Эрдэнэт хот Сүхбаатарын одон хүртсэн нь хэний гавьяа вэ?
Эрдэнэтчүүдийн хувьд тэмдэглэлт баярын өдөр болж байна. Учир нь Эрдэнэт хот өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнуулж байгаа юм. Тиймээс Эрдэнэтийнхэн өнөөдөр баяр соёлын байдлаар Сүхбаатарынхаа одонг "өлгийдөж" авч байна.
Гэвч сайны хажууд саар гэгчээр эрх баригчид тууз хайчилдаг зангаа тавилгүйгээр Эрдэнэтийнхэний баяр хөөрийг унтрааж байгаа сурагтай. Тодруулбал, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг төдийгөөс өдий хүртэл нь өсөн дэвшихэд ажиллаж хөдөлмөрлөж, нэгэн насаа зориулж ирсэн ахмадууд, гавьяатууддаа огтхон ч хүндэтгэл үзүүлж баярын тайзнаа ч уриагүй аж. Хүндэтгэл үзүүлэх нь байтугай хүний урманд баяр ч хүргээгүй нь Эрдэнэтийн иргэдэд огтхон ч таалагдаагүй ажээ.
Хачирхалтай нь баярын тайзыг Арчилсан намын гишүүд, дэмжигчдээр дүүргэхийн сацуу Эрдэнэтийн Ардчилсан нам Сүхбаатарын одонгоор шагнуулчихсан мэтээр аашилж байгаа аж.
Түүнчлэн Эрдэнэт хоттой гуч гаруй жил хамтарч ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Оросын талын консулыг урьж авчирчихаад бас хүндэтгэл үзүүлээгүй байна. Эртнээс сайн харилцаатай байсан Оросын талд ийнхүү хандах нь туйлын зохимжгүй. Ялангуяа Эрдэнэт хотыг төдийгөөс өдий хүртэл бий болгож, хөгжүүлж ирсэн чухал үүргийг Оросын талтаас огтхон ч салгаж ойлгож болохгүй. Тиймээс тэд хэзээнээс бидний чухал зочид байсаар ирсэн билээ. Үүнээс гадна нөгөө хоёр орны найрамдалт харилцаа хаачив, энэ үйлдэл нь хоёр орны хамтын ажиллагаанд ан зав суулгаж ч болзошгүй юм.
АН-ынханд ер нь найрамдалт харилцаа, улс орнуудын хамтын ажиллагаа гэдэг огтхон ч чухал биш бололтой. Саяхан Эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд нь хөршүүдээ суулгаж байгаад баруун солгойгүй муулж харагдсан. Өнөөдөр Эрдэнэтийн АН-ынхан Оросуудыг дорд үзлээ.
Ер нь эрх баригчид юм бүхэнд хүч түрж, баяр ёслолыг ч өөрсдөдөө тааруулж өдөр сударыг нь өөрчилж байна. Одоо сүүлдээ өнөөдрийг хүртэл ариун цагаан хөдөлмөрөөрөө эх орныхоо хамгийн чухал хэсгийг бүрдүүлж чадсан Эрдэнэт хотын иргэдийн баярт өдрийг өөрсдийн баяр мэт болгож, дураараа дургаж яваа нь хэр зөв бэ.
Г.Ган