Тавантолгойн 49 хувь дээр “таанц гишгэх”ажиллагаа эхэллээ

0
-10-аад жил үүцэлсэн Тавантолгойн 49 хувь 485 сая доллараар дарагдах нь-

 

Хэдхэн хоногийн өмнө, өнгөрсөн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын "Шинхуа” группийнхэнтэй уулзав. Монголчууд ямар их баярлав аа.
 
Төрийн түшээд ч, жирийн иргэд ч "…Ээ ашгүй, Тавантолгой урагшлах нь, хөдлөх нь” гэж ирээд л хөөрцгөөсөн. Энэ төслийг хөдөлгөх ажил өнгөрсөн жилээс эхлээд нам гүм болж, сүүлдээ огт яригдахаа больсон. Дээрээс нь нүүрсний үнэ уналаа, хятадууд нүүрсний импортоо хязгаарлалаа гэх шил дарсан таагүй мэдээллийн дүнд Тавантолгойгоо сандайлаад л сууж байхаас өөр аргагүй гэсэн ойлголтыг бид нийтээрээ аваад байсан юм. Тэгж байтал ийн гэнэтийн уулзалтыг Ц.Дашдорж тэргүүтэй Засгийн газрын ажлын хэсэг эхлүүлж, олны сэтгэлийг сэргээж орхив.
 
Тийм ээ, хэлэлцээ ингэж дахин эхэлсэн. Эхлэх байтугай тун удахгүй гэрээг эцэслэхээр болсон байна. Гэхдээ энэ бол муу мэдээ. Шуудхан хэлэхэд, монголчууд нийтээрээ хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойг хятадуудад ердөө 400 сая ам.доллараар худалдах ажиллагаа эхэлсэн байна. Түүний эхлэл нь дээрх уулзалт ажээ.
 
Жаахан тодруулъя л даа. Уулзалтад уригдсан "Шинхуа” групп бол өмнө нь Тавантолгойн тендерт шалгарсан түншлэлийн гишүүн юм. Тэгэхээр Хятадын тал тус группийг түшиж Тавантолгойд оролцож байна гэсэн үг. Уулзалтын үеэр Ц.Дашдорж сайдын хэлснийг сайн анзаараарай. Яамных нь сайт хийгээд бүхий л хэвлэлүүд дээр байгаа. Тэрээр "…Засгийн газраас Тавантолгойн төслийн хэлэлцээг үргэлжлүүлэхдээ ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх бодлого барьж байна” гэсэн.
 
Хариуд нь "Шинхуа” группийн төлөөлөгч "…Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, "Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээг үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ. Энэ юу гэсэн үг вэ.
 
Ганц үгээр хэлэхэд, далд уулзалтуудаар бүх тохироогоо хийчихээд одоо гэрээгээ байгуулж, наймаагаа хийе гэж нийтэд зарлалаа гэсэн үг.
 
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Тавантолгойн тохироо ингэж хийгдсэн байна. 2011 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Монгол Улсын Засгийн газар Хятадын "Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тавантолгойн нүүрсийг барьцаалан авсан энэхүү 350 сая ам.долларыг МАН сонгуулийн амлалтаа биелүүлэхэд, санал авахад зарцуулсан хэмээн сөрөг хүчин, олон нийтийн зүгээс буруутгадаг. Энэ ч яахав. Үнэний хувь маш өндөр.
 
Ингээд 2012 оноос өрөө төлж, нүүрсээ тонн тутмыг нь гэрээнд зааснаар 70 ам.доллараар зөөгөөд эхэлсэн байдаг. Энэ хүртэлх хугацаанд гэрээнд үнийн өөрчлөлт  хийх зэргээр Тавантолгойн нүүрсийг тойрсон маргаан тасраагүй. Гэхдээ энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 350 сая ам.долларын өрийг 85 сая ам.доллар болтол төлж чадсан байна. Энэ эрчээрээ нүүрсээ зөөгөөд, төлөөд байвал 2017 оны хоёрдугаар сард "Чалко” компанийн өрнөөс бүрэн чөлөөлөгдөнө гэдгийг  албаныхан тооцоолжээ. Гэтэл эрх баригчид үүнийг хүлээлгүйгээр санаанд буумгүй шийдлийг гаргасан байна.
 
Тэр нь одоо шийдвэр болж гарна. Хятадын тал энэхүү үлдэгдэл 85 сая ам.долларын өрийг тэглээд, 400 сая ам.доллар өгөөд Тавантолгойн 49 хувийг авахаар болж байгаа юм байна. Дээрээс нь тэнд төмөр зам барина. Түүнийхээ 49 хувийг бас авна. Уг нь бидэнд төмөр замаа өөрсдөө тавьчих боломж бий. Яаж ийгээд өөрсдөө тавьчихвал үүнээс орох орлого нь улсын төсвийн 10-15 хувийг 300 жилийн турш даагаад явчих болол­цоотой гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
 
Үүнээс гадна маш ноцтой нэг зүйл бол Тавантолгойн 49 хувийг наймаалцах энэ ажиллагаа бол манай талд үндсэндээ ашиггүй. Сүүлийн үед гарч буй Хятад, Монголын харилцааны "таагүй” байдлын үр нөлөөгөөр манай Тавантолгойн үнэлгээ ингэтлээ дор орж буйг эх сурвалжууд хэлж байгаа юм. Шуудхан хэлэхэд, сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явдлуудад өөр дүгнэлт хийж болохоор байгаа юм. Бодит уу, эсвэл… гэж.
 
