АСЕМ-ЫН ҮЕЭР ОЛОН УЛСЫН ХАНДИВААС ХУВЬДАА ЗАВШСАН ЭЗЭД ХЭН БЭ
Өнгөрсөн зун сүр дуулиантай зохион байгуулсан АСЕМ-тэй холбоотой элдэв асуудал ар араасаа гарсаар байна.
Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар улсыг 200 гаруй тэрбум төгрөгийн өрөнд унагаасан энэ арга хэмжээний хариуцагч, хамсаатангууд нь хэн бэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм.
Тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийг од болгох АСЕМ Монголд зохиогдох үед түүний дор ажиллаж байсан хамсаатангуудыг нь холбогдох газруудаас эхнээс нь шалгахаар болсныг дуулгасан юм. Өөрөөр хэлбэл, АСЕМ нэрийдлээр нийт 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан нэрийн дор шамшигдуулж, хувьдаа идэж ууж завшсан байх магадлал өндөртэй юм. Зарим нь албан тушаал ахиж, Элчин сайдаар ажиллаж байна. Үнэндээ бол тэдний идэж уусан мөнгийг Монголын төр, ард түмэн төлнө.
Ингээд АСЕМ нэрээр олон улсын байгууллагаас хандив тусламжийг хувьдаа завшсан эзэд хэн бэ. Тэдэнтэй танилцана уу.
АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Олон Улсын "Койка” байгууллагаас нийт 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тусламжаар иржээ. Гэтэл "Койка” байгууллагаас хандивласан буцалтгүй тусламжийн нийт хөрөнгийн хэмжээ, үнийн дүн, хүлээн авсан эзэн тодорхойгүй байна.
Уг нь Гадаад харилцааны сайдын 2016 оны 02 дугаар сарын 29-ний А/17 дугаар тушаалаар БНСУ-ын "Койка” олон улсын байгууллагаас ирэх буцалтгүй тусламжийн хүлээн авах дараах 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулсан боловч уг ажлын хэсгийн хөрөнгө хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл ГХЯ-нд ямар ч мэдээлэл байхгүй байна. Ажлын хэсэгт дараах хүмүүс багтаж байжээ.
-Ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх /А.Баттөр/,
-Гадаад харилцааны яамны АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Д.Баясгалан,
- Хуульзүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар
-АСЕМ-ын БАА-ны ахлах мэргэжилтэн С.Амарсанаа,
-ТТХГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын тасгийн дарга хошууч Ж.Гантөмөр,
-ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэндбаяр,
-ИНЕГ-ын Нисэх буудлын удирдах газрын Орон нутгийн аэродром, инженерийн албаны дарга Г.Мөнхболд,
-ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Болорцэцэг
-Гааль, татварын ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын байцаагч О.Мөнхзул,
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр
-Монголын Зочид буудлуудын холбооны ажилтан Б.Содгэрэл
Иймд "Койка” байгууллагын тусламжтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.
О.Сайхан