“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал
Аялалд "хорхойссон” нэгэн гэж өөрийгөө тодорхойлохгүй. Учир нь аялал гэгчтэй амьдралынхаа хором бүрийг "уячихсан” хүмүүсийн хажууд бол төлөвлөхөөс хэтэрдэггүй төрлийн хүн болохоор тэр л дээ. Гэхдээ адал явдал, юм үзэж нүд тайлах хүсэл бол хүн бүрт байдаг хойно холын орныг зорих аялал маань хүлээлт дүүрэн.
Барагтай л бол төрсөн нутагтаа очих аль эсвэл хаа нэг ажлын томилолтын далимаар эх орныхоо нүд мэлтийлгэм гайхлуудыг үзэж чаддаг би энэ удаад хилийн дээс давах нь энэ. Яг хаашаа нисэх гээд байна вэ гэж үү. Энэхүү аялал нь БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Сөүл-Жонжү чиглэлийн таван өдрийн танилцах аялал юм.
Онгоц хөөрөх цагт өөрчлөлт орсноос өглөө "болзох” цагаасаа бид ялимгүй хойно цугларцгаав. Ийнхүү бүртгэлдээ орж, Улаанбаатар хотоос 10:30 цаг орчимд хөөрөв. Аялалын багт таван хүн багтсан бөгөөд биднийг БНСУ-ын Инчеон нисэх буудалд буух үед аялалын баг маань нэг гишүүнээр бүл нэмэв. Мөн бидний аялалд хөтөч хийх И Жин Ён залуу биднийг найрсагаар тосон авав. Энд цухас тэмдэглэхэд, аялалын багийн маань хамгийн сонирхолтой гишүүн бол дуучин С. Гантогоо. Тэрбээр аялалын туршид өөрийн дагагчиддаа хамгийн "амттай” гэмээр мөчүүдийг харуулж харагдана лээ.
Онгоц нисэх цагт хойшилсноос бидний төлөвлөгөөнд өөрчлөлт орж, шууд л буудалдаа очиж байрласны дараагаар оройн зоог барихаар болов. Сөүл хот дахь худалдаа, үйлчилгээний төвүүд нэг дор байрлах хамгийн том худалдааны гудамж болох Мёон дун. Гоо сайхан, хувцас бүтээгдэхүүний худалдаанаас гадна анзаарч харсан хамгийн гол зүйл нь энд гудамжны хоол үйлдвэрлэл нь ч алдартай. Тиймдээ ч Сөүл хотод ирсэн жуулчдын зорьж ирэх газруудын нэгд Мёон дун багтдаг аж. Оройн зоог барих газар луу алхах зуурт Мёон дун энгийн үед хүртэл олны хөлд дарагддаг болохыг харж болохоор.
Шөнийн Сөүлийг Намсанаас тольдох нь
Аялал эхлэхээс өмнө та хостой бол Сөүлд ирээд хамгийн түрүүнд зорих газрын жагсаалтад Намсан цамхгийн аялалыг багтаагаарай гэж зөвлөх байна. Учир нь аялалын тэмдэглэлийн маань эхний бүлгийн зурваст Сөүл дэх аялал маань ХАЙР мэдрүүлсэн МАРШРУТААР өнгөрсөн талаар өгүүлэх билээ.
"Энэ олон ГЭРЛҮҮД бид бүгд ажилласаар л байгаа юм шүү” гэдгийг бидэнд хэлж, урам нэмдэг юм хэмээх нь. Намсан цамхгийн дүүжин цахилгаан шатанд суувал ТЭРХҮҮ ГЭРЛҮҮДИЙГ хамгийн тодоор харж болно. Нэг байгууламж л гэхэд тэр чигтээ гэрэлт гудамж юм уу гэлтэй. Задгай талбайн суудалд суугаад тэнгэрийн одод басхүү шөнийн Сөүлийг харах, битүү моддоор хүрээлэгдсэн бүдэгхэн гэрэлтэй гудамжаар алхах нь ч өөрт тухтай санагдана.
Элэгдсэн ЦООЖ
Нэг тийм хайр мэдрүүлсэн орчин. Эргэн тойрон гэр бүлээрээ яваа аль эсвэл залуу хосууд их. Хамгийн сонирхолтой нь, Намсан цамхагт ирээд хайраа "цоожилчихсон” хүмүүс их юм билээ. Цоожилно гэдэг угтаа үүрд хамтдаа байхаа илэрхийлсэн явдал болов уу. Хэдэн арван жил болсон болов уу гэлтэй хуучирч, дээр нь бичсэн нэрс үл ялигхан мэдэгдэх шахуу халцарч муудсан цоожнууд ч энд байв. Цоожтой хэвээр.
Тиймдээ ч эл хэсэгт кино зураг авалт их хийгддэг болохыг уншигч та ч мэдэж буй байх. Үүд хэсэгт зарж байсан цоож ийм л учиртай байж л дээ. Гэхдээ утгагүй ч гэмээр олон асуултууд толгойд эргэлдээд үлдсэн. Элэгдсэн цоожны эзэд хаана яваа бол, дараа ирэхэд цоожоо олох болов уу гээд л.