Түүнчлэн Таван­тол­гойн орд гэж юу би­лээ гэдгийг бид мар­тах учиргүй. Энэ чу­луун нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Цогт­цэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18км-т оршдог. Улаанбаатар хотоос 560 км-т буюу газар зүйн уртрагийн 105025I-105032I хойд өргөрөгийн 43035I-43039I солбилцолд далайн төвшнөөс дээш 1500-1830 м-ийн өндөрлөгт Их шанхайн массивийн төв Улааннуурын хөндийд байрладаг.
 
Ордын геологийн судалгааг эрэл үнэлгээний ажлаар ордын бүх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нүүрсний давхаргын хамгийн гүн хэсэгт 635 м хүртэл судалсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синколиналийн хойд жигүүр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 мкв талбайд 320-340м-ийн гүнтэй судалсан. Тавантолгойн нүүрсний ордын нүүрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9м зузаантай нүүрсний 16 давхаргаас бүрдэнэ. Энэхүү 16 давхаргаас ач холбогдол бүхий давхарга нь 0, III, IVабв ба IX абвг гэсэн давхарга юм.
 
Тавантолгойн коксж­дог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэм­жээгээр эхний 10-т багтдаг. Үүнээс IV дав­харгын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу юм.
 
Тус хэсгийн ашиглал­тын уул-геологийн нөхцөл энгийн, нүүрсний давхарга нь бага гүнд тогтсон, унал бага учир хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага.
 
Тавантолгойн орд нь дэд бүтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Үүнээс IV хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтой. Энэ бол Таван­толгойн ордын ерөн­хий танилцуулга. Гэвч эндээс ямархан хэм­жээний баялаг вэ гэдгийг тодорхой уншиж болно.
 
Гэтэл хятадууд өнөөдөр энэ наймааг хийхдээ хэд хэдэн тулган шаардалтыг хийсэн байгаа юм. Жишээ нь "Чалко”-ийн өрийг төлөх талаар "…Танай урьдчилсан тооцоогоор 2016 оны сүүлч гэхэд "Чалко”-д төлөх өр 80 сая ам.долларт хүрнэ. Хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд "Чалко”-гийн үнийн индекс 60 ам.доллар болно.
 
"Эрдэнэс Тавантолгой” сар бүр 300 мянган тонн нүүрс "Чалко”-д нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор нэг сая тонн нүүрс нийлүүлсэн байх ба өр төлбөр 60 сая ам.доллараар буурна, 500 мянган тонныг 60 ам.доллараар нийлүүлнэ гэж бодоход, сар бүр "Эрдэнэс Тавантолгой”-д ойролцоогоор 15 сая ам.долларын (TTJV нэхэмжлэхийг хасаж тооцсоны дараа) өглөгтэй болно. 2017 оны эхний улирлын эхний хоёр сард TTJV нь "Эрдэнэс Тавантолгой”-д 30 сая ам.доллар төлөх ба үүнийг Чалкогийн үлдэгдэл 20 сая ам.долларын өрийг төлөхөд ашиглаж болно.
 
Хэрэв бидний ажил амжилттай болбол, "Эрдэнэс Тавантолгой”-н "Чалко”-д төлөх өрийг 2017 оны эхний улирлын сүүлчээр тэглэх боломжтой. Нүүрсний үнийн индекс дор хаяж 50 ам.доллар байна гэж тооцвол II улирлаас 2017 оны эцэс хүртэл "Эрдэнэс Тавантолгой” сар бүр 25 сая ам.доллар (50 ам.доллар х 800 мянга) -15 сая ам.доллар (TTJV зардлууд)], 2017 онд нийт 225 сая ам.долларын орлого олно. Энэхүү орлогын түвшинг сард 800 мянган тонн (ойролцоогоор жил бүр 10 сая тонн) олборлолтод үндэслэн гаргасан юм.
 
Хэрэв олборлолт 15 сая тоннд хүрвэл бүтээгдэхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа "Эрдэнэс Тавантолгой”-н орлого 300 сая ам.доллар хүрэхээр байна. Дээрх тооцоолол нь аливаа саад, сул зогсолтыг оруулалгүйгээр нэмэгдүүлсэн олборлол­тод (600.000-800.000) үндэслэн хийгдсэн. "Эрдэнэс Тавантолгой” болон TTJV-ийн үйл ажиллагаанд аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүн ихээр өөрчлөгдөж болох юм” гэх жишээтэй.
 
Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Өнөөдөр шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон хаа сайгүй баяр тэмдэглэсэн хүмүүс байна. Үргэлжлүүлээд он солигдох үеэр тав хоног амарна гэж байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян гуайн саяхны нэгэн нийтлэлд "…Архидалт, баяр наадмыг хэмжээ хязгааргүй нэмж, монголчуудыг мансууруулж байгаагийн цаана, хэний ямар бодлого явж байгааг та нар мэддэг үү. Энэ бол төр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа цөөн хэдэн хүн, Монголыг том гүрний колони, хараат болгох гэсэн бодлого л яваад байгаа юм” гэсэн мөрүүд байна. Айхтар үг.
 
Ийн Та биднийг олон хоног амраад ирэхэд Тавантолгойн 49 хувь дээр хэдийнэ "таанц гишгээд” дууссан байх вий.
 
Б.Дамдин-Очир

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.