​"МОНГОЛД ГАДААД ҮЗЭМЖ, ГАР УТАСНЫ ГАНГАН ДУГААР ГЭСЭН СОНИН ОЙЛГОЛТ ТОГТСОН БАЙНА"

0


Бразилийн Сан-Паулохотын "CircoSpacial” циркийн хэсэг уран бүтээлчид өдгөө Монголд амралтаа өнгөрүүлж байна. Улсдаа томоохонд тооцогдох тус циркэд О.Одгэрэл хэмээх монгол бүсгүй ажилладаг. Түүнтэй хамт тус циркийн жүжигчин Петерсон Луйз Жардим Монголд иржээ. Тэдэнтэй хийсэн ярилцлагаа уншигч танаа сонирхуулъя.

-Юуны өмнө www.gereg.mn сайтын уншигчдынхаа өмнөөс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд ирээд хэр удаж байна. Сэтгэгдлээ хуваалцаач?

О.Одгэрэл: Баярлалаа. Танай сайтын нийт уншигчдад ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд эх орондоо ирээд сар орчим болж байна. Хоёр жил орчим эх орондоо ирээгүй. Өөрчлөгдсөн зүйл нэлээд байна. Нийслэл маань илүү өнгөлөг хөгжингүй болжээ. Их хотын залуус маань ч гэсэн боловсон соёлтой болсон нь анзаарагдаж байна.

Петерсон Луйз Жардим:

Миний хувьд Монголд анх удаа ирж байна. Ирээд 10 гаруй хонож байна. Миний хувьд халуун орны хүн болохоор бие организм маань танай орны эрс тэс уур амьсгалд зохицох гэж нэлээд удлаа.

Эрс тэс уур амьсгалаа дагаад монголчуудын соёл иргэншил, хүний зан араншин гэх мэт зүйлээс өөр мэдрэмжийг мэдэрч байна. Соёл иргэншлийн хувьд манайхаас өөр болохоор ирснийхээ дараа эхний хэд хоног соёлын шокны байдалтай байлаа.

Их сонирхолтой, үзэсгэлэнтэй байгальтай орон байна. Танайх уудам сайхан нутагтай, ард түмэн нь үргэлж инээмсэглэсэн сайхан орон юм.



Монголчууд бид Бразилийг хөлбөмбөгийн эх орон гэдгээр нь сайн мэддэг. Харин та манай улсад ирэхээсээ өмнө Монголыг юугаар төсөөлж байсан бэ?

Петерсон Луйз Жардим:

Одноо /О.Одгэрэл/ эх орныхоо тухай бидэнд их ярьдаг. Түүнээс өмнө монголчуудыг баатарлаг цэргүүд, Чингис хаанаар нь мэддэг байсан.

Улаанбаатар хот миний төсөөлж байснаас илүү том хот санагдаж байна. Яг л дэлхийн томоохон "метрополисс” хотууд шиг.

Монголчууд цалин багатай, өргөн хэрэглээний барааны үнэ өртөг өндөр хэмээн халаглаж байхыг сонссон. Бидний амьдардаг Сан-Пауло хотод ч бас эдийн засгийн байдал ийм л байдаг. Манай улстай эдийн засгийн байдал төстэй санагдсан шүү.

Бас нэг хачирхалтай зүйл анзаарсан. Танай улсын мөнгөн тэмдэгт мянгаар хэмжигдэж байгаа нь миний толгойг бага зэрэг эргүүлж байна /инээв. сур/. Бразилийн мөнгөн тэмдэгт зуугаар хэмжигддэг. Мөн хотын залуус нь их дэгжин юм.

-Чингисийн талбай дээр он гаргасан гэж сонссон. Хүйтэнд шинэ оныг угтахад ямар сэтгэгдэл төрөв?

Петерсон Луйз Жардим:

Шинэ оныг анх удаагаа эрс тэс уур амьсгалтай оронд гадаа угтах сайхан байсан. Бразилд байхдаа нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа газраас аль болох зайлсхийж явдаг л даа. Харин энэ жил дэлхийд алдартай Чингис хааны нэртэй төв талбайд шинэ оноо угтсандаа баяртай байгаа.

Төв талбай дээр явж байхад хүмүүс намайг "харь гаригийн хүн” харж байгаа юм шиг хараад байсан /инээв.сур/.

