Өмгөөлөгч Ц.Баасандорж: АТГ-ын комиссар, ахлахууд талийгаачийг өрөөнд байлган дарамталсан мэдээлэл байна

2

Өмгөөлөгч Ц.Баасандорж: АТГ-ын комиссар, ахлахууд талийгаачийг өрөөнд байлган дарамталсан мэдээлэл байна

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 23-нд Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч, өмгөөлөгч асан Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан.  Энэ хэргийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Ц.Баасандорж: "Энэ хэрэгт АТГ, ШШГЕГ албан тушаалаа урвуулан ашиглаж, хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар талийгаачийг хорьж амь насыг нь хохироосон үйл явдал болсон. Хуульд заасан хугацаа гэдэг нь эрүүгийн хуулийн 31.5.3-т зааснаар хойшлуулашгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэж зөвшөөрөл авна гэх заал бий. Гэтэл талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулашгүйгээр баривчилчихсан хэрнээ 24 цагийн дотор шүүхэд мэдэгдээгүй. Улмаар ойролцоогоор 48 цаг хорьсон. Хуулиар бол 24 цаг хориод суллах байсан. АТГ талийгаачийг яллагдагчаар татаад шүүх рүү хүргүүлэхэд ажлын цаг дууссан шалтгаанаар шүүх хүлээж аваагүй байгаа юм. Ажлын цаг дууссан шалтгаанаар хүлээж аваагүй тохиолдолд энэ хүнийг хувийн батлах аваад шууд суллах үүрэгтэй. Гэтэл цагдан хорих 461-р ангид хорьсон. Хууль бусаар хорьсноос 20 орчим цагийн дараа талийгаач амь насаа алдсан байдалтай олдсон. Тэгэхээр АТГ  хүнийг хорихдоо хуулинд зааснаас илүү хугацаагаар хорьсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хүнийг хорихдоо АТГ, Цагдаагийн байгаалалгад хориход хорих шийдвэрийг нь авч байж хорих ёстой. Гэтэл ямар ч шийдвэргүйгээр тэр хүнийг хорьсон байна.

Пүрэв гарагийн орой талийгаачийг хорьсон. Гэтэл өмгөөлөгчид нь баасан гарагийн өглөө уулзах гээд очиход АТГ энэ хүнийг хорих ангиас аваад явсан байсан. АТГ талийгаачийг өөрийн байран дээрээ авчраад бүтэн өдөржин ганцааранг нь нэг өрөөнд суулгасан байдаг. Энэ бол өөрөө эрүүдэн шүүлт. Талийгаач 68 настай эмэгтэй хүн. Түүнийг бүтэн өдөржин өрөөнд суулгасан. Тэнд юу болсныг мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр бол АТГ-ын өндөр албан тушаалтнууд, комиссарууд өрөөнд нь орж дарамталсан. Хүүхэдтэй нь холбоотойгоор дарамталсан ийм үйлдэл байна.

Өнөөдрийг хүртэл цагдаагийг байгууллага АТГ-аас талийгаач энэ өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан талаарх мэдээллийг авч чадаагүй байгаа. Хүний эрх уландаа гишгэгдэж АТГ гэж юунд ч дийлддэггүй байгууллага гараад ирчихсэн. Хүний амь насыг хохироочихоод уучлалт гуйхын оронд түүнийг авилгалын хэрэгт холбогдон баривчлагдсан гэсэн утгатай зүйл ярьж байна.

Монгол улсын  үндсэн хууль болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоогдоогүй байхад гэм буруугүйд тооцдог. Гэм буруутайд тооцохыг хориглодог. Хууль бусаар хорьсон энэ үйлдэлээ хаацайлахын тулд гэмт хэрэгт холбогдсон, амиа хорлосон мэтээр ташаа мэдээлэл тарааж байна.

Өнөөдөр АТГ болон ШШГЕГ-ын ажилтнууд юу ч болоогүй мэт ажлаа хийгээд явж байна.  Монгол улсын төрийн байгууллагууд нийлж байгаад хүний амь нас хохироосон. Үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Ар гэрийнх нь хэлж байгаагаар хэзээ ч амиа хорлох хүн биш гэж үзэж байгаа" гэлээ. 

