С.Лавров, М.Помпео нар ямар асуудлыг хэлэлцэв
ОХУ-ын эрх баригчид АНУ-ын эрх баригчидтай харилцан хүндэтгэлийн үндсэн дээр харилцаагаа хэвийн болгох сонирхолтой байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Энэ тухай тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой хийсэн яриа хэлэлцээний дүнд болсон хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
"АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэмээн биднийг үндэслэлгүйгээр буруутгах зэргээр сүүлийн үед хоёр улсын харилцааны сувгууд хөрөөд байгаа юм. ОХУ, АНУ хоорондын хурцадмал байдал дэлхийн дахины нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх нь маргаангүй юм. Ийм учраас бид үүссэн нөхцөл байдлыг засаж залруулах бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Орос улс яриа хэлэлцээгээ хэвийн болгох сонирхолтой байна. Харилцан хүндэтгэл, ашиг сонирхлын үндсэн дээр харилцаагаа хэвийн болгох бүрэн боломжтой. Хоёр улс талуудын харилцааны сувгуудыг сэргээхийг чухал гэж үзэж байна” хэмээн С.Лавров ярьжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Оросыг буруутгах асуудлаар
АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийн тайлан бухимдлыг намжааж, АНУ болон ОХУ-ын эрх баригчид үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд тус болно гэж найдаж байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд илэрхийлсэн байна.
Орос улс 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх явдал нь бодитой биш болохыг С.Лавров онцлон тэмдэглэжээ.
"АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх ямар ч нотолгоо байхгүй. Сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг эцэс төгсгөлгүй хэлэлцэж болох хэдий ч бидэнд тодорхой баримтууд байхгүй учир энэ асуудлыг бодитой ярих боломжгүй юм” хэмээн тэрбээр хэлжээ.
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээний асуудлаар
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээг сунгах талаар АНУ-тай тохиролцох боломжтой гэж үзэж байгаагаа С.Лавров илэрхийлжээ.
"АНУ-ын эрх баригчид цөмийн зэвсэг тээх чадвартай шумбагч хөлөг онгоц, бөмбөгдөгч онгоцуудыг шинээр тоноглож байгаад ОХУ-ын эрх баригчид санаа зовниж байна” хэмээн С.Лавров мэдэгджээ.
"Стратегийн тогтвортой байдлын асуудалд бид онцгой анхаарал хандуулж, Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын тухай гэрээний эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг авч хэлэлцэж, Стратегийн довтолгооны зэвсэглэлийн тухай гэрээний төлөвийн талаар ярилцсан. Зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх яриа хэлэлцээгээ бид сэргээх сонирхолтой байна” хэмээн С.Лавров нэмж хэлсэн байна.
Олон улсын болон бүс нутгийн асуудлаар
С.Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хоёр улсын харилцаа хийгээд Венесуэл, Украин, Сири, Солонгосын хойг дахь нөхцөл байдал, Ираны цөмийн хэлэлцэрийн эргэн тойрны асуудлыг хэлэлцсэн тухайгаа мэдэгджээ.
"Олон улсад тулгамдсан асуудлууд болон бүс нутгийн асуудлуудаар тэр дундаа Венесуэл, Солонгосын хойг, Сири, Ойрхи Дорнод, Африк, Украин, Афганистан дахь нөхцөл байдлыг талаар бид санал бодлоо солилцсон. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний зүйл заалтуудын талаар санал бодлоо солилцсон.
Венесуэлийн эргэн тойрны асуудлыг хөндөх үеэрээ С.Лавров "Венесуэл улс ирэйдүйгээ өөрөө тодорхойлохыг Орос дэмжиж байна. Үүнтэй холбоотойгоор Монтевидеогийн механизмаар асуудлыг зохицуулахыг уриалж, бүх эх оронч хариуцлагатай улс төрийн хүчнүүд яриа хэлэлцээ хийж эхлэх нь чухал юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар ийм яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа” гэжээ.
Сири болон Иран
Сирийн асуудлаар ярихдаа бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 тоот тогтоолын зүйл заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай талаар хэлэлцсэн хэмээн С.Лавров ярьжээ. Тус зүйл заалтад Сирийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай тусгасан байдаг аж.
"Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар бид ярилцсан. Энэ асуудлаар бид урьдын адил өөр байр суурьтай байсан хэдий ч нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь ямар нэг тохиролцоонд хүргэнэ гэж найдаж байна” хэмээн С.Лавров мэдэгджээ.
Солонгосын хойг
Яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын хойг дахь нөхцөл байдалд анхаарлаа хандуулжээ.
"АНУ, БНАСАУ-ын эрх баригчдын яриа хэлэлцээг Орос улс дэмжиж байгаа. Эцсийн дүнд бид Зүүн Хойд Азид энх тайван, тогтвортой байдлын бат бөх механизм байгуулахыг зорих хэрэгтэй. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагийн хариуд зохих аюулгүй байдлын баталгаа олгоно гэж БНАСАУ-ын удирдлага найдаж байгаа” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд хэлжээ.
Украин
"Украин дахь нөхцөл байдалтай холбоотой асуудалд мөн л Минскийн хэлэлцээрийг сайшаасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын талаар яригдана. Украины шинэ удирдлага тус улсын дотоод хямралыг зохицуулж, Минскийн хэлэлцээрийн асуудлаарх байр сууриа тодорхойлно гэж найдаж байна" хэмээн С.Лавров хэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.