"Эрүүл төсөв" бол эдийн засгаа эрүүлжүүлэх хамгийн том гарц
Монгол Улс эдийн засгийн хямралыг 2012 оноос хойш салбар бүртээ эрчимтэй мэдэрч байна. Өөрөөр хэлбэл, хямрал гэдгийг 2012 оноос хойш иргэд мэдэрч, нөхцөл байдал хэцүүхэн байгааг дор бүрнээ ярилцаж эдийн засаг хэзээ бүрэн сэргэхийг хүлээж сууна. Уул уурхайн гаралтай түүхий эдээс ерөнхийдөө хамааралтай манай улс 2008 оноос эхэлсэн суперцикл ердөө хэдхэн жил үргэлжлэв. Өнгөрсөн дөрвөн жилд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг элгээрээ хэвтэж эдийн засгийн өсөлтийн тоон индекс золтой л хасах руу орчихсонгүй. Ингээд дөрвөн жилийн турш өр зээлээр өдөр хоногийг өнгөрөөж байсан Монголын эдийн засгийн талаарх хөдлөшгүй үнэн тоо баримтыг хэн ч өгүүлж чадахгүй байсан юм.
Харин МАН-ынхан олонхи болж засгийн эрхийг гартаа авсан даруйдаа гашуун үнэнийг өгүүлж нөхцөл байдал ямар байгааг илчилж, үнэн бодитой тоо баримтуудыг нийтэд зарлан хүлээж авсан эдийн засгаа ил болгов. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн мэдэгдэл АН-ынханы хувьд ихээхэн хүнд туссан. Сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга нь хүртэл яарч сандран мэдэгдэл хийж, мэдээлэл тараав. Сангийн сайд өнөөдөр байгаа нөхцөл байдлыг л ярьсан. Илүү зүйл нэг ч хэлээгүй, дутуу зүйл ч байгаагүй байх. Түүний мэдээлж буйгаар Монгол Улс дефолт буюу дампууралд ороход тун ойрхон байна. Ирэх сард төрийн байгууллагууд цалингаа тавьж чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсчээ. Түүгээр ч барахгүй банкны систем тэр чигтээ дампуурлын ирмэгт тулсан гэдгийг онцлов. Сайд асан М.Энхсайхан өмнө нь энэ талаар өгүүлж байсан. Тэрбээр "Монголд банк бүрэн утгаараа дампуурч байгаагүй. Одоо харин дампуурах нөхцөл байдал үүсчихлээ" хэмээн олонтаа ярьж байв. Гэвч тухайн үеийн эрх баригчид уг асуудлыг тоолгүй өнгөрөөсөн. Банкны системээ аварч үлдэхийн тулд гаднаас урт хугацааны хүү багатай зээл авч "цус сэлбэлт" хийхээс өөр ямар ч гарцгүй.
Ингээд тартагтаа тулсан эдийн засгийг аварч үлдэхээр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар ажиллаж эхэллээ. Өчигдөр Ерөнхий сайд мэдээлэл хийж эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг давах туулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахаа мэдэгдэв. Тэрбээр нэн түрүүнд төрийн албаны тэвчих ёстой бүхий л зардал хөрөнгийг тэвчиж бүсээ чангална гэв. Мөн төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг бууруулна гэдгээ ч зарлав. Үүнээс гадна хавтгайруулсан халамжаас татгалзаж зөвхөн зорилтод бүлэгтээ л хүүхдийн мөнгө болон бусад халамжийн мөнгийг өгөх юм байна. Ингээд шинэ Засгийн газрыг хэрхэн ажиллахыг ирэх сард багтан өргөн баригдах төсвийн тодотголоос харах л үлдлээ. Үнэхээр хэтэрхий "тансаг төсөв"-ийг халж, төрийн албаны үр ашиггүй зардлыг тэвчиж, иргэдээ ажлын байртай байлгах бодлогыг тусгаж чадсан тодотгол оруулж ирж чадвал гараагаа сайн эхэллээ гэж дүгнэж болох юм.
Ч.Ган
Сэтгэгдэл байхгүй байна.