Тост, Тосонбумбын хилийн заагийг тогтоох болсныг мэдэгдлээ

0

Тост, Тосонбумбын хилийн заагийг тогтоох болсныг мэдэгдлээ 

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоох ажлыг хойшлуулж байгаа талаар тус сумын иргэн Ж.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Б.Дэжид, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, "Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллагын тэргүүн С.Ганболд нар өнөөдөр "Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээллээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруу орчмын бүс нутаг дахь тусгай лизензүүдийг цуцлахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү шүүх хурал одоо тав дахь удаагаа хойшлогджээ.

Б.Дэжид: 

- Хайгуулын зургаан лицензээс болж хилийн зааг тогтоох ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Тост, Тосонбумбын нурууг 2015 оны арванхоёрдугаар сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргаж, байгалийн нөөц газарт авсан. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор гурван жилийн хугацаатай авсан байдаг. 

Үүний дараа Улсын их хурлаар 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 35 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн нөөц газрын ангилалд бүртгэсэн. Ингэхдээ хилийн заагийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн билээ. Гэвч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй байна. Бид нийт 889 мянган га талбайг хамгаалалтад оруулж, хилийн заагийг тогтоох хүсэлтийг өгсөн байгаа.

Үүнд Засгийн газрын зүгээс хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд албан бус мэдээллээр 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа гэсэн хариулт өгдөг. Ашигт малтмалын газарт өнгөрсөн дөрөвдүгээр сард эдгээр 10 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Энэ 10 тусгай зөвшөөрөл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд талбай дээрээ хайгуулын ажил хийгээгүй учраас Ашигт малтмалын газар хуулийн дагуу шалгаж, үйл ажиллагааг зогсоох ёстой. Гэтэл найман сарын хугацаа өнгөрч байхад шүүх хурал таван удаа хойшилж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар өдийг хүрлээ. Гэхдээ Ашигт малтмалын газраас хугацаа нь дууссан дөрвөн лизенцийн үйл ажиллагааг зогсоосон. Одоо зургаан компани үлдчихсэн бид шүүхэд хандаж байна гэлээ. Хамгийн сүүлийн шүүх хурал энэ сарын 8-нд болох үеэр зарим компаниуд нь Монголоос гарсан байх юм. Ийм сунжирсан асуудлыг цэцгцлэхийг дээрх иргэд хүссэн юм.

Ж.Батсайхан/МОНЦАМЭ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.