Б.НЯМЦЭРЭН: ЗАЛУУС СОНГУУЛЬД УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГӨХ НЬ ИРЭЭДҮЙДЭЭ ОРУУЛЖ БУЙ ЧУХАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

0

Б.НЯМЦЭРЭН: ЗАЛУУС СОНГУУЛЬД УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГӨХ НЬ ИРЭЭДҮЙДЭЭ ОРУУЛЖ БУЙ ЧУХАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

 "Лийд төгсөгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Нямцэрэнтэй ярилцлаа. Тус төрийн бус байгууллагатай Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж эхэлсэн билээ.

  • "Лийд төгсөгчдийн холбоо” ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ? Манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

      "Лийд төгсөгчдийн холбоо”-г 2018 онд ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, тэгш, хүртээмжтэй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуус сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан түүхтэй. Бид өнгөрсөн зун зургаадугаар сард 5 жилийн ойн баяраа амжилт, бүтээлээ дүгнэж, цаашдын зорилгоо хэлэлцэн тэмдэглэсэн. Байгуулагдсан цагаасаа хойш манай холбоо нийгмийн өөрчлөлтийн 12 төсөл хэрэгжүүлснээс хамгийн амжилттай, үр нөлөөтэй нь Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлсэн төслүүд байжээ. Үүнд, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль, мөн 2 удаагийн нөхөн сонгуулийн үеэр сонгуулийн ирцийн мэдээг хүлээн авах, нэгтгэх, дамжуулах систем хөгжүүлж, сонгуулийн өдөр сонгогчид ирцийн мэдээллийг хэд хэдэн ангиллын хүрээнд цаг алдахгүй авах боломжийг бүрдүүлсэн явдал юм. Энэхүү систем нь газар зүйн мэдээллийн системд суурилсан тул иргэдэд маш ойлгомжтой. Аль тойрог, орон нутагт хэдээс хэдэн насны сонгогч сонгуульд идэвхтэй оролцож байгааг харах, цаашдын сонгуулийн дараа ирцийн мэдээлэлд анализ хийхэд маш тохиромжтой буюу насны ангиллыг маш дэлгэрэнгүй болгож Монгол Улсын суурь статистикийн мэдээллийн форматтай адил болгосноороо давуу талтай юм.

  • Сонгуулийн Ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлсэн төслүүдээ дурдлаа. Цаашид СЕХ-той хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан, энэ талаар мэдээлэл өгөөч?

      Бид 2020 оноос СЕХ -той хамтран ажиллаж байна. Сонгуулийн дата хакатон тэмцээнийг залуучуудын дунд зохион байгуулахдаа анх СЕХ-ноос төлөөлөл урьж, шүүгчээр ажиллуулж байсан. Үүний дараа сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдлын судалгаа, сонгуулийн ирцийн систем зэргээр сонгуулийн холбогдолтой бүхий л төсөл хөтөлбөрүүд дээр маань СЕХ тодорхой хэмжээнд дэмжиж ажиллаж байна. Бид эдгээр амжилттай хэрэгжүүлсэн төслүүд, хамтын ажиллагааны туршлагаа бэхжүүлэх зорилгоор 2022 оны 10-р сард СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Ирэх 2024 оны ээлжит сонгуульд сонгуулийн ирцийн мэдээллийг мэдээлэх, дамжуулах өмнөх туршлагыг сайжруулахаар дахин ажиллах хүлээлттэй байна. Түүнчлэн сонгуулийн ил тод байдал, сонгогчдын боловсролыг дээшлүэх асуудал нь манай холбооны ирэх хэдэн жилд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэл учраас санамж бичиг байгуулснаар хэрэгжүүлэх төслүүд маань илүү өргөн хүрээг хамарч, илүү үр нөлөөтэй байна гэдэгт илтгэлтэй байгаа.

  • Холбоо ер нь яагаад сонгуулийн ил тод байдал, сонгогчдын боловсрол чиглэлд үйл ажиллагаа явуулах болсон юм бэ?

