Дэлхийн нийт бөхөнгийн 50 хувь нь үл мэдэгдэх өвчнөөр хиарчээ
Өнгөрсөн 5-6 дугаар сарын үржлийн үеэр дэлхийн нийт бөхөнгийн тал хувь нь үл мэдэгдэх өвчнөөр хиарсан хэмээн АНУ-д төвтэй Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS) мэдээлэв. Дэлхийд одоогоор үлдээд буй хоёр төрлийн бөхөнгийн нэг нь болох соргог бөхөн хамгийн ихээр нутагладаг Казахстан улсад даруй 120 мянган толгой буюу тус улсын нийт бөхөнгийн 80 хувь, дэлхийн нийт бөхөнгийн 50 гаруй хувь нь гэнэт хорогджээ. Бөхөн нутагладаг Казахстан, Киргиз, Монгол, ОХУ дөрвөн улсаас гадна, Хятад, Узбекистан болон АНУ, Германы зэрлэг амьтан хамгаалах байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Ташкентад хуралдаж, бөхөн хамгаалах стратегийг яаралтай шинэчлэн боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна. Бөхөн үй олноор үхсэн нь идэш тэжээл болон байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэмээн таамаглаж байгаа хэдий ч, бодитой шалтгаан нь чухам юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Манай улсын хувьд одоогоор 13 мянган монгол бөхөн тоологдсон бөгөөд халдварт өвчин тусах нь ховор, харин зуданд туйлдаж үхэхээс гадна, хачиг, гууранд баригдах, мөн цөөн тохиолдолд бог малынх шиг эргүү өвчин тусч үхдэг байна.
Б.Бат
Эх сурвалж: tonshuul.mn