Үзэж харах зүйлс ихтэй энэ нөхцөлд аялалын багийнхны маань төлөвлөсөн хугацаа ч нэлээн сунав. Сонирхуулахад, Намсан Сөүл цамхаг нь Солонгосын уламжлалт өнгө төрхийг хослуулан харуулж чадсан алсыг тольдон харах боломжтой цамхаг ба дотооддоо хамгийн анхны соёл урлаг, аялал жуулчлалын салбарын ирээдүйн төлөө баригдсан аж.
-Сөүлийн өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлэх Time capsule-
Дэлхийд танигдсан цамхгууд нь тухайн улс орон хотын билгэдэл болж өгдөгтэй адил өнгөрсөн 40 гаруй жилийн турш Солонгосын нэрийг гаргасан аялал жуулчлал ба Сөүл хотын бэлгэ тэмдэг болж иржээ. Намсан цамхгийн эгц урд талд байрлах Time capsule гэх энэ талбайд Сөүлд амьдарч байсан иргэдийн аж ахуйд хэрэглэж байсан 600 төрлийн зүйлсийг 15 метр гүнд булсан байдаг ба 400 жилийн дараа буюу 2394 онд задлахаар товлосон байдаг гэнэ. Миний ойлгож буйгаар өнгөрсөн, одоо, хойчийн аж ахуй, түүхийг хадгалахыг зорьсон бололтой.
Буудлын зүг. Намсан цамхгаар эхэлсэн аялал маань маргааш үргэлжилнэ. Бодоход л хүлээж тэсэхгүй нь.
Өчигдрийн хөл ихтэй Мёон дун өглөө чимээ анир алдуурсан байх аж. Харин ажлаа эхлүүлэхээр бэлдэж буй худалдаачдын зураглал л тод. Өнөөдрийн аялал руу явах замдаа ер нь хотуудад л байдаг болов уу гэмээр нийтлэг зүйлсийг ажив. Гэрлэн дохион дуут чимээ, нийтийн тээвэр хүлээх хүмүүс, хаашаа ч юм түргэн гэгч нь алхлах хүмүүс гээд л. Завгүй амьдралын хэмнэл энд ч үргэлжилж байна.
Намсан цамхгийн аялал сонирхолтой байсныг ч хэлэх үү Сөүл хот дахь өнөөдрийн аялалын маршрутыг их л хүлээв. Coex худалдааны цогцолбор. Худалдааны цогцолбор гэдэг нэр нь үйл ажиллагааныхаа хувьд ч, орон зайн хувьд ч багадахаар орчин. Учир нь энд хурал цуглааны танхим, номын сан, аквариум, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл гээд байхгүй зүйл үгүй.
Үүд хэсгээр оронгуут жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг байрлуулсан танхим байх агаад тус газарт олон улсын хурал хэмжээний хурал цуглаан их зохион байгуулагддаг, жуулчдын хөл ихтэй газар тул жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцуулахаар бодлогын хүрээнд ийнхүү нээжээ. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг тухайн улс орны хувьд ач холбогдол өндөртэй болохыг үүнээс харж болно хэмээн хөтөч тодотгов.
Мөрөөдлөө дэлгэх орчил- "Star Field” номын сан
Энэ хэсэг номын хорхойтон нөхдийн маань сонирхлыг эрхгүй татна гэдэгт эргэлзэхгүй байна. Сөүл дэх хамгийн том номын сан энд байрлалтай. Монголчуудын хэлдгээр найман настайгаас 80 настай буурал ч энд номоор тархиа амрааж байгаа харагдана. Номын сан дангаараа 2800 м.кв талбайг хамарсан байх бөгөөд 23 мянган ном, 600 төрлийн сэтгүүл өрөөстэй. Дөрвөн хэл дээрх e book, амралтын өдөр байхгүйгээр өглөөнөөс орой хүртэл ажилладаг гээд онцлог ч их.
Хэн ч гайхалтай "ертөнц"-тэй танилцаж болно. Тийээ ч залуус Coex дотор байрлах "Star Field” номын санг мөрөөдлөө дэлгэх орчил хэмээн нэрийддэг байна. Номын санд ганцхан ном унших гэж ирдэггүй. Бодлоо тунгаах, хэн нэгнийг хүлээх зуураа ч ороод гарч болно. Гэхдээ хаа ч явсан хүний анхаарлыг сарниулах нь соёлд тооцогдохгүй. Тиймдээ энд үйлчлэх ганц журам нь "Бусдад саад болохгүй байх”.
Хүн юм хойно харьцуулах нь ойлгомжтой. Ном уншаад суухад хүртэл эргэн тойрон дахь орчны тохижилт, эмх замбараа чухал гэдгийг харж болохоор байв.
