Ц.Нямдорж: Н.Номтойбаярын хэлсэн болгоноор бүтнэ гэж байхгүй
Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа билээ. Прокурорын байгууллагын энэхүү саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй.
Харин энэ долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах эсэхийг Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийн дагуу дэд хорооны хуралдааныг хойшлуулах боломж байгаа юу?
-Түүний саналыг хүлээж авсан, уншина. Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт шийднэ.
–Хурлыг Н.Номтойбаяр гишүүн нээлттэй явуулах санал гаргасан. Тэгэх боломжтой юу?
-Тийм боломж байхгүй. Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг илгээсэн. Цаана нь мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж зүйл бий. Тиймээс хурлыг хаалттай явуулах ёстой. Н.Номтойбаярын саналыг хорооныхоо гишүүдэд танилцуулна. Түүний хэлсэн болгоноор бүтнэ гэж байхгүй. Бүх шатны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.
-Н.Номтойбаяр гишүүнийг хэдэн хэрэгт холбогдуулж байгаа юм бол?
-Түүнийг прокурор нь ярих юм байлгүй дээ. Сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал, ордон дотор болсон асуудалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, мөн хэвлэлээр баахан юм ярьсан гэсэн л юмнууд байсан. Гурван асуудал л байна лээ.
–УИХ-ын тухай хуулиараа энэ асуудлыг 48 цагт багтаан шийдвэрлэх хуулийн заалттай. Энэ асуудал юунаас шалтгаалан сунжирсан бэ?
-Халдашгүй байдлын дэд хороо биш Их хурал 48 цагийн дотор шийдвэр гаргах ёстой гэсэн хуулийн заалттай юм. Прокурор тэр асуудлыг тавихдаа энэ Их хурлынх нь бүрэлдэхүүн байна уу үгүй юу гэдгийг анзаарч байж ярих ёстой. Прокурор нь прокурорын байгууллагыг төлөөлдөг, Их хурал нь их хурлын төлөөлдөг. Их хурлын удирдлагатай асуудлаа ярьж, Халдашгүй хорооны гишүүдийн ирц байна уу үгүй юу гэдгийг жаахан судалж байж тавих байсан юм болов уу гэж би бодож байгаа. Яагаад вэ гэхээр Д. Лүндээжанцанг байхгүй нь илэрхий байсаар атал асуудлыг тавьсан. Тав дах өдөр ажилд орсон, нэг дэх өдөр санал орж ирсэн. Ийм яаруу, адгасан юм болсон. Үүнээс болоод наад 48 цагийн асуудал гээч юм чинь үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл 48 цагийн асуудлаа харж байж Их хурлын удирдлагад энэ асуудлаа тавих ёстой байсан юм. Тэртээ тэргүй намаржин яригдсан асуудал тул тэр тооцоогоо хийх хэрэгтэй л байсан. Тэгэхээр жаахан туршлага дутсан юм болов уу л гэж бодсон
-УИХ-ын гишүүд казиногоор орж гарсан асуудал дээр ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү?
-Юу яриад байгаа юм бэ? Тэр казино энэ тэрийг ярихгүй. Ороод гардаг л газар шүү дээ.