Хүүхдийн нулимсанд хязгаар бий
Гэвч хэдий болтол унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, наадах вэ гэдэг асуудал монгол түмний анхаарлыг татсан сэдэв хэвээрээ байна. Уг нь Монголд дайн байлдаан болоогүй, цөмийн зэвсэг дэлбэрээгүй, байгалийн гамшиг тохиолдоогүй боловч монгол хүүхдүүд уйлж байна. Ухаан муутай томчуудыг зугаацуулах гэсэндээ тэд уйлж байгаа гээд хэлчихэд хатуудсан болохгүй нь лавтай. Уг нь унаач хүүхдийн асуудлыг амаа чилтэл ярьж, цаг, цаас гарздан бичдэг ч уяач гишүүдийн чихэнд хүрдэггүй бололтой.
Хамгийн ойрын жишээ татахад л, өнгөрсөн хавар болсон "Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн тоо баримт бий. Ахиулаад тоо баримт судлах юм бол 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан байна. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Азаар амиа алдсан хүүхэд бүртгэгдээгүй ч энэ бол харамсалтай тоо баримт. Аль ч уралдааны үед хурдан мориноос унаж, хөлд нь үрэгдчих шахсан хүүхдийн асуудлыг ярьдаггүй, харин ч хэний морьд түрүүлж өнгөлсөн, хэний хүү бэлтэй баяныг гайхан шагширч суудаг нь үнэн.
Энд хэдхэн жишээ дурьдахад, монгол морьдыг эрлийз адуутай ижилсүүлэх гэсэндээ эм тариагаар бөмбөгддөг нь нууц биш ээ. Энэ нь өнөөх эзэндээ ээлтэй монгол морьдыг маань үгүй хийж, зүг чигээ мэдэхээ больсон зэрлэг адгуус болгон хувиргаж байгаа тул унаач хүүхдүүд маань мэрийгээд ч нуруун дээр нь тогтохоо больсон гэх яриа чих дэлсэж байсныг энд онцлон тэмдэглэмээр байна.
Үүнээс гадна гараанаас гарах морьдоо хурдан унаагаараа хөөж, тэднийг эм тариандаа галзуурч явахад нь улам айлган цочоож хүүхдийг унагаж, хүний аминд хүрч байгаа нь ч үнэн. Адгуус л болсон хойно амиа бодно уу гэхээс биш нуруун дээрээ хүн суулгаж яваа шүү гэж бодно гэж байхгүй шүү дээ. Гэтэл алдарт уяач цолонд хүрэх гэсэн морь мэдэхгүй нөхдүүд жийптэй морин уралдаан болгож байгаа нь эмгэнэлтэй.
Энэ бүхэн өнөөх үндэсний сайхан монгол уламжлал гэдэг зүйлээ улан доороо дэвсэлж байгаатай агаар нэг билээ. Үүнээс гадна өвлийн уралдааны үеэр хүүхэд болон морь хөлсөндөө нэвтэртэл норж, үүнээс улбаалан хатгаа авдаг гэнэ билээ. Мөн хавар хүн ядаргаанд орж, сульддагтай адил морь ч мөн сульдаж хөл нь суларсан байдаг тухай дуулж байв. Тэгэхээр энэ бүхнийг олж хардаггүй, харалган хүмүүс хүүхдийн эрхийг зөрчиж байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жишээ баримттайгаар төр засгийн өндөрлөгүүдэд хүртэл дуугарч чаддаг газар бол Хүний эрхийн үндэсний комисс. Тэгвэл хүүхдийн хөдөлмөр ялангуяа, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд муугаар нөлөөлж байгааг ХЭҮК-оос гаргасан илтгэлдээ жишээ баримттайгаар гаргажээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг нь яах аргагүй хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хэмээн тодорхойлсон байна.
Тус илтгэлд "Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан зарим талаар бизнесийн шинжтэй болж, үндэсний баяр наадмаар хязгаарлагдахаа болихын хамт унаач хүүхдийн тоо өсч байгаа нь хүний эрхийн байгууллагын анхаарлыг татаж байна. ХЭҮК, ХТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд хурдан морь унаж байгаа 30 орчим мянган хүүхэд байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд жилдээ давхардсан тоогоор 150 орчим их, бага уралдаануудад оролцож байна.