Энэ мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулав. 

-АТГ талийгаачийг эрүүдэн байцаасан гэсэн. Ямар нотлох баримтаар ингэж ярьж байна вэ?

Хүнийг олон цагаар өрөөнд ганцааранг нь байлгана гэдэг бол эрүүдэн шүүж байгаагийн нэг хэлбэр. Нэгдүгээрт цагдаагийн байгууллагад АТГ тэр өрөөнд юу болсон тухай бичлэгийг өгөхгүй байгаа. Тиймээс хардаж байна. Хоёрдугаарт үндсэн хуулинд заасан эрхээр өмгөөлөгчтэйгөө уулзах эрх бий. Пүрэв гарагийн орой  00.40 цаг хүртэл байлгахад өмгөөлөгч нь  00.40 цаг хүртэл хүлээгээд уулзаж чадаагүй. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч нь ирээд бүтэн өдөржин хүлээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.8.1.3-т зааснаар сэжигтнийг өмгөөлөгчтэй нь уулзуулах боломж олгоно. Ар гэртэй нь уулзуулна гэж заасан байдаг. Гэтэл уулзуулаагүй.

-Хорих өрөөний камерийн бичлэгийг үзсэн үү?

Цагдаагийн байгууллагын ажилтнууд  хорих өрөөний камерийн бичлэгийг хурааж авсан байгаа.

  -Цаашид өмгөөлөгчдийн зүгээс яах бодолтой байна вэ?

Өмгөөлөгчдийн зүгээс албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй АТГ-ын ажилтнууд, хуулийн байгууллагын ажилтнуудад эрүү үүсгэн шалгах гомдлоо гаргасан. Бид амиа хорлосон гэдэгт итгэж байгаа. Бидэнд өгсөн мэдээллээр хоол цай ч өгөлгүй хорьсон асуудал байгаа.

-Гэрээслэлийн тухайд. Гэрээслэл байсан юм уу? Дотор нь ямар утга агуулга байсан юм бэ?

Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хамгийн илэрхий зүйл байгаа нь АТГ-г шалгадаг байгууллага Монголд байхгүй. Энэ байгууллага дур зоргоороо авирладаг. Хүссэн хүнээ баривчилдаг энэ байгууллага өнөөдөр нэг хүний аминд хүрлээ. Цагдаагийн даргыг АТГ шалгадаг шүү дээ. Тэгэхээр АТГ-ыг Цагдаагийн байгууллага шалгана гэдэгт эргэлзэж байна. Тиймээс хэргийн харьяаллыг өөрчлүүлэх асуудлыг  тавьж байгаа. Үүн дээр ажлын хэсэг гараад  шалгах асуудал ярьж байгаа.

Энэ хэрэгт дан ганц мөрдөгчийг хамааруулж туг тахиж болохгүй. Мөрдөгч даргынхаа тушаалаар ажилладаг. Хүний амь нас хохирсон хэрэг бол хамгийн том үндсэн эрх зөрчиж байгаа хэрэг. Тиймээс хариуцсан мөрдөгч, удирдлагууд нь уучлалт гуйж дээрээс нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой гэж үзэж байгаа.

-Талийгаачийн амь насыг хохироох ямар шалтаг шалтгаан байна гэж харж байна вэ? 

-Хэд хэдэн шалтгаан байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. АТГ ямар ч хуульгүй ажилладаг.

-Одоо АТГ-т хэнтэй уулзах гэж байна вэ?

-Холбогдох мөрдөгчтэй нь уулзана. Дарга удирдлагууд нь уучлал гуйх ёстой. 

 Х.Соёл

 

 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан хүн хуулиханд дарамтлуулахуу. Өмгөөлөгч хийж байхдаа гэмт хэрэгт орооцолдсон гэж уншсан яг энэ Баасандорж өмгөөлөгч шиг ажил хийж байхдаа. Тэгхээр энэ өмгөөлөгч нарт итгэх нь зөвүү

:

Нотлох ,баримтаар ,ярих ,ёстой байх. Таагаад байх юм. Жинхэн гол гогцоо ч юм ,бил үү.