Л.Оюун-Эрдэнэ сайд аа, газрын төлөөх шударга ёсоо С.Амарсайханаас эхлүүл!!!
Манай сайт өнгөрсөн оны нэгдүгээр сард "С.Амарсайханд газрын төлөөх шударга ёсыг нэхэх эрх бий юу” гэсэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байсан. Бусдаас шударга ёсыг шаарддаг одоогийн хотын мээр С.Амарсайхан өнгөрсөн он жилүүдэд Нийслэлийн өнгөтэй өөдтэй А зэрэглэлийн газар болгоныг сорчлон авч өдгөө тансаг зэрэглэлийн өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлж Монголын толгой баячуудын эгнээнд зүй ёсоор бичигдэх болсон.
Сүүлийн үед шударга үнэний дүрд тоглох болсон хотын мээрийн хөгтэй үйлдлүүд дахин энэхүү нийтлэоийг бичихэд хүргэсэн юм. Тодруулбал,тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан "UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцалж төр нь юмаа мэдэж байна хэмээн сүрийг үзүүлж олон ч хүний эгдүүг хүргэв. Яг үнэндээ "UB constraction” компани Сүхийн талбайг гороолсон шиг одоогоос найман жилийн өмнө хоиын мээрийн хамаарал бүхий "Оюун Ундраа” компани нийслэлчүүдэд Зайсан толгойн өвөрт зугаалах зай үлдээгээгүйг бид мэднэ. Тиймээс л хотын мээрийн энэхүү үйлдэл түүнийг хамгийн сайн мэддэг хүмүүсийнх нь эгдүүг хүргэсэн юм. Тэрбээр олонд таалагдах гэж дээрх компанийн газрыг цуцаллаа хэмээн сүрийг үзүүлж байгаа ч эргээд тус компани шүүх дээр ялалт байгуулж газраа буцаан авна гэдгийг хотын мээр С.Амарсайхан хамгийн сайн мэдэх хүнийх нь нэг. Учир нь түүний хамаарал бүхий хэмээн нэрлэгддэг "Оюун Ундраа” компани олон ч удаа газрын асуудлаар шүүхэд дуудагддаг ч тэд заргаа авсаар өнөөдрийг хүрсэн учраас тэрбээр эцэст нь шүүх рүү бурууг чихэх мэргэн санаагаа олчихсон жуумалзанхан суугаа нь лавтай. Өөрөөр хэлбэл хэдхэн сарын дараа "UB constraction” компани газраа эргүүлэн авлаа гэх мэдээлэл гарах учраас ийн хэлсэн хэрэг.
Тэгвэл "Собт трейд” компанийг өөрсдөөсөө зайлуулж байсан хотын мээрийн хамаарал бүхий "Оюуны Ундраа” компани 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл дөрвөн удаагийн давтамжтайгаар "Собт трейд” компанийн газрын төлбөрийг Улаанбаатар хотын банкинд тушааж байсан банкны хуулга бидэнд байна. Энэхүү баримт хэвлэлийнхэний гарт байхад хотын мээр одоо "Собт трейд” бидэнд огт хамаагүй гэж мэлзэхгүй гэж л найдая.
Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Төрийн хамгаалттай нутагт эзэн суусан. Өнгөрсөн 27 жил төлөвлөлт муутай, замбараагүй явснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ахиад ийм маягаар явбал ундны уснаас авахуулаад нийслэл хүнд байдалд орно. Тиймээс шат дараалсан арга хэмээнүүдийг Монгол Улсын Засгийн газар авах үүрэгтэй” хэмээж байсан. Тэгвэл Л. Оюун-Эрдэнэ сайд аа, таны яриад байгаа шударга ёс Зайсанг зайдалж, нийслэлийн иргэдийн ундны усанд заналхийлсэн хотын мээрийн хамаарал бүхий "Оюуны Ундраа” компанийн халхавч болсон " Собт трейд” компани мэтийг төрийн тусгай хамгаалалттай газар нутгаас хөөж гаргаж байж шударга ёс чинь тогтох болов уу.
Үүгээр ч зогсохгүй т дурсгалт Зайсангийн амыг дураараа зайдагнаснаа цагаатгахын тулд нарийвчилсан тайлбар гаргаж, нийт олонд танилцуулах ёстой. Мөн тухайн үеийн эрх мэдэлтнүүд ямар шалгуураар энэ газрыг олгосноо ч тайлагнах шаардлагатай. Одоо түүний мэдэлд Зайсангийн хэдэн ам байгааг бид дараагийн дугаартаа баримттайгаар хүргэх болно. Хэдийгээр хууль дүрмийнхээ дагуу энэ газруудыг авч бүтээн байгуулалт хийсэн гэж ярьдаг ч яагаад өнөөдөр Дорж, Дулмаа нар 00.7 га газраа ч авч чадахгүй байна вэ гэдэг нь бодит асуудал. Тиймээс л бид хотын мээрийг бусдаас газрын төлөөх шударга ёсыг нэхэх эрх бий юу хэмээн асуухад хүрсэн юм.
Эх сурвалж: Erennews.mn