Адуутай намраар түүний тоглолтод саатахуйд
Түүний тоглолтоос яг л анир ялдамхан талын бүүвэйнд аав, ээж, алтан өвс, адуутай намраа дуулан зогсох хээгүй монгол эр хүний түвшин сайхан ухаарал, жигдэрч, жин дарж яваа авьяас билэг, захгүй сайхан дуулж яваа хүний эгэл даруухан дуу хоолой, урин салхи шиг зөөлөн аргадаж тайтгаруулам хүний хүүгийн бодрол сонсогдлоо. Урлаж шаглаж, уярааж хайрласан мөн ч ганган дуучин юм байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Хосбаяр дуучны дуунаас яах аргагүй налгар намар, аав, ээж, хань, үрсийн хайр үнэртэж, үүрийн гэгээнээр үүрссэн хүлэг янцгаах шиг, хултай айраг чимчигнэх шиг мэдрэмж төрж, буудаг. "Адуутай намар” дуу нь гэхэд жиндүү намраар хаа нэг аялагдаж, алс тийш санаа алдах, хөдөө ахуйг зорим санагдуулдаг.
Тэр дундаа
Ямар ч элдэв гоёчлолгүйгээр тайзнаа гарч ирээд хэн бүхний сэтгэлийн орон зайд "Уургач хүлэг”, "Адуутай намар”, "Энхрийхэн”, "Саальчин бүсгүй”, "Ижий минь жаргасан хорвоо”, "Гүйгүүл морь”-оо дуулж, үзэгчдийнхээ доторх санах, хайрлахын цаад гүн рүү нэвтэрч, салж холдомгүйгээр сатуулж, хоргодон үлдээдэг юм байна, түүний хоолой. Үүнийг түүний "Богд хээрийн дуулал” тоглолтыг үзсэн, түүний дуу хоолойнд жарган суусан хэн бүхэн аргагүй мэдэрсэн биз ээ. Тэр дундаа айраг найргийн хөдөөд очиж, ардын дууны айзам хөгийг санагалзаж, нээрээ л "Ээжүүд минь жаргасан хорвоод амьдарч яваа даа” гэж нэг их сайхан дүүрч, "Зандан хүрэн” дууг дуулан зогсоо эгэл аавыг, "Дуулахгүй яаж явах юм бэ” гэж эрхгүй сэтгэлд хоногштол сайхан аялгууллаа.
Эхлэлд эгэл жирийн монгол эр хүн, хүний хүүгийн ухаарал гэж түүнийг тодотгосон бол тоглолтын энэ хэсэгт зүгээр л сайхан монгол аав дуулж зогсоо юм байна шүү дээ гэж бодогдсон.
Мөн сайхан ах, анд ч юм. Ерөөс энэ даруухан дуучин дуу хоолойгоороо, хүнээрээ ч тэр хэн бүхэнд нөмөртэй, ханьтай, хайраа асгаж бүгдийг дүүргэсэн, өөрөө эргээд түүгээрээ аялгуу эгшгээ хөглөдөг юм байна аа. Түүний тоглолтоос амар тайван монгол ахуй, адуу идээшсэн тал нутаг, найр хавтгайрсан намар, сэтгэлээс уяатай юм бүхэн бүрдэж, үзэгчид алинаас нь харин хутган авч бодол санаа, сэтгэлээ зүрхээ дүүргэх нь ёстой үзэгчийн хэрэг юм. Магад ихэнх нь адуутай яг ийм намраар нутгаа зорьж, ижий, аавдаа үнсүүлж, хүүхэд нас, хүн болсон тэр ахуй руу гаа тэмүүлж байгаа даа. Ийм байхад үнэхээр дуулахгүй явах аргагүй юм.
Сэтгэгдэл байхгүй байна.