      Ардчилсан нийгмийн гол тулгуур бол чөлөөт, шударга сонгууль. Сонгууль чөлөөтэй, шударга байхын тулд түүнд оролцож байгаа иргэд нь мэдээлэлтэй, сонгуулийн процесс нь нээлттэй, хяналттай байх ёстой. Нийгмийн цөм хэсгийг бүрдүүлж байгаа залуучууд сонгуулийн үйл явцад идэвхтэй, хариуцлагатай оролцдог болж байж нийгэм илүү гэгээлэг, шударга болно гэж бид итгэдэг. Тийм учраас манай Холбооны залуус сонгуулийн тогтолцоо, бодлогын асуудалд дуу хоолойгоо хүргэхийн зэрэгцээ сонгуулийн ач холбогдлыг таниулах, шийдэл санал болгох төслүүдийг санаачлан хэрэгжүүлсээр байна.

  • Цаашид ямар үйл ажиллагаа төлөвлөж байгаа вэ? 2024 оны сонгуулийн жилд танай Холбооноос залуусын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд юу хийхээр төлөвлөж байна вэ?

      Их хурлын сонгуулийг угтаад холбоо хэд хэдэн сонирхолтой төсөл төлөвлөж байна. Бидний дараагийн төслийн фокус бүлэг бол сонгуулийн үйл явцад анх удаа оролцож байгаа шинэхэн сонгогчид байх болно. Монгол улс маань ардчилсан тогтолцоог сонгоод 33 жил өнгөрч байгаа ч залуучуудын дунд ардчиллын үнэт зүйлсийг ойлгох, түүнийг хамгаалах, бэхжүүлэх хандлага сул байгаа нь Улсын Их Хурлын болон бусад сонгууль дахь  залуусын оролцоо, ирцийн мэдээнээс харагддаг. Ерөнхий боловсролын сургуулиудад иргэний боловсролын хичээлд ардчилал, сонгуулийн талаар агуулга байдаг боловч хэт ерөнхий, мөн тухайн агуулгыг хүргэх арга хэлбэр нь өсвөр насныхны онцлогт нийцсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Иймд бид өөрсдийн төслөөр дамжуулан ардчиллын үнэт зүйл, сонгуулийн талаар нэмэлт агуулгыг өсвөр үеийнхэнд, тэр дундаа анх удаа сонгуульд  оролцох бүлэгт хүргэхээр шийдсэн. Шинэ төсөл маань есдүгээр сараас хэрэгжээд эхэлсэн. Хагас жилийн хугацаанд шинэ сонгогчдод чиглэсэн энгийн, сонирхолтой, танин мэдэхүйн контентууд, үе тэнгийн сургалт, уралдаан зэргийг төлөвлөөд байна.

  • Төслийнхөө талаар жаахан дэлгэрүүлээч? Бусад төслөөс юугаараа онцлог байх вэ?

      Увс, Ховд, Дархан-Уул, Дорнод, Дорноговь гээд таван аймгийн үе тэнгийн сонгогчдыг хамруулж, хамтдаа суралцаж, нөхөрлөх боломжийг олгохоороо төсөл маань онцлог. Хөгжилтэй, чөлөөт арга хэлбэрээр ардчилсан тогтолцооны онцлог, сонгуулийн ач холбогдлыг ойлгуулахад чиглэнэ. Бид өмнө нь 2020 оны сонгуулийг угтаад залуусын дунд анх удаа сонгуулийн дата хакатон зохион байгуулж байлаа. Маш амжилттай болж, уралдаанаас гарсан шилдэг санааг 2020 оны Их хурлын сонгуулийн үеэр цахим компанит ажил болгон хэрэгжүүлсэн. Энэ удаад мөн адил төсөл маань залуусын шинэлэг санаа, бүтээлч байдлыг илрүүлж, тэдэнд санаагаа хэрэгжүүлэх, бодитоор нөлөөллийн ажил хийж үзэх боломжийг олгох юм.

  • Сайн дурын төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл мэдээж байдаг байх. Танай холбоо аливаа улс төрийн нам, бүлгээс ангид, бие даан үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгосон. Санаачилсан төслийнхөө зардлыг хэрхэн шийддэг вэ?

      Бид бусад иргэний нийгмийн байгууллагуудын адилаар шинэ санаагаа төсөл болгож бичээд олон улсын болон дотоодын санхүүжүүлэгч байгууллагуудад ханддаг. Энэ удаагийн шинэ залуу сонгогчдод чиглэсэн төсөлд маань Канадын сан дэмжлэг үзүүлж, зардлын санхүүжилт олгож байгаа.

  • Баярлалаа танд.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.