Марк Зукерберг төрийн албанд ажиллах сонирхолтой байж магадгүйг илчилжээ

0
 

Марк Зукерберг төрийн албанд ажиллах сонирхолтой байж магадгүйг илчилжээ

 

 
Марк Зукерберг, Питер Тиел нар

Фэйсбүүк компанитай холбоотой шүүхийн материал дээр үндэслэн тус компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг төрийн албанд ажиллах сонирхолтой байж болзошгүйг саяхан Блүүмберг мэдээлжээ.

Маркийн ТУЗ-ийн гишүүдтэй харилцсан имэйлийн агуулгыг үзсэн гэрчүүд үүнийг баталж байна.

Ингэхдээ тэр Фэйсбүүкийн өөр нэг хөрөнгө оруулагч, ТУЗ-ийн гишүүн Питер Тиелийн дэмжлэгтэй үүнийгээ гүйцэлдүүлж болзошгүй байгаа аж. PayPal-ийг үндэслэгч Питер Тиел нь Дональд Трампыг сонгуулиар идэвхтэй дэмжиж, санхүүжүүлж байсан ба одоо Трампын шилжилтийн багт ажиллаж байгаа юм.

 

ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЗАМАА ЗАССАН ШИЙДВЭР

2016 оны эхээр Марк ТУЗ-өөсөө өөрийн ихэнх хувьцааг зарсан ч саналын эрхтэй үлдэж болох нөхцлийг зөвшөөрөхийг хүсэж байжээ. Өөрөөр хэлбэл компанийн хувиа зараад хоёр жил төрийн албанд ажилласан ч саналын эрхээ хэвээр хадгалах боломжийг хүссэн байна. ТУЗ уг асуудалд болгоомжтой хандаж байсан ч эцэстээ зөвшөөрчээ.

Гэтэл Фэйсбүүкийн хувьцаа эзэмшигчид энэхүү шийдвэрээс болж компанийг шүүхэд өгсөн бөгөөд шүүхээс Маркийн ТУЗ­-ийн гишүүдэд бичиж байсан имэйлийг хуулбарыг баримт болгон авсан нь сая задарсан аж.

 

ПИТЕР ТИЕЛИЙГ МАРК ҮРГЭЛЖ ХАМГААЛЖ ИРСЭН ТУХАЙ

Цуурхал, шар мэдээн дээр тулгуурлан ажилладаг Gawker мэдээллийн сайтыг өнгөрсөн хавар мэргэжлийн бөхийн тамирчин Халк Хоган шүүхдэж, $140 саяыг нэхэмжилсэн нь амжилттай болж Gawker сайт дампуурсан юм. Хоганы 2013 оны секс хийж буй дүрс бичлэгийг уг сайт тараасанд буруутгагдсан байна. Харин Хоганы шүүхдэх санхүүжилтийг Питер Тиел гаргасан нь сүүлд тодорхой болжээ. Учир нь Тиел энэхүү сайтад өширхөж явдаг бөгөөд 2007 онд түүнийг анх ижил хүйстэн гэдгийг нь зарлаж байсан гэнэ.

Үүний дараа хүмүүс Фэйсбүүкийн ТУЗ-өөс Тиелийг гаргахыг шаардаж эхэлжээ. Учир нь үг хэлэх эрх чөлөөг нухчин дардаг хүн Фэйсбүүкийн удирдлагад байж болохгүй гэж үзсэн байна. Гэтэл Тиелийг Марк Зукерберг хамгаалж, ТУЗ-ийн гишүүн хэвээр үлдээжээ.

Долдугаар сард Тиел Бүгд Найрамдах Намын их хурал дээр Дональд Трампыг дэмжиж илтгэл тавив. Фэйсбүүкийн зарим ажилтан Трампыг дэмжиж байгаа Тиелийг шүүмжилж, хэл ам гаргах болжээ. Гэвч Зукерберг хоёр дахь удаагаа Питер Тиелийг хамгаалж чадсан байна.

 

Ямар ч байсан бүр оны эхнээс Зукерберг компаниасаа түр хөндийрч, гэхдээ эрх мэдлээ алдалгүйгээр төрийн албанд хэсэг ажиллах сонирхлоо илэрхийлж байжээ. Трампын багийн чухал хүн болоод байгаа Питер Тиелийг тэр хоёр ч удаа илт өмгөөлж байсан нь сонирхол татаж байна.

Үүнээс өмнө Марк Зукерберг улс төрийг сонирхож байсан нь түүний ярианаас мэдэгдэж байв. Тухайлбал дэлхий нийтийг интернэт сүлжээнд бүрэн холбох явцыг түргэсгэх хүслээ удаа дараа ил гаргаж байсан. Үүний тулд харилцаа холбооны салбарын бодлогод нэлээд өөрчлөлт хийх шаардлага байгаа. Фэйсбүүкийг улам бүр тархаж хүчтэй болоход дэд бүтцийн буюу сүлжээ эзэмшигч оператор компаниудын саад бэрхшээл их бий. Марк Зукерберг бас Трампын багийн гол хүмүүсийн нэг Нью Жерси мужийн захирагч Крис Кристигийн хандивын арга хэмжээг зохион байгуулж байв.

Ямартай ч Питер Тиел Фэйсбүүкийн ТУЗ-өөс хоёр ч удаа хөөгдөх дээрээ тулаад байхад нь Марк Зукерберг аварсан тул түүнд өртэй. Харин одоо Тиел Трампын засаг захиргаанд чухал хүн болоод байгаа. Тэр Зукербергийг нэг өдөр Цагаан ордонд дуудахад гайхах зүйлгүй болжээ.

 

Эх сурвалж: Bloomberg, Business Insider

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.