 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
-Бүтээлээ хэрхэн үнэлдэг вэ? Хэн нэгэн балин хийлгэе гэвэл ямар үнэтэйг сонирхож л таарна биз?
-Хийцээрээ л үнэлэгдэнэ. Уг балинг хийхэд хичнээн цаг зарцуулснаар үнийг тогтоодог.
Гурав, дөрвөн цагт хийчих балин бол хямд байхад долоо хоногт хийх нарийн түвэгтэй хийцтэй бол үнэ нь өсөх жишээтэй. Зүгээр усан тахил хийхэд зориулсан энгийн балин 50 мянган төгрөг.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)
Сэтгэгдэл байхгүй байна.