Чөлөөтийнхөн хоорондоо нударга зөрүүлж, танхайрчээ
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэн зулын гол болно гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Ийн шалтгаан нь Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын зарим хүмүүсийг хуралд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Мөн нэр бүхий хоёр дасгалжуулагч өнгөрсөн зун Риогийн олимпийн наадмын үеэр Г.Мандахнаран тамирчнаа өмөөрч, хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тэрхүү үйлдлээс үүдэж, хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасаж, Монголын чөлөөт бөхийн холбооны ямар ч үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг сануулжээ.
Түүнчлэн холбооныхоо хууль бус үйлдлийг гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр уудлан ярьж байв. Тэрбээр "1961 онд байгуулагдсан, олон жилийн түүхтэй Монголын чөлөөт бөхийн холбоог тус Төрийн бус байгууллагыг удирдаж байсан Л.Чинбат, одоогийн ерөнхийлөгч Д.Дагвадорж болон Д.Сумъяабазар нарын хүмүүс үүсгэн байгуулагч хэмээн өөрсдийгөө нэрлэж, бичиг баримт бүрдүүлсэн. Д.Дагвадоржийг дөрвөн жилд нэг удаа болдог холбооны Их хурлаас сонгоогүй гэхчлэн олон будилаантай асуудал байгааг Захиргааны болон Иргэний шүүхэд шалгуулж байгаа" гэсэн юм.
Ямартай ч тус холбооныхон өнгөрсөн амралтын өдөр хуралдаж шинэ ерөнхийлөгчийн асуудлаа хэлэлцэх ёстой байсан ч ерөнхийлөгч Д.Дагвадорж хуралд ирээгүй учраас холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах Ажлын хэсгийг байгуулахаар болж, өргөтгөсөн хуралдаанаа энэ долоо хоногтоо багтаан хуралдуулахаар болсон юм.
Хурлын дараа тус холбооны байранд эмх замбараагүй байдал үүсэж нударга зөрүүлээд амжсаныг Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсны сайтдаа тавьсан байна. "Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагчид, БХЯ-ны харьяа "Алдар" спорт хорооны тамирчид тухайлбал Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй хүн өчигдөр Спортын төв ордонд байрлах Монголын чөлөөт бөхийн холбооны албан өрөө, холбооны эд хөрөнгө, иргэний эрх чөлөөнд халдлаа" гэсэн байна.
Цаашлаад "МЧБХ-ны хурлын мандат олголт 14:00 цагаас эхлэхээр товлогдсон байсан боловч дээрх хүмүүс хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авч, ширээ сандал, компьютер, принтер зэрэг эд зүйлсийг эвдлэн бусниуллаа. Тэр дундаа Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар согтуугаар МЧБХ-ны албан өрөөнд орж хурлын төлөөлөгчдийн бүртгэлийг урж танхайрсан.
Ийм нөхцөл байдлаас шалтгаалан холбооны хурлын төлөөлөгчдөд мандат олгох боломжгүй байдалд хүрээд байна" хэмээн цахим сайт дээрээ мэдээлжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл байхгүй байна.