Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл багассан

0

Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл багассан

 

"Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна. Хурлын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Дашдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо хэр байна вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулийн нэг амлалт нь төвлөрлийг сааруулж, орон нутагт санхүү төсвийн эрх мэдлийг шилжүүлэх, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийн бодлогыг хэрэгжүүлэх төрийн бодлогыг тодорхойлсон. Энэ дагуу Ерөнхийлөгчийн санаачилгаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2011 оны 12 дугаар сарын 23-нд батлагдсан. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, нэгэн шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь Орон нутгийн хөгжлийн сан. Энэ санд НӨАТ, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тодорхой хувийг төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, татварын идэвхи санаачилга зэрэг үзүүлэлтээр санхүүжилт олгодог. Бүх аймаг нийслэл, сум дүүрэг болгон өөрийн гэсэн бие даасан сантай болоод эх үүсвэр авдаг болсон.

 

Багцаагаар 3000 хүн амтай дундаж сум жилдээ 400-500 сая төгрөг авч ирсэн. Бодлогын үр дүнд хөдөө орон нутаг, сум дүүргийн нүүр царай өөрчлөгдөж, хүн амьдрах бололцоо нь нэмэгдсэн. 2006-2008 онд жилдээ 6000-9000 хүн Улаанбаатар хотод нүүдэллэж ирдэг байсан. 2013 оноос бодлого бодитой хэрэгжиж эхэлснээр 200-гаад тэрбум төгрөг хуваарилагдсан. 2014 онд 186 тэрбум төгрөг хуваарилагдсан. Сүүлийн жилүүдэд нийтдээ 500-гаад тэрбум төгрөг хуваарилагдсан. 2014-2015 оны статистик мэдээллийг харахад Улаанбаатар хотыг чиглэсэн нүүдэл багассан. Харин Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөнд орсон байна. 2014 онд хотоос орон нутаг руу  шилжиж байгаа иргэдийн тоо 1000  хүрчээ.  Сүхбаатар аймгийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд 7000-8000 орчмоор нэмэгдсэн нь мөн үүнтэй холбоотой.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд Төсвийн хуульд өөрчлөлт оруулах бодлого хэрэгжүүлснээс гадна  2012 онд төвлөрлийг сааруулах урт хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Монгол Улс анх удаагаа төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоогоор дамжуулан орон нутагт эрх мэдэл олгох төрийн бодлоготой болоод хэрэгжээд явж байна.

 

-Орон нутгийн сангийн буурч байгаа орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа. Төсвийн ордлого нэлээд багассан. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр буурсан. 2017 оны батлагдсан төсөвт Орон нутгийн хөгжлийн сан руу ордог зарим бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг бууруулсан.

 

Орон нутгийн хөгжлийн сан маань орон нутагт хөрөнгө оруулалт хийх бүтээн байгуулалтын арга хэмжээ болохоос гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлдэг. Орон нутгийн иргэд тодорхой ажил хийж цалин хөлсөө нэмэгдүүлэх бололцоотой. Тийм учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх хатуу заалт оруулсан. Хуулийн төслийг Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа.

 

-Ирэх онд  Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх орлогыг хэдий хэмжээтэй төсөвлөсөн бол?

 

-Ирэх онд Орон нутгийн хөгжлийн санд 70-аад тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа.  

Н.Энх

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.