Одноо /О.Одгэрэл/-г ч гэсэн Бразилд гадуур явахад хүмүүс тэгж хардаг. Бусдын нүдэнд өөрөөр харагдах мэдрэмжийг өөрийн биеэр мэдэрч байна /инээв.сур/.

-Монголын язгуур урлаг болоод циркийн тоглолт үзэж чадав уу. Хэр санагдсан бэ?

О.Одгэрэл:

Драмын театрт л ганцхан "Ромео Жульетта” тоглогдож байна. Бусад урлаг соёлын байгууллагууд бүгд амарчихсан байна. Уг нь биднийг хүүхэд байхад сурагчдын өвлийн амралтаар цирк, хүүхэлдэйн театрын тоглолт болдог байсан. Тэр цаг өнгөрчээ.

Тиймээс Тэрэлж явж морь унуулсан, Чингисийн хөшөө, музей үзүүлсэн.

Петерсон Луйз Жардим:

Монголын өв уламжлал, язгуур урлаг гайхалтай сайхан санагддаг. Монголд ирэхээсээ өмнө Монголын түүхийн талаар нэлээд сонсож судалж байсан. XIII зууны Монголын ерөнхий зан үйл, төрх монголчуудад одоо ч байна гэж бодож байна.

Өвлийн цагт танай соёл урлагийн байгууллагууд амардаг бололтой. Уг нь монгол цирк, уран нугаралтыг тайзан дээрээс нь үзнэ гэсэн бодолтой ирсэн. Гэвч үзвэр байхгүй гэж хэлсэн. Миний хувьд Монголын циркчдээс тав, зургаан хүн танина. Тэдэнтэй хамтран тоглож байсан.

-Монгол циркчид бусдаас ямар ялгаатай вэ?

О.Одгэрэл:

Монгол циркчид бусад орны циркчдээс техникийн ур чадвар сайтай, маш чадварлаг байдаг. Тухайлбал, уран нугаралтын тал дээр монгол нугараачид арай уян, өөрийн гэсэн стильтэй байдаг.



-Өөрсдийнхөө ажилладаг "CircoSpacial” циркийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

О.Одгэрэл:

Циркийн урлаг аль ч цаг үед нийгмийн байр сууриа алдахгүй явсаар өнөөг хүрсэн. Манай "CircoSpacial” циркийн хувьд үндэсний хэв маягийг шингээсэн үзүүлбэрүүд ихтэй гэдгээрээ Бразилд үйл ажиллагаа явуулж буй олон циркээс ялгаатай.

Петерсон Луйз Жардим :

Дэлхий даяаршлагдаж, нийгэмшихийн хэрээр циркийн урлаг хоёр хэсэгт хуваагдаж байна. Ихэнх циркүүд техникийн асуудлуудыг орхигдуулж, модерн шоу тал руугаа хөгжиж байгаа. Канадын циркийн хувьд гэхэд бүжиглэдэг, жүжиглэдэг, дуулдаг байх жишээтэй. Харин манай циркийн хувьд үндэсний, уламжлалт техникийн үзүүлбэрүүд ихтэй.

-Одоогийн байдлаар хэдэн монгол циркчин Бразильд амьдарч байна?

О.Одгэрэл:

Миний мэдэхээр "Циани” гэдэг циркэд дөрвөн монгол охин нугарч бий. Тэдний циркийн хувьд Бразилийн цирк гэж явдаггүй. Хойд Америкийн цирк гэгддэг.

Петерсон Луйз Жардим:

Монголоос Одноо ганцаараа урт хугацааны албан ёсны гэрээтэй Бразильд нугардаг. Зарим циркүүдэд монгол нугараач мэр сэр харагддаг ч 3-6 сарын хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэж сонссон.

-Хоёр жилд нэг удаа эх орондоо ирдэг юм байна. Нутгаа хэр санаж байна?

О.Одгэрэл:

Нутгаа саналгүй яахав. Багаасаа хөдөө өссөн болоод ч тэр үү ах дүү нараасаа илүү цэнгэг агаар, өвсний үнэр, малын бууц, аргалын утаагаа л их санадаг. Хааяа зүүдлэнэ. Бас ээжийгээ их санадаг. Хэд хоног ээжийнхээ хажууд ирж амраад гарын хоол цайг нь идэж уугаад сайхан амарч байна.

-Монголын циркчид маань бүгд л харьд хөдөлмөр эрхэлж байна. Та бүхэн эх орондоо эргэж ирээд, нэгдээд цирк байгуулж болдоггүй юм уу. Нэг үеэ бодоход монголчууд циркийн урлагийг их үнэлдэг болсон байна шүү дээ?

О.Одгэрэл:

Цирк маань хувьд гарчихсан, өнөөдөр циркчин бидэнд бэлтгэл хийх газар байхгүй байна. Хөгжим бүжгийн сургуульд циркийн нэг л анги байдаг. Тэд хуучин циркэд бэлтгэлээ хийдэг байсан. Гадаадад ажиллаж амьдардаг циркчид маань ч гэсэн эх орондоо ирэхээрээ тэнд бэлтгэлээ хийдэг байлаа. Гэвч өнгөрсөн жил цирк маань шатчихлаа. Энд төр засгийн зүгээс анхаардаг хүн байхгүй. Өнөөдөр гадаадад ажиллаагүй циркчин байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу.

Хэн ч гэсэн эх орондоо ээж аавынхаа хажууд эх хэлээрээ яриад циркдээ ажиллах юмсан гэж боддог. Миний хувьд ч ялгаагүй эх орондоо амьдрах юмсан гэж боддог.

Гэвч өнөөдөр тийм боломж циркчин бидэнд тун ховор олддог.

Хамтарч цирк байгуулья гэж хоорондоо ярилцдаг ч ажил амьдралын боломж, цаг хугацаанаас шалтгаалаад ажил болгох өнөөгийн нийгэмд ховор байна. Үүнд төрөөс анхаараасай.


-Хэдэн нас хүртлээ нугарах бодолтой байна вэ?

О.Одгэрэл:

Уран нугаралтаар хэд хүртлээ ч хичээллэж болно. Өөрийн формыг хадгалж, биеэ тордоод явбал 40-50 хүртлээ нугарч болно. Миний хувьд чадахгүй болтлоо л хийнэ гэж боддог.

-Гадаадад амьдардаг монголчууд гэхээр нэг л их баян цатгалан хүн ирж байна гэж ойлгодог. Наад зах нь найз нөхөд, ах дүү амраг садангуудаас ийм хандлага ажиглагддаг. Танд ийм хандлага хэр анзаарагддаг вэ?

О.Одгэрэл:

Анзаарагддаг шүү. Манайхан гадаадад амьдардаг хүн гэхээр л мөнгөний мод ургуулаад л таслаад сууж байдаг юм шиг төсөөлөлтэй байдаг. Би нэг хатуу ч гэсэн үнэн үг хэлмээр байна. Монголд амьдардаг залуус маань их эрх танхи юм шиг санагддаг. Монголд бүх зүйл нь бэлэн байдаг ч залуус маань нэлээд залхуу.

Гадаадад байгаа монголчууд бид ажлын хөлсөө хийснээрээ авдаг. Хэр их хөдөлмөрлөж байна, хэр их ажиллаж байна тэрүүгээрээ амьдрал чинь дээшилнэ, эсвэл доошилно.

Тэнд ямар нэг танил тал, татаас, авилгал хээл хахууль байхгүй учраас ажил хийлээ гэхэд өөрийнхөө бор зүрхээрээ л хийдэг. Жаргалтай үедээ жаргалтай, зовлонтой үедээ өөрөө шүдээ зуугаад л тэсээд л тэвчээд л одоогийн байр сууриа олсон.

Монгол залуус бэлэнчлэх сэтгэлгээ, залхуугаасаа салчихвал амжилтанд хүрнэ гэж боддог шүү.

Мөн Монголд гадаад үзэмж, гар утасны ганган дугаар гэсэн сонин ойлголт тогтсон байна. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа.

Жишээ нь, би ирчихээд удаагүй өвлийн хувцас авах гээд дэлгүүрээр явж байхдаа үүнийг анзаарсан. Булган шуба, цааны годон гутал өмсөөд гараад ирэхэд хүмүүсийн харилцаа шал өөр болсон /инээв.сур/. Инээдтэй ч юм шиг санагдаж байсан.

Магадгүй миний ярилцлагыг уншсан зарим хүмүүс бухимдах байх. Гэвч бодит үнэн энэ шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.