Эмээд чадуулсан нь
Өглөөний 10 цагт гэрийн утас гэнэт хангинав. Мария Ивановна гуай нэхэж байсан юмаа түр хойш нь тавиад утсаа авлаа.
-Ач хүү тань зам тээврийн том осол гаргачихлаа. Тэр өөрөө буруутай хэмээн үл таних этгээд яаран мэдэгдэв. –Үнэтэй машин мөргөсөн. Хүн гэмтэж бэртсэн болохоор 3-5 жилийн ял авч магадхгүй. Ач хүүгээ шоронд суулгахгүй гэвэл их хэмжээний мөнгө төлөхөөс өөр аргагүй болж дээ.
-Хэд хэрэгтэй юм?
-2000!-хэмээн утасны цаанаас шийдмэг гэгч нь хариулах аж. –Мөнгөө бэлдээд байж бай. Удахгүй тан дээр манай хүн очно. Энэ тухай хэн ч хэлж болохгүй шүү. Тэгвэл ач хүү тань шоронд орно гэж мэдээрэй.
-Гэхдээ гэрт тийм их мөнгө байхгүй шүү дээ- хэмээн Мария Ивановна сандран хариулав. –Банк орохоос өөр аргагүй. Тэр банк нь хотын нөгөө захад байдаг.
-Гараад хүлээж бай. Байрны тань үүдэнд мөнгөлөг машин ирээд таныг хүргэж өгнө. Харин хэнд ч үг цухуйлгаж болохгүй гэдгийг сайн санаарай. Ач хүүгийнхээ сайн сайхны төлөө амаа хамхих хэрэгтэй шүү.
Хотын нөгөө захад банкны үүдэн ирж зогссоноо жолооч эр хуруугаа уруулдаа хүргээд эмээд амжилт хүсэв. Мария Ивановна ч түүнд бас ингэж хариу барив. Эмээ хагас цагийн дараа эргэж ирээд:
-Картныхаа пин кодыг мартчихжээ. Зуслан руугаа л явах хэрэгтэй. Тэнд дэвтэр дээр бичээд орхисон байна- гээд амьсгаадан хэлэв.
Хотоос 30 км-ийн зайд байрлах зуслангийнхаа байшингаас Мария Ивановна гуай хоёр тор төмс, нэг багц сонгино барьсаар гарч ирлээ.
-Ногоог маань ачаад аль. Тэгээд явъя- хэмээн эмээ залхсан жолоочид зандрангуй хэлэв. Харин өнөөх эр:
-Банк явна биз дээ- гэж асуухад
-Юу гэж дээ. Гэр рүүгээ явна. Ямар төмс бариад банк оролтой нь биш. Зам зуур супермаркетын үүдэнд түр зогсоорой. Сүү, талх авах хэрэгтэй байна.
Жолооч эр хөмсгөө атируулсан ч юу ч дуугарсангүй. Тэр тэсрэхэд яг бэлэн байсан ч Мария Ивановна гуай тун тайван байлаа.
-Зүгээр сууж байхаар эмээд тусална биз дээ- хэмээн эмээ машинаас буухдаа хэлэв. Луйварчин эр эмээгийн ногоо, сүү, талхыг барьсаар тавдугаар давхар өөд өгслөө. Гэтэл тавдугаар давхарт түүнийг цагдаагийн ажилтнууд хүлээж байв. Сандарсан луйварчин:
-Ач хүүгээ одоо яах гэж байна даа?- хэмээтэл:
-Надад ямар ч ач хүү байхгүй. Тэгээд ч өнөөдөр хүн гэмтэж бэртсэн зам тээврийн осол нэг ч гараагүй гэсэн. Би чамайг чадсан юм.
-Тэгээд яах гэж банк орсон юм бэ?
-Утас, байрныхаа мөнгийг төлөх гэж.
-Харин зуслан руу яах гэж явсан юм бэ?
-Төмс, сонгино гэртээ авчрах гэж. Би муур тэвэрсэн гэнэн эмээ биш, тэтгэвэртээ гарсан цагдаагийн ахмад хүн шүү.