Сэлж чаддаг байх ШААРДЛАГАГҮЙ
Яг л далайн гүнд орчихсон мэт мэдрэмж. Эргэн тойронд гол ус, хүрхрээн чимээ эрхгүй тайвшрал төрүүлнэ. Аварга загаснуудыг өөдөөс ирэхийг хараад зогтусах айдас ч жинхэнэ мэт. Солонгостоо хамгийн томд тооцогдох усан парк болох Coex аквариумд зогсож буй минь энэ. Үүсгэн байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзсэн гэх эл усан парк гол мөрнөөс авахуулаад далай тэнгис чиглэлтэйгээр далайн амьтад байрлан оршдгоороо онцлог ба Амазоны ширэнгэн ойн загаснууд, аварга загас байдгаараа давуу талтай аж. Ингэхдээ 17 зүйлийн 110 төрлийн махчин загас, хамгийн том хэмжээтэй устах аюул бүхий нэн ховор төрлийн өвсөн тэжээлт далайн үхэр байдаг.
Далайн гүнээр аялах эл хэсэгт киноны зураг авалтууд их хийгддэг аж. Зун, өвлийн улиралд зорьж ирэх жуулчдын тоо ихэсдэг байна. Арга ч үгүй. Ирсэн хэн ч сүрдэхээр байгууламж бол Coex аквариум шиг санагдсанаа нуух юун.
Энд ажигласан хамгийн чухал зүйл нь аквариумаар аялах цаг хугацаагаа зөвхөн гэр бүлдээ л зориулж буй хүмүүс. Гар утас барьж, зураг сэлт авч авах хүн бараг л үгүй. Ихэнхдээ бага насны хүүхдүүдээ дагуулан яваа эцэг, эхчүүд их. Тэд хүүхэдтэйгээ далайн амьтдын талаар ярилцаж, тайлбарлаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлцгээхэд л анхаарч байгаа нь илт.
Ер нь бодохнээ, манайханд гэр бүлээрээ очиж хүүхдэдээ танин мэдэхүйн талаас нь үзүүлж харуулчихаар амьтны хүрээлэн байдаггүй л дээ. Ногоон байгууламж ч дутмаг. Тэр жил Хараагүйчүүдийн төвийн хажууханд байрлалтай жижигхэн хэр тохижилт сайтай амьтны хүрээлэнд очиж байснаа гэнэт л санав. Энэ мэт хөгжил дэвшингүй хотын хүрээлэнтэй харьцуулахад хэцүү л дээ. Гэхдээ л тухайн үед хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүдийн хөлд дарагдсан байхыг нүдээр үзэхдээ Монголд ийм байгууламж дутагдаж байгааг мэдрээд гарч билээ.
Хэдэн жилийн урьдаас хэлж ярьж, нарийвчлан төлөвлөөд ч төдийлөн биелэж өгдөггүй хүслийнхээ багаханыг өнөөдөр биелүүлэв. Тэмдэглэлээ эхлүүлэхийн өмнө хэлсэнчлэн Сөүл дэх аялал маань ХАЙР мэдрүүлсэн МАРШРУТААР өнгөрөв. Хосуудын хайраар хүрээлэгдсэн /цоож/ Намсан цамхаг ч, далайн гүнээр аялахаар зорин ирсэн гэр бүлүүд ч, зөвхөн номоор л ундаассан мэт номын санг зорин ирсэн хүн бүхэн аялалын маршрутыг маань та бүхэнд хүргэж байна.
Аялал маань дуусаагүй. Харин бид өөр нэгэн хотод очихоор замдаа гарах гэж байна. Эртхэн шиг гарахгүй бол горьгүй. Учир нь түгжрэл их байгаа талаар хөтөч хэлэв.
Солонгосын түгжрэлийг ТҮГЖРЭЛ гэж хэлэх эсэх харан байж л болъё хэмээн шооч зантай хүн маань "дотор" суучихаад ер гардаггүй. Сөүлээс хоёр цаг л яваад оччихоор газар. Нэрийг нь нууцлах нь зөв гэж бодлоо.
Зам түгжрэлтэй байгааг эс тооцвол бид төлөвлөсөн цагтаа л оччихоно. Шөнө очоод оройн хоолондоо ороод шууд л буудаллах байх. Харин миний дотор нэг л бодол эргэлдэнэ. Маргааш сэрүүлэг тавих уу. Аялалын эхний өдрөөсөө "хорхойссон” нэгэн маргаашийг л хүлээж ядаж буй минь тэр. Магадгүй маргаашийн аялал маань өөрт "сэрүүлэг” болчих байх даа...
Аялалыг гэрэл зураггүйгээр яаж төсөөлж болох билээ. Уншигч танд нийтлэлд буугаагүй бүхэн дараах зургаар мэдрэгдэх болов уу.
Тайлбар: Coex аквариум
Тайлбар: "Star Field” номын сан
Тайлбар: Намсан цамхагийн эргэн тойронд
Сэтгэгдэл байхгүй байна.