М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил

1
 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд энэ хуулийг хэлэлцэх үеэр хуралдаанд суухгүй хэмээн гарч явсан. Тэгвэл УИХ-ын зарим гишүүд парламент дотор байгаа улс төрийн намууд дотроо ойлголцож байж хуулийн төслийг хэлэлцье гэсэн санал гаргаж байна

 

М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил

 


 

УИХ-ын гишүүн М.Энхболд "Ордон дотроо ойлголцлыг бий болгох нь зүйтэй шүү гэдэг саналыг би өмнө нь гаргасан. Энэ хугацаанд УИХ-ын дарга бас Ардчилсан намтай ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх дэгийн тухай хуулиар, Ерөнхийлөгчөөс санал авах асуудлаар яриа хэлэлцээр хийсэн байна. Зөв зүйтэй алхам хийжээ. 

Өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. 2008-2019 оны хооронд гурван парламент дамжин 7 удаагийн ажлын хэсэг байгуулагдаж, ҮХ-д нэмэлт оруулах асуудлыг хөндөж ярьж байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшлогдож байсан. Харин энэ удаагийн парламент хуулиа оруулж ирж, хэлэлцэх эсэхээ яриад, өндөрлөх шатандаа орж, олон нийтийн санал бодлыг авч дараа дараачийн санал бодлыг сонсох явц бүрдэж байх шиг байна. 

27 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өөрчлөлтүүд бий болсон. Хугацааны асуудал биш, нийгэмд бий болсон өөрчлөлтэй салшгүй холбож Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авах ёстой. Мөн 2016 онд МАН-ын УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тусгаж, ард түмэн дэмжсэн. Өнөөдрийн парламентийн 85,3 хувь нь нэг намаас бүрдэж энэ бүрэлдэхүүн бий болсон. Энэ парламентэд ард түмний өгсөн даалгавар шүү. 

1992 оны 429 депутатын 379 нь одоогийн МАН-ын гишүүд байсан. 2000 оны 7 өөрчлөлтийг хийсэн парламентийн 94,7 хувь нь нэг намын төлөөлөл байсан. Энэ утгаар нь аваад үзвэл нэмэлт өөрчлөлт хийх цаг хугацаа одоо мөн. 

Нөгөө талаар бид парламентийн засаглалыг өөрчлөх ийм л нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. Тэрнээс биш шинэ засаглалын тухай асуудал яригдаагүй. Ерөнхийлөгчийн засаглалын асуудал ярих гэж байгаа бол бид шинэ үндсэн хуулийг ярих ёстой. Ийм л нэгдмэл нэг ойлголттойгоор энэ хуулиа хэлэлцээд явах нь зөв шүү.

Дараа дараачийн хэлэлцүүлгүүд дээр анхаараасай гэх үүднээс дараах саналыг хэлье.

Нэгдүгээрт, УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх бол улсын төсвийг батлах асуудал. УИХ ард түмний өмнөөс сонгогдсон гишүүдээс бүрдэж, хариуцлага хүлээж байгаа байгууллага. Төсвийн эрхийг бүрэн засгийн газарт өгч байгаа нь зөв үү?

Хоёрдугаарт, Төрийн тогтолцоо нэгдмэл байна гэсэн зарчим бий. Гэтэл өнөөдөр орон нутгийн удирдлагыг сонгоно, томилно гэх асуудал түвшин түвшиндээ өөр болж байна. Ард түмнээс сонгосон засаг даргыг ИТХ нь огцруулна гэдэг нь хир нийцтэй вэ? Хэрэв огцорвол томилогдно гэж байна. Гэтэл нэг хэсэг нь хуулиараа ард түмнээс сонгогдсон, нэг хэсэг томилогдсон хоёр өөр засаглалтай хүмүүс гарч ирэх юм биш үү?

Гуравдугаарт, Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад татварын эрхийг олгожээ. Гэтэл татварыг зөвхөн хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа юм биш үү?

Дөрөвдүгээрт, Төрийн албаны тогтвортой, улс төрийн хараат бус байх зөв заалтууд орсон ч хяналт тавих нь хараат бус байна гэсэн заалт ойлгомжгүй байна. Хяналтыг хэн тавих нь эзэн биегүй байна. Тодорхой зааж өгье.

Тавдугаарт, Баялагийн хуваарилалтын талаар тэгш байх, шударга байх гэх мэт зөв заалтууд орсон байна. Гэхдээ иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлөхүйц заалтууд оруулж өгмөөр юм биш үү?" гэлээ. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

ордныхны үндсэн хууль юмуу