Энэ тоон дээр сунгаа, жижиг уралдаануудад оролцсон тоог нэмбэл хэд дахин өссөн дүн гарна. Хэдийгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа боловч хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Хурдан морины уралдаан нь Монгол үндэстний дэлхийд бахархах нандин соёл гэдгийг ХЭҮК хүлээн зөвшөөрч байгаа боловч унаач хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал түгээмэл гарч байгаатай эвлэрэх боломжгүй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын V тайлан илтгэлтэй холбогдуулан төрийн бус байгууллагын сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд илгээх илтгэлийн наймдугаар хэсэгт "Унаач хүүхэд” гэсэн хэсгийг багтаажээ.
Үүнд "Засгийн газрын илтгэлд дурдсан цахим хуудаст (www.unааch.nac.com) хурдан мориноос унаж бэртсэн, амиа алдсан, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн талаар мэдээлэл байхгүй. Харин бүртгэлтэй морь унаач хүүхдийн тоо, морь унаж түрүүлсэн хүүхдийн тоо, болж өнгөрсөн уралдааны нэр, ямар насны морь хэдэн цагт, хаана уралдах мэдээлэл байршуулсан нь уралдааныг дэмжин зохион байгуулдаг байгууллагын цахим хуудас шиг байв.
Гэмтэл согог судлал, сэргээн засалтын клиник эмнэлэгт (ГСЗКЭ) 2009 оны наймдугаар сард мориноос унаж эмчлүүлсэн 158 хүүхдийн 32.9 хувь нь Улаанбаатар хотын, 67.1 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн 94.3 хувь нь мориноос унах үедээ гэмтсэн бол гурван хүүхэд мориноос унах үедээ чирэгдсэн, хоёр хүүхэд унах үедээ мориндоо гишгүүлж бэртсэн, нэг хүүхэд морьтойгоо уралдааны үед машинд мөргүүлснээс гэмтсэн байна” хэмээжээ. Мөн "АНУ-ын Төрийн Департаментын Хүүхдийн хөдөлмөрийн товчооноос гаргасан 2013 оны илтгэлд "Орон нутгийн болон үндэсний баяр наадмын үеэр болсон морин уралдааны үеэр зургаан унаач хүүхэд нас барсан. Гэвч эрүүгийн хэрэг нээгээгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр ийм тохиолдлыг морины эзэнтэй хувийн журмаар тохиролцож бэртсэн, амиа алдсан хүүхдийн төлөө төлбөр төлж шийдвэрлэдэг байна. Ихэнхдээ унаач хүүхэд морины эзний өөрийнх нь охин юмуу, хүү байдаг байна” гэж дурдсан байна” гэжээ.
Харин дараагийн хэсэгт "Монгол Улсад хүүхэд уралдааны мориноос унаж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх эрх зүйн орчин, тогтолцоо одоогоор байхгүй. Уралдаан зохион байгуулагчид, хурдан морины эзэд, уяачид унаач хүүхдийн төлөө хариуцлага хүлээхгүй бөгөөд "хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан” гэх тайлбар өгдөг. Ядуу амьдралтай айлын хүүхдээр хурдан морь унуулсны хариуд юу өгөх нь морины эзний дур бөгөөд эцэг эхэд нь бага зэрэг мөнгө өгөх, гэрт нь идэж уух зүйл, хүүхдэд хичээлийн хэрэглэл, хувцас авч өгөх төдийхнөөр хэмжигддэг.
Уралдаанд морь унах хүүхдийн ажил уралдааны өдрүүдээр хязгаарлагдахгүй зуны 2-3 сар үргэлжилдэг. Монголын цаг агаар эрс тэс, ширүүн ба өдөр шөнийн агаарын температурын зөрүү хэт их байдаг. Ихэнх уралдаанууд жилийн хамгийн халуун сарууд болох 7, 8 дугаар сар, эсвэл хамгийн хүйтэн сарууд болох 1, 2 дугаар сард болдог. Уралдааны морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг "Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэг заалт хамгаалж байна.
