Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татжээ

2

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ болон төрсөн дүү Н.Наранцэцэг нарын хилээр гарах эрхийг хориглоод буй. Мөн Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ талаар хэвлэлд ярихдаа "Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа” гэж байсан.

 Тэгвэл  Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман уг асуудалтай холбоотойгоор  дараах тодруулгыг өгсөн байна.

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгэ болон түүний төрсөн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байна. Эдгээр хүмүүсийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм бэ?

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.

Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.

МУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд "Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”-аар заасан.

Тиймээс энэ хэргийг улс төржүүлж, Н.Алтанхуягийн ойр тойрны хамааралтай хүмүүсийг зориудаар зохиомол хэрэгт холбогдуулан шалгаад байгаа мэтээр ярьж, бичиж байгаа нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Харин Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийг одоогоор холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Хэрэгт мөрдөн байцаалтын хийгдэж байгаа тул өөр  мэдээлэл нэмж өгөх боломжгүй байна.

Тэгвэл Х.Сэлэнгээ, Н.Наранцэцэг нарт хилийн хориг тавигдсан талаар тайлбар өгөөч.

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын дарга нарын 2015 оны хамтарсан тушаалаар батлагдсан "Хилийн хориг тавих, цуцлах журам” байдаг. Энэ журмаар мөрдөн байцаах байгууллага нь шаардлагатай тохиолдолд зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр үл нэвтрүүлэх талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагатай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар зохицуулсан. Дээрх асуудал нь энэ журмын хүрээнд шийдвэрлэгдсэн болно.

Н.Наранцэцэг, Ц.Насанбат нар нь Төрийн албанд ажиллаж байгаагүй байхад ямар учраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу "төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэсэн зүйл хэсгээр сэжигтнээр тооцох болсон юм бэ?

Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг журамлан сэжигтнээр тооцон шалгаж байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, МУ-ын Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тухайн гэмт хэрэгт хэрхэн, ямар байдлаар оролцсон байдлаас нь хамаарч "Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч” зэргээр тодорхой заагтайгаар тодорхойлж өгсөн байдаг.

Дээрх хүмүүсийг ямар үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм бэ?

Сэжигтэн Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуульд заасан "хүнд гэмт хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор” мөрдөн байцаах байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг, прокурор хуульд заасны дагуу харьяалах дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавьж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэзээ дуусах вэ? Хэргийн талаар цаашид мэдээлэл өгөх үү?

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтанд шалгагдаж байна, тиймээс энэ талаар урьдчилж хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой юм.” гэсэн мэдээллийг прокурор өгч байна.

За харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухайд улстөрийн сэдэлтэйгээр өөрөөр нь оролдож байгаа явдал хэмээн харж байгаагаа хэлж ярьж буй. Тэрбээр "Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа… Би эд нарт нэг юм хэлье. Та нар асуух юм байвал олон нийтийн өмнө суулгаж байгаад асуугаач. Та нар хулгай хийж байгаа юм шиг тэнд байгаа нэг эмэгтэйг шоронд хийгээд, тэнд байгаа нэг ээжийг шоронд хийчихээд гутаан доромжлоод байдаг байхгүй юу.” гэлээ. Мөн тэрбээр  "Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ.”хэмээн хэлж яриад байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл