Месси, Роналдо ирсэн ч Монголын хөлбөмбөгийн шигшээг аварч чадахгүй
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг "FIFA Days"-ийн хүрээнд Камбож улсын шигшээ багтай Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолт нь Азийн аваргын урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой хийх чухал тоглолтыг өмнө болж буйгаараа онцлог байсан юм. Тоглолтын тухайд Камбожийн олимпийн цэнгэлдэхэд болж, эзэн орон 2-0 харьцаатай хожив. Эхний гоолыг 22 дахь минутад Яадаи Огава оруулсан бол хоёр дахь гоолыг төд удалгүй 30 дахь минутад Са Ти оруулжээ.
Камбожийн шигшээ баг эцэст нь 271 өдрийн дараа анхны ялалтаа авч байгаа нь энэ. Харин Монголын шигшээ баг хожил бүү хэл гоолын бараа сураггүй нэг жил гаруй болж байна.
Камбожийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Феликс Г.Далмас удирддаг бөгөөд тэд хамгийн сүүлд 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр Макаог 4-0 гэсэн харьцаатай хожжээ. Тэгвэл Монголын шигшээ хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сарын 14-ний өдөр Йемений шигшээг талбай дээрээ 2-0 гэсэн харьцаатай хожсон аж. Гоолын тухайд хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гүржийн эсрэг оруулсан.
Камбожийн шигшээ дэлхийн чансааны 179-рт жагсч байгаа бол Монгол 191-рт явна.
Монголын шигшээ баг гавьтай амжилт үзүүлэлгүй үнэхээр удаж байна. Тодруулбал, ахлах дасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлага дор шигшээ баг гэхэд л 14 тоглолт хийж, ердөө ганц ялж, хоёр тэнцэж, 11 удаа хожигджээ. Үүнээс ердөө хоёрхон тоглолтод л гоол оруусан амжилттай. Япон дасгалжуулагчийн хувьд шигшээ багаас гадна залуучуудын шигшээ багийг удирдаж буй. Залуучуудын шигшээ өнгөрсөн жил Оцүкатай зургаан тоглолт хийснээс нэг тэнцэж, тав хожигдсон үзүүлэлттэй.
Японы Тойама Даичи ахлах сургуулийн дасгалжуулагч байсан Ичиро Оцүка нь Японы хөлбөмбөгийн холбооноос цалинжиж, Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа.
Шигшээ багийн тоглолтын тухайд дэндүү уйтгартай хөлбөмбөгийг толилуулж байна гэж хөлбөмбөг сонирхогчид шүүмжилж байгаа. Тогтмол гараа нь таван хамгаалагч, гурван хагас хамгаалагч, хоёр довтлогчтой. Хамгаалалтаас сөрөг довтолгоо руу, "Long Ball" буюу хамгаалалтын шугамаас довтолгооны шугам руу агаарын алсын дамжуулалтаар тоглох тактиктай нь илт харагддаг. Нөхөрсөг тоглолтод хүртэл шинэ тактик, комбинац туршихгүйгээр өнөөх л гараагаа гаргаж, алсын дамжуулалт зонхилсон тоглолтоо үзүүлсээр байна. Ядаж нөхөрсөг тоглолтод үр дүнд анхаарсан бус үзүүштэй, өрсөлдөөнтэй, харилцан бөмбөг эзэмшсэн тоглолтыг Монголын фанатууд хүсч байна.
Монгол тамирчдын ур чадвар, тэсвэр, бие бялдар сайжирч, олон улсад танигдаж, клубын түвшинд сайн байгаа ч шигшээ багтаа л учраа олохгүй харагдана.
Монголын шигшээ баг Майкл Вайссын үед агуулгын хувьд илүүрхсэн тоглолт олон хийгээгүй ч үр дүнгээ хадгалж, хожил байгуулдаг байв. Герман мэргэжилтэн дөрвөн жил шигшээ багийг удирдахдаа 19 тоглолтод тав хожиж, гурав тэнцэж, 11 хожигдсон амжилттай. Харамсалтай нь, гэрээний сунгалт, цалин дээрээ тохирч чадаагүй улмаас ажлаа хүлээлгэн өгсөн гэх яриа бий. Түүнээс хойш хоёр ч дасгалжуулагчийн дараа Японоос Шиүчи Масэ ирж, Монголын шигшээ чансаа өндөр, хүчирхэг Киргизстаныг хожиж байлаа. Масэ ердөө ганцхан тоглолтод шигшээ багийг удирдаж, эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцсан. Ингээд л Ичиро Оцүка Монголд ирсэн хэрэг.
Ийм уйтгартай хөлбөмбөг тоглож, ганц тактикаараа дөрвөн жил явж байгаа шигшээ баг дээр Лионель Месси, Кристиано Роналдо ирсэн ч хожил байтугай гоолоо ч оруулж чадахгүй байх. Монголын хөлбөмбөгийн холбоо ч эртхэн дасгалжуулагчаа солих арга хэмжээ авах нь зүйтэй. Ядаж зардлаа гаргаад өөрсдөө шигшээ багийн дасгалжуулагчийн эрэлд гаръя. Дэгсдүүлэхэд Японоос бусад бүх Азийн орнууд Европ, Америк тивээс дасгалжуулагч авчирч, ажиллуулж байна. Монголын шигшээд Европ дасгалжуулагч нар арай амжилттай ажилладаг үзүүлэлт бий.
Сэтгэгдэл байхгүй байна.