Энэ заалт зөвхөн долдугаар сарын 11-13-нд болдог Үндэсний баяр, наадмын уралдаантай холбоотой заалт бөгөөд бусад цаг үед болж байгаа том, жижиг уралдаанууд дээрх зохицуулалтад хамаарахгүй байна” гээд дараах зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид "10-аас доош насны хүүхдээр уралдааны морь унуулахыг хориглох, өвөл цагийн уралдаанд хүүхдээр морь унуулахыг бүрэн хориглох, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх” хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.
Интернэт хайлтаар "унаач хүүхэд” гээд ороход л бишгүй олон жишээ баримт гарч ирнэ. Аймаг, сум, бүр улс дамнан хурдан морь худалдаж авахдаа гар татаж мэддэггүй, наадмын түрүүг үнэтэй жийп, хэдэн арван сая төгрөгөөр байлж, түүний төлөө тэмцэлддэг. Тэгсэн хэрнээ алгын чинээ хүүхдэд хамгаалалтын малгай, хувцас аваад өмсгөчих сэтгэл дутдаг хэмээн одоогоос хоёр жилийн өмнө бичиж, амаа чилтэл ярьсны эцэст өнгийн хантааз, малгай өмсгөх болсон.
Гэхдээ энэ бүхэн хангалтгүй гэдгийг өнгөрсөн жил болсон "Дүнжингаравын их хурд” харуулсан. Учир нь энэ наадмаар ч гэсэн хүүхдүүд унаж гэмтсэн гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Харин ч "Энэ хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан” гээд хариуцлагаас мултарч, нэр цэвэр үлдэхийг хичээгсэд олон бий. Ийм утгатай заалтыг ч Морин спорт уячдын холбооны уралдааны дүрэмдээ "хүүхэд сайн дураараа хурдан морь унана, хурдан морь унах хүүхдийн эцэг эхээс нь зөвшөөрөл авна. Унаач хүүхэд Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелүүлнэ” гэж оруулсан байдаг юм билээ. Уг нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид зааснаар тухайн иргэн ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирсон бол хохироосон тал нь эрүүл мэндийн бүх үйлчилгээ үзүүлэх заалт бий. Гэвч үүнийг унаач хүүхдэд төдийгүй бусад салбарт ч тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй нь үнэн.
Тиймээс хүүхдээр ингэж тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхээ болъё, ядаж есөөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулъя, хурдан морь унаж буй хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмгөе гэсэн шаардлагыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран холбогдох байгууллагад тавьсан. Бүр хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг ч батлуулсан байдаг. Стандартчиллын үндэсний зөвлөл "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" MNS 6264:2011 заавал мөрдөх стандартыг 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тогтоолд уг стандартыг 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан. Энэхүү стандартаар хурдан морь унаач хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч, гутал, эмээл, хазаар, ташуурт тавих шаардлагыг тогтоосон байдаг. Гэвч энэ бүхэн нэг хэсэгтээ шуугиж байгаад л тэгсхийгээд намжчихдаг. Тэр стандартыг мөрддөг, хянадаг газар, хүн ч байхгүй.
Өнгөрч буй 2015 онд Монгол орон даяар хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 116 морины уралдаан болно гэсэн тов гарч байсан. Энэ жил ч мөн тооны уралдаан болох нь лавтай. Залгуулаад дараа жилийн өдийг хүртэл дахиад л адгуусаа уралдуулж, амьтны үрсийг гэмтээж зугаацах нь тодорхой. Өнгөрсөн жил уралдааны тов оны эхэнд гарч эхлэхэд л 30 гаруй хүүхэд гэмтсэн гэх тоо баримт байна. Сүүлийн арваад жилийн хугацаанд өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас эрсдээгүй өнжсөн жил бараг байгаагүй.
Тиймээс 2015 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталсны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссоос өвлийн морин уралдааны товыг хойшлуулахыг хүссэн зөвлөмж хүргүүлж байсан. Зөвлөмжид өвөл, хавар цагийн уралдаанд хүүхдээр хурдан морь унуулах нь амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул учруулах эрсдэлтэй байдаг. Энэ цаг үед зам харгуй хөлдүү, цас мөс, шавар шавхайтай учраас хүүхэд мориноос унах эрсдэл өндөр бөгөөд хүйтний улирал учраас хүүхдүүд гар хөл, хацар, нүүрээ хөлдөөх явдал байнга гардаг.
Тиймээс Монгол Улсын төр НҮБ-ын өмнө хүүхдийн эрхийг хамгаалахаар хүлээсэн үүргээ биелүүлж хурдан морины бүсийн уралдааны товлосон хугацаагаа өөрчилж, зуны улиралд буюу зургадугаар сард зохион байгуулахыг хүссэн. Гэтэл хариуд нь тухайн үед Монгол Улсын Шадар сайд байсан У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй албан бичигт Засгийн газар хурдан морины бүсийн уралдааны товыг батлахдаа Монголын морин спорт уяачдын холбооны бэлтгэл ажлыг сайн хангасан гэж үзэж байсан.
Мөн цаашид хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах тал дээр ММСУХ-нд тавих шаардлага, хяналтаа өндөржүүлж, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Үндэсний баяр наадмын тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлтүүдийг хийж Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэж амлаж байсан ч ажлаа өгснөөр энэ амлалт нь үлгэр болсон. Гэтэл одоо Монголын морин спорт уяачдын холбоо хуралдаж, өвлийн уралдааныхаа товыг тогтоох гэж байна. Ер нь хэдэн хүүхдийн амиар наадаж байж Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын хуулиудаа баталж, хурдан морины хүүхдийн эрхийг хамгаалах гээд байгаа юм бол доо.
Засгийн газрын байгууллагууд "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгах талаар хэд хэдэн баримт бичиг гаргасан ч хэрэгжүүлэх эзэн, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, хянах дүгнэх бодлогогүй өнөөг хүрчээ. Бодлого, хөтөлбөр ёсоор "Хурдан морь унаач хүүхдэд учруулж болзошгүй аюул, эрсдэлтэй үйлдлийг судлан тогтоох, түүнийг "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалт”-д тусган хориглох ажлыг зохион байгуулах”-аар заасан боловч өнгөрсөн хугацаанд огт хэрэгжсэнгүй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-т "Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, амрах эрхтэй. Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадмын жагсаалтыг эрүүл мэндийн болон хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж хуульчилсан. Гэвч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд спортын яам, Хууль зүйн яамны мэдээллээс харвал унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом, наадмын жагсаалт батлагдаагүй байна.
Иймд өвөл, хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх зохицуулалтыг хуулиар бий болгох шаардлага байгаа гэдгийг нүдээрээ харж, чихээр сонсч байгаа хүмүүс дахиад хөдөлж эхэллээ. Энэ хуулийг баталснаар морин спорт, хурдан морины бооцоот уралдааны хүүхдэд үзүүлэх эрсдэл, сөрөг нөлөөг бууруулна хэмээн үзэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад багагүй хугацааг үдэж байна.
Хуулийн төсөлд хуульд өөрөөр заагаагүй бол жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэл хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхдээр морь унуулахыг хориглоно. Зун намрын улиралд болох хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд морь унаж уралдах тохиолдолд хүсэлт гаргагч этгээд тухайн хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түр асран хамгаалах гэрээ байгуулах журмыг Засгийн газар батлахаар тусган, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгажээ. Сайхан хэрэг, ямар ч байсан хуулийн төсөл боловсруулаад нэмэлт өөрчлөлт оруулахаар хичээж байна.
Хамгийн гол нь одоо эрхэм гишүүд өөрсдийнхөө зугаацах эрх ашгийг бодолгүйгээр батлаад өгөх нь л чухал байна. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй. Юмтай хүн юугаараа ч тоглосон болно. Харин хүний хүүхдээр, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож болохгүй. Моринд дургүй монгол хүн байхгүй ч үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насаар тоглож суудгаа больцгооё эрхмүүд ээ. Хүүхдийн нулимсанд хязгаар бий гэдгийг энэ дашрамд сануулчихъя.
Э.Туул
Сэтгэгдэл байхгүй байна.