"Тэтгэвэрт гарах үедээ нэг дор хуримтлалаа авах эсвэл хань ижил, хүүхдэдээ өвлүүлэх эрхтэй болно"

1

 Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн анхны хувилбар гарсан ажээ. Өнөөдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас энэхүү асуудлаар  хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Сайдын зөвлөх Т.Тэлмүүн "Хуулийн үзэл баримтлал бэлэн болж өнөөдөр Хууль зүйн яам болон Сангийн яамд хүргүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү хууль батлагдсанаар одоо нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хамтаар төлж буй 880,000 даатгуулагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хамрагдах боломжтой.

Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хууль гарснаар

  • олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээх,
  • даатгуулагчийн болон тэтгэвэр авагчийн эрх ашгийг хамгаалах,
  • тусгай зохицуулалттай хуулийн этгээд тогтмол хяналтын доор хувийн тэтгэврийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх,
  • даатгуулагч иргэн, түүний ажил олгогч,
  • төрийн оролцоо зэргийг тодорхой болгох,
  • төрөөс хувийн тэтгэврийн даатгалд хамрагдахыг татварын бодлогоор дэмжих,
  • тэтгэвэрт гарах эрх нээгдсэн үед насан туршдаа тэтгэвэр авах, 
  • нэг дор хуримтлалаа авах, хань ижил, үр хүүхдэдээ өвлүүлэх эрх үүсэх юм" гэв.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг хангах зорилгоор Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, МУИС, СЭЗИС-ийн эрдэмтэн профессорууд, судлаачид, Дэлхийн банкны зөвлөхүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллаж байна. Ажлын хэсэг 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан байна.

АХМАД НАСТНУУД ИРЭЭДҮЙД ОЛОН ЭХ ҮҮСВЭРЭЭС ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВРИЙН ОРЛОГОТОЙ БАЙХ ДАВУУ ТАЛТАЙУИХ-аас саяхан баталсан хуулиудаар нийгмийн даатгал шимтгэл болон тэтгэвэр тогтоох насыг үе шаттайгаар өсгөхөөр болсон. Хэдийгээр тухайн 2 хүчин зүйлийг өсгөснөөр тэтгэврийн сангийн алдагдлыг богино хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд барих ч урт хугацаандаа алдагдал өсөх магадлалтай.
Иймд хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуультай болсноор төрөөс хариуцах зардал болох тэтгэврийн сангийн алдагдлыг урт хугацаанд тогтвортой барих, нөгөө талаар ахмад настнууд ирээдүйд олон эх үүсвэрээс хангалттай хэмжээний тэтгэврийн орлоготой байх, тэтгэврийн санд төвлөрүүлсэн шимтгэл, түүний хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарч тэтгэврийн хуримтлал нь тогтдог байх зэрэг давуу талуудтай байна. 
Түүнчлэн, урт хугацааны тэтгэврийн сангууд үүссэнээр хөрөнгийн болон санхүүгийн зах зээл дээр урт хугацааны зээл, өрийн бичиг, бонд гарах боломж бүрдэнэ. Энэ нь одоогийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгаснаар бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн таатай нөхцөл бүрдэх, ажлын байр шинээр нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг буурах зэргээр нийгэм, эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх болно гэж үзэж буй юм.
 ДИЙЛЭНХ ОРНУУД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ САНХҮҮГИЙН БОЛОН ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖДЭГОлон улсын туршлагаас харахад улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн, тус тогтолцоо нь тэтгэврийн суурь болох эв санааны нэгдлийн тогтолцооны ачааллын хуваалцаж, иргэд тэтгэвэрт гараад амьжиргааны түвшингээ алдахгүй байх боломжийг олгож байна. Зарим улсын хувьд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь албан журмын буюу заавал даатгал байдаг бол зарим орнуудад сайн дурын болон нэмэлт байдлаар хэрэгждэг байна.
Дийлэнх орнууд улсын тэтгэврийн тогтолцооны зардал, ачааллыг бууруулах, хувийн хэвшилтэй хуваалцах, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжоор хангахын тулд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог санхүүгийн болон татварын бодлогоор дэмждэг байна.

Ялангуяа сайн дураар, нэмэлт байдлаар хувийн тэтгэврийн даатгалд хамрагдаж буй даатгуулагч, түүний төлөө шимтгэл төлж буй ажил олгогчийг татварын бодлогоор дэмжих нь тус тогтолцоо бүрэлдэхэд болон хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал нөлөөлдөг байна.   

                        Ikon.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Тэтгэврийн насыг нэмбэл ард түмэн босно.