Орон сууцны зээлийн хүүг бууруулахад МАН ингэж барьцана
Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох баяртай мэдээг иргэд хүлээж буй. Зээлийн хүүг 5 хувь руу оруулахаа ч УИХ-ын дарга амлачихсан. Харин Их хурлаар уг асуудлыг хэлэлцсэний дараагаар УИХ дахь нам, эвслийн бүлэг дэмжих үү гэдэг асуудал бий. Үүнд МАН-ынхан дэмжиж гар өргөжээ. Гэсэн ч үүний цаана гэхдээ гэсэн асуулттай байлаа. Хэдийгээр бага хүүтэй орон сууцны зээлийг санал болгож байгаа нь сайшаалтай ч өндөр үнэтэй, чанаргүй орон сууц худалдаж авах вий гэсэн болгоомжлолтой байгаагаа хэлж байв.
Орон сууцны зээлийн хүүг бууруулахтай зэрэгцээд МАН-ынхан ингэж барьцах гэнэ. Тэд тэтгэврийн зээл, малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тавьж байсан. Үүнийгээ үргэлжлүүлж дахин шаардах гэнэ. Үйлчилж буй хуулийн хүрээнд дээрх зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой аж. Энэ бол тэдний барьцаж буй хэлбэр. Үнэхээр тэдний хэлсэнчлэн зээлийн хүү буурвал ард түмэнд ашигтай. Гагцхүү ингэж хүү буурах боломж байхгүй гэж эдийн засагчид яриад байгаа учраас малчин, цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь өөрөө сонгуулийн шоу байх вий гэсэн болгоомжлолыг нөгөө талдаа бий болгоод байгаа юм.
Ямартай ч орон сууцны, малчны, тэтгэврийн, цалингийн зээлийн хүү бүгд буурвал, энэ нь эдийн засагт нөлөөлөхгүй, сонгуулийн шоу биш байж чадвал ард түмэн хожино. Гэхдээ гэсэн болгоомжлол ямагт байдаг. Энэ болгоомжлолыг үл хайхран орон сууцны зээлийн хүүг бууруулахтай зэрэгцэж ийнхүү МАН-ынхан бусад төрлийн зээлийн хүүг буулгах ажилдаа